НИЙГЭМ — 08 April 2020
Улсын ерөнхий прокурорын газраас товч мэдээлэл өглөө.
Түгээх

Мэдээллийн эхэнд Улсын ерөнхий прокурорын газрын 2020 оны эхний улиралд хийсэн ажлын талаар товч мэдээлэл өглөө. Прокурорын байгууллагаас зөрчлөөс урьдчилан сэргийлэх чиглэлээр 2020 оны нэгдүгээр улиралд 452 077 гомдлыг хүлээн авчээ. Нийт гомдол мэдээллээс 1,7 хувьд нь хэрэг бүртгэл нээж, 1,1 хувьд нь эрүүгийн хэрэг бүртгэлийн хэрэг нээж ажиллажээ. Энэ оны эхний улирлын байдлаар 1591 хүн, 102 хуулийн этгээдэд шийтгэл оногдуулжээ. Нийт учирсан хохирлын хүнд учруулсан хохирлын 55,8 хувь, хуулийн этгээдэд учруулсан хохирлын 71,7 хувь, төрд учруулсан хохирлын 56,9 хувийг нөхөн төлүүлжээ.

Гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбоотой гарч байгаа нийт 612 гомдол, мэдээллээс тогтоосон хязгаарлалтыг зөрчиж үйл ажиллагаа явуулсан гэх 222, хорио цээр, хөдөлгөөний хязгаарлалтын дэглэм зөрчсөн 217, олон нийтийг төөрөгдүүлэх, мэдээ мэдээллийг түгээсэн тараасан 31, олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулсан 10 зөрчил гарчээ.

Прокуророос яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлсэн олны анхаарал татсан зарим хэргүүдээс дурдвал,

Эрдэнэт үйлдвэрийн 49 хувийг хууль бусаар шилжүүлж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал олгосон үйлдэлтэй УИХ-ын гишүүн асан Б.Болор, Д.Ганбат, УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат, Монголбанкны ерөнхийлөгч асан Н.Золжаргал нарт холбогдох хэргийг шүүхэд шилжүүлсэн.
Зам тээврийн яамны сайдаар ажиллаж байсан Д.Ганбат, яамны газрын дарга Д.Доржханд нарын эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашигласан, хахууль авсан хэрэгт гуравдугаар сарын 31-ны өдөр яллах дүгнэлт үйлдэж Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлсэн.
УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, Г.Солтанд холбогдох эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан, ЖДҮХС-аас хууль бусаар зээл олгож, бусдад болон өөртөө давуу байдал бий болгосон хэрэгт яллах дүгнэлт үйлдсэн.
Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга Ц.АРИУНБОЛД:

-Гэмт хэргийн талаарх 20170 гомдол мэдээлэлд хяналт тавьснаас 7490 хэрэг бүртгэл нээхээс татгалзсан бол 9715 хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Хэрэг бүртгэлтийн 50565 хэрэгт хяналт тавьж ажилласнаас 5109-д нь эрүүгийн хэрэг үүсгэн яллагдагчаар татаж, 7538 хэргийг хааж шийдвэрлэжээ. 2020 оны нэгдүгээр улиралд авлитга, албан тушаалын 602 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан. Мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан 107 хэргийг хааж, 41 хэрэгт яллах дүгнэлт үйлдэж, шүүхэд шилжүүлжээ. Мөн мансуурулах эм, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар ашиглах гэмт хэрэг 174 хэрэгт хяналт тавьж ажилласан. Хүүхдийн эсрэг 39 хэрэгт хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын ажиллагаа явуулсан.

Нийслэлийн прокурорын газрын ерөнхий прокурорын орлогч Ц.НАСАНБАТ:

-Нийслэлийн прокурорын газраас улсын хэмжээнд мөрдөн шалгах ажиллагаа явуулдаг Мөрдөх эрх бүхий тав, шинээр байгуулагдаж буй Экологийн цагдаагийн албыг оролцуулан, 6 байгууллагаас мөрдөн шалгах ажиллагаа явуулсан хэргүүдийг хянаж шийдвэрлэдэг. АТГ-аас хэрэг бүртгэлтийн 295, мөрдөн байцаалтын 91, нийт 386 хэрэг, Тагнуулын ерөнхий газрын мөрдөн шалгах газраас хэрэг бүртгэлтийн 34, мөрдөн байцаалтын 20, нийт 54 хэрэгт шалгалт явуулсан.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.