НИЙГЭМ ШИНЭ МЭДЭЭ — 07 April 2020
Монголын даатгалын компаниудаар аяллын болон эрүүл мэндийн даатгал хийлгээд Их Британи, Ирландад саатсан иргэдийн анхааралд
Түгээх

Гадаад улс орнуудад богино хугацаагаар зорчиж байгаад коронавирус халдварын тархалтаас шалтгаалан хилийн чанадад саатсан монгол иргэдийн аяллын болон эрүүл мэндийн даатгалын асуудлаар Монгол дахь даатгалын компаниудаас ирүүлсэн мэдээллийг хүргүүлж байна. Та өөрт хамаарах аяллын болон эрүүл мэндийн даатгалын нөхцлөө нягтлан үзэж, шаардлагатай тохиолдолд Монгол дахь даатгалын компанитайгаа харилцахыг зөвлөж байна.

Мандал даатгал

Давагдашгүй хүчин зүйл /цар тахал/-ийн үед даатгал үйлчлэхгүй. Covid19 халдвар авсан тохиолдолд даатгалаас нөхөн төлбөр хийх боломжгүй. Эрүүл мэндийн даатгалыг сунгах боломжтой. Даатгуулагч даатгалын ажилтантай холбогдох шаардлагатай.

Монре даатгал

Нислэг хойшлогдсон тухай нислэгийн компаниас ирүүлсэн имэйл, мэдэгдэл болон бусад зардал гарсан баримтаа даатгалын компанид мэйлээр ирүүлж болно. 24 цагаас дээш нислэг хойшлогдсон тохиолдолд 180 ам.доллар хүртэлх нөхөн төлбөр авах боломжтой.

Хаан даатгал

Гадаад зорчигчдын гэнэтийн ослын даатгалын эрсдэлд тухайн улсад дэгдэлт үүсээгүй, хөл хорио тавигдаагүй байх үед зорчсон тохиолдолд COVID-19 өвчлөлтэй холбоотой эрсдэл орно. Харин дэгдэлт үүссэн, хөл хорио тавигдаж эхэлсэн нь мэдэгдсэн үед даатгуулагч үүнийг үл харгалзан тухайн улсад зорчсон бол даатгалын тохиолдлыг санаатайгаар бүрдүүлсэн хэмээн энэхүү өвчинтэй холбоотой зардалд нөхөн төлбөр олгохгүй. Одоо шинэ сунгагдах гэрээнд COVID-19-тэй холбоотой эрсдэл орох эсэх талаар ярилцаж байгаа ба хасалт хийх байх гэсэн мэдээлэл өгсөн. Даатгалын тохиолдол баталгаажуулалт, нотолгоо нь даатгалын тохиолдол үүсэх үед давхар даатгагч /Mapfre Assistencia/ мэдэгдэх эсвэл Хаан Даатгал ХХК-д мэдэгдэн бид цааш давхар даатгагч руу дамжуулан мэдэгддэг. Даатгуулагч эрүүл мэндийн шалтгаанаар хандаж буй бол хэвтэн эмчлүүлж буй эмнэлгийн мэдээлэл, эд хөрөнгийн шалтгаанаар хандаж буй тохиолдолд тохиолдол болсон хугацаа, байршил зэрэг анхан шатны баталгаажуулалтыг хийдэг. Даатгалын тохиолдол мэдэгдсэнээс хойших эмчилгээний зардал, төлбөрийн баримт, карт уншуулсан хуулга, албан газрын хүлээн зөвшөөрөгдөх бичиг болон гэрээнд заасан шаардлагатай материал зэрэг албан ёсны баримтуудаар баталгаажна. Нөхөн төлбөрийг олгохдоо Хаан Даатгал ХХК давхар даатгагчид нөхөн төлбөрийн материалыг илгээн, олгох зөвшөөрөл бүхий бичгийг авч бид шууд даатгуулагчид олгоно. Эргэн Давхар даатгагчид хураамжийг төлөхдөө олгосон нөхөн төлбөрийг хасч шилжүүлнэ.

Практикал даатгал

Манай компанийн Гадаадад зорчигчийн иж бүрэн даатгалын гэрээний Даатгалд хамрагдахгүй нөхцөл хэсгийн 1.3-д “Хүний хүчин зүйлээс үл хамаарсан, давагдашгүй хүчин зүйлийн нөлөөгөөр бий болох эрсдэлүүд. Үүнд: үер, газар хөдлөлт, хөрсний нуралт, галт уулын дэлбэрэлт, хүчит салхи, агаарын хөлөг болон агаараас унах биет зүйлс, агаар мандлын, цаг уурын, газар хөдлөлийн болон геологийн онцгой үзэгдэл гэх мэт…” гэж заасны дагуу Covid-19 цар тахлын үед даатгуулагчид нөхөн төлбөр олгогдох үндэслэлгүй юм. Учир Covid-19 цар тахал нь хүний хүчин зүйлээс үл хамаарсан давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөр бий болсон байдаг. Давагдашгүй хүчин зүйлийн нөлөөллөөр бий болсон Covid-19 цар тахлын үед бий болсон аливаа тохиолдолд нөхөн төлбөр олгох өөр бүтээгдэхүүн манай компанид байхгүй. Гадаадад зорчигчийн даатгалын эрүүл мэндтэй холбоотой тохиолдлын үед даатгуулагчийн хийлгэсэн эмчилгээний тайлан, төлбөр төлсөн баримтыг үндэслэн нөхөн төлбөр олгодог. Өөрөөр хэлбэл даатгуулагч тохиолдлын үед төлбөрөө өөрөө төлөөд, тус төлбөрийн эх баримтаа манайд ирүүлж гаргасан зардлаа авах замаар шийдвэрлэж байна. Хэрэв даатгуулагч эмнэлгийн төлбөрөө төлөөгүй байх үед эмнэлгийн нэхэмжлэхийг үндэслэн даатгуулагчид нөхөн төлбөрийг олгож, даатгуулагч цааш шилжүүлэх үүргийг гүйцэтгэдэг.

Монгол даатгал

Давхар даатгагчаас лавлахад, гэрээн дээр вирустай холбоотой хасалт байхгүй тул вирустай холбоотой гарсан даатгалын тохиолдлууд хамгаалагдана гэсэн тул “Гадаадад зорчигчийн гэнэтийн ослын даатгал”-ын хамгаалалтад орно. Гадаад зорчигчийн гэнэтийн ослын даатгалын хувьд даатгалын тохиолдлыг Даатгуулагч Даатгагчид мэдэгдэж, нөхөн төлбөрийн материал бүрдүүлнэ. Тус материалыг ГЗГОД-ын нөхөн төлбөр хариуцсан менежер хүлээн авч, Давхар даатгагчид мэдэгдэнэ. Үүнийг давхар даатгагч шалган үзэж нөхөн төлбөрийг баталгаажуулна. Ингэснээр даатгуулагчид Монгол Даатгал ХК нь нөхөн төлбөр олгоно.

Мөнх даатгал

Манай компани эрүүл мэндийн даатгал хийдэггүй болно. Аялалын буюу дээд тал нь 90 хоногийн даатгал хийж байна. Манай компанийн аялалын даатгалд нислэг цуцлагдах нөхцөлд нөхөн төлбөр олгохгүй болно. Аялалын даатгалд дээд тал нь 50,000 хүртэлх ам.долларын эмнэлэг эмчилгээний нөхөн төлбөр авах боломжтой. Аялалын даатгал нь дээд хугацаа нь 90 хоног байдаг тул нэг удаа 90 хүртэл хоногоор даатгалын хугацааг сунгах, онлайнаар болон энд байгаа гэр бүлийн хүн сунгалтыг хийж болно. Цар тахлын одоогийн нөхцөлд тэнд байгаа иргэдэд даатгал хийх боломжгүй байна. Харин аялалын даатгал хийлгэсэн бол нэг удаа гэрээний хугацаагаа сунгах боломжтой. Аялалын даатгалын 90 хоног нь нэг аялалд тооцогдох дээд хугацаа болно. Тиймээс эх орондоо ирэхгүйгээр 1 аялалын хугацааг 90-с дээш хоногоор сунгах боломжгүй байна.

Номин даатгал

Гадаадад Зорчигчийн Даатгалын бүтээгдэхүүн байдаг. Энэ бүтээгдэхүүний нөхцөлөөр гадаадад байгаа хүн дээр даатгал бичдэггүй. Харин эндээс явахдаа даатгуулсан хүмүүсийн гэрээг нэмэлт хураамж аван сунгаж байна. Нислэг цуцлагдсан тохиолдолд нийт хоцорсон цагаас арван цагийг хасч цаг бүрт 10 ам.доллар буюу хамгийн ихдээ 180 ам.долларын нөхөн төлбөр олгож байна.Гадаадад зорчигчийн даатгалын бүтээгдэхүүнийг худалдан авсан тохиолдолд Коронавирусийн халдвар авсан бол эм тариа, эмчилгээний зардалд нөхөн төлбөр олгоно. Бусад цочмог өвчний адил тооцон нөхөн төлбөр олгоно. Коронавирусийг цочмог өвчний адил тооцон даатгалын хамгаалалтанд хамруулсан тухайгаа өөрийн компаний фэйсбүүк хуудсаар зарласан. Нислэг сааталт, цуцлалт зэрэг дээр гэрээнд заасны дагуу материалаа бүрдүүлээд нөхөн төлбөрөө авах бүрэн боломж бий. Эмч, эмнэлгийн оношлогоо эмнэлэгт төлбөр төлсөн бол төлбарийн баримт даатгуулагчйн банк дансны дугаар, эмнэлэгт төлбөр төлөөгүй бол эмнэлгийн нэхэмжлэх хүлээн авах данс банкны гадаад гуйвуулгыг ашиглан нөхөн төлбөрийг эмнэлэг рүү шилжүүлдэг.

Нэйшнл лайф даатгал

Эрүүл мэндийн даатгалыг монголд байгаа ар гэрийнхэн нь нэмж төлснөөр тухайн даатгуулагч гадаад улс орнуудад /тухайлбал, АНУ-д/ эрүүл мэндийн үйлчилгээ авч болно. Гэхдээ коронавирусийн хамгаалалт байхгүй. Нислэг цуцлагдсан тохиолдолд энэ төрлийн даатгал байхгүй. Одоо байгаа эрүүл мэндийн даатгалын хувьд коронавирусийн хамгаалалт байхгүй. Гэнэтийн ослын болон эрүүл мэндийн даатгалд даатгуулаад явсан иргэддээ зориулан төлөвлөсөн ажил байхгүй.

Эх сурвалж: Монгол Улсаас ИБУИНХУ-д суугаа Элчин сайдын яам


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.