УИХ-ЫН ХАВРЫН ЧУУЛГАН ӨНӨӨДӨР 12 ЦАГТ ЦАХИМААР НЭЭЛТЭЭ ХИЙНЭ
Түгээх

Улсын онцгой комисс болон Дэлхийн эрүүл мэндийн байгууллагаас өгч буй зөвлөмжийн хүрээнд үйл ажиллагаандаа зохицуулалт хийж өнөөдөр /2020.04.06/ 12.00 цагт УИХ-ын хаврын чуулганы нээлтийг чуулганы нэгдсэн хуралдааны танхим болон Байнгын хорооны хуралдааны дөрвөн танхим, нийт таван танхимд цахимаар явуулна. Нээлтийн дараа УИХ дахь намуудын бүлэг, зөвлөл, Байнгын хорооны үйл ажиллагаа дэгийн дагуу явагдана. Цахимаар хуралдахтай холбоотойгоор УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн өргөн мэдүүлсэн УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хамгийн түрүүнд хэлэлцэж эхэлнэ. Энэ дэгийг хэлэлцсэнээр чуулганы хуралдааныг цахим хэлбэрээр явуулах эрх зүйн орчин бүрдэх юм. Үүний дараа Байнгын хороо, чуулганы нэгдсэн хуралдааныг цахимаар хуралдуулах дэгийн дагуу зохион байгуулж явуулах юм.

Отгон чуулганаар хэлэлцэх бас нэг чухал асуудал нь Засгийн газраас өргөн мэдүүлсэн коронавирусийн халдвар /СОVID-19/-ын цар тахлын үед иргэдийн эрүүл мэнд, орлогыг хамгаалах, ажлын байрыг хадгалах, эдийн засгийг идэвхжүүлэх багц арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг батална. Тодруулбал, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас хөнгөлөх, чөлөөлөх тухай, Татварын алданги, торгуулиас чөлөөлөх тухай, Хувь хүний орлогын албан татвараас чөлөөлөх тухай, Гаалийн албан татвараас чөлөөлөх тухай, Нэмэгдсэн өртгийн албан татвараас чөлөөлөх тухай, Нийгмийн даатгалын шимтгэлээс чөлөөлөх, ажилгүйдлийн даатгалын сангаас дэмжлэг үзүүлэх тухай, Нийгмийн даатгалын шимтгэл төлөгчийг торгох шийтгэл, алдангиас чөлөөлөх тухай, Олон Улсын гэрээний тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслүүдийг нэн яаралтай горимоор хэлэлцэн батална.

ЧУУЛГАНЫ НЭГДСЭН ХУРАЛДААН:

Дөрөвдүгээр сарын 06-ны буюу өнөөдөр 12.00 цагаас: Монгол Улсын Их Хурлын 2020 оны хаврын ээлжит чуулганы нээлт болно.

УЛСЫН ИХ ХУРАЛ ДАХЬ НАМЫН БҮЛЭГ, ЗӨВЛӨЛИЙН ХУРАЛДААН: Дөрөвдүгээр сарын 06-ны Даваа

Улсын Их Хурал дахь Монгол Ардын намын бүлгийн хуралдаан “Төрийн ордны их” танхимд;

Улсын Их Хурал дахь Ардчилсан намын зөвлөлийн хуралдаан “Их Эзэн Чингис хаан” танхимд;

Улсын Их Хурал дахь Шударга Иргэдийн Нэгдсэн Эвсэл намын зөвлөлийн хуралдаан “В” танхимд тус тус болно


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.