Цөөн мөрөөр — 06 July 2019

“Буянт-Ухаа” 972 орон сууцны 30 хувийг худалдан борлуулахгүйгээр энгийн журмаар түрээслэх, 30 хувийг түрээслэх замаар өмчлүүлэх, 40 хувийг гэр хорооллын дахин төлөвлөлтөд ашиглахаар болсон. Тэгвэл эдгээр орно сууцыг хэнд, хэрхэн түрээслэх талаарх журмыг НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар батлав. Журмаас шаардлагатай мэдээллийг хүргэе. Дашрамд дурдахад, журмыг Хууль зүй дотоод хэргийн яаманд хүргүүлж, эцэслэн батална.

Түрээсийн орон сууцанд хэн хамрагдах вэ?

Журамд тусгаснаар түрээсийн орон сууцанд залуу гэр бүл, ахмад настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэн, гачигдалтай иргэн, төрийн албан хаагч, хувийн хэвшилд ажиллагсад, өрх толгойлсон эцэг, эх, 4 ба түүнээс дээш хүүхэдтэй өрхүүдийг хамруулах аж. Ингэхдээ түрээсийн орон сууцны нэг ам.метрийн үнийг сарын 6000 төгрөгөөр тооцож, гурав хүртэлх жилээр түрээслүүлэхээр тусгасан байна. Тэгвэл түрээслээд өмчлөх иргэдийн хувьд нийт тав хүртэлх жилийн хугацаанд түрээслээд өмчлөх боломжтойгоор тусгажээ.

Залуу гэр бүл буюу гэрлэлтээ батлуулсан 35 хүртэлх насны эхнэр, нөхөр- 20%

Төрийн албан хаагч- 25 %

Хувийн байгууллагад ажиллагч болон хувиараа хөдөлмөр эрхлэгч-20%
18 насны дөрөв ба түүнээс дээш хүүхэдтэй гэр бүл- 5%
Өрх толгойлсон эцэг, эх- 5%
Өндөр насны тэтгэвэр тогтоолгосон ахмад настан- 15%
Хөгжлийн бэрхшээлтэй иргэн, түүнийг халамжилдаг гэр бүл- 5%
Гамшигт, аюулт үзэгдлийн улмаас орон гэргүй болсон иргэн- 5%

Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд олгох түрээсийн орон сууцуудыг дараах байдлаар хуваарилна.

Харааны бэрхшээлтэй-1%
Сонсгол, хэл ярианы бэрхшээлтэй-1%
Хөдлөх, тулах эрхтний бэрхшээлтэй-1%
Оюун сэтгэцийн бэрхшээлтэй-1%
Бусад-1%

Түрээсийн орон сууцанд яаж хамрагдах вэ?

Иргэдийн зүгээс түрээсийн орон сууцанд хамрагдах хүсэлтээ Нийслэлийн орон сууцны корпораци ХК-ийн цахим мэдээллийн санд хүсэлтийн хамт ирүүлэх бөгөөд үүндээ иргэний үнэмлэхийн хуулбар, гэр бүлийн гишүүний хамт ТҮЦ машины тодорхойлолт, орлого тодорхойлох баримт бичиг зэргийг хавсаргах юм. Орлого тодорхойлох баримтад нийгмийн даатгалын болон тэтгэвэр тэтгэмжийн дэвтэр, хувиараа хөдөлмөр эрхлэгчийн орлого нотлох баримт зэргийг оруулжээ. Мөн өөрийн өмчлөлийн инженерийн хангамжтай, эсвэл нийтийн зориулалттай орон сууцгүй болохыг тодорхойлсон эд хөрөнгийн эрхийн улсын бүртгэлийн лавлагаа, залуу гэр бол гэрлэлтийн лавлагаа, ахмад настан бол тэтгэврийн дэвтрийн хуулбар, гачигдалтай иргэн бол гамшгаас хамгаалах төрийн захиргааны байгууллагын дүгнэлт, акт, тухайн дүүргийн тодорхойлолт зэргийг мөн бүрдүүлэх ёстой юм байна. Хөгжлийн бэрхшээлтэй иргэний тухайд халамжийн дэвтэр, хөдөлмөрийн чадвар алдалтын хувь хэмжээг тогтоосон акт бүрдүүлэх бол өрх толгойлсон эцэг, эхийн тухайд өрх толгойлсон болохыг нотлох баримт бүрдүүлэхээр тусгажээ. Тэгвэл 18 хүртэлх насны 4 ба түүнээс дээш насны хүүхэдтэй гэр бүлийн тухайд хүүхдүүдийн гэрчилгээ холбогдох баримт бичгийг бүрдүүлэхээр журамд тусгасан аж.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.