НИЙГЭМ ШИНЭ МЭДЭЭ — 10 April 2020
Covid-19 дэлхийг “цэвэрлэж”, мөн чанарыг таниулж байна
Түгээх

Хүн төрөлхтөнд 2020 он аймшигт цар тахлаар “бэлэг” барилаа. “Covid-19” хэмээн нэрлэсэн энэхүү халдварт өвчний нөлөөгөөр том жижиг гэлтгүй бүхий л улс орнууд эдийн засгийн хямралд орж, олон сая хүн ажлын байраа алдаж байна. Энэ мэт маш олон сөрөг нөлөө үзүүлж байна.

Гэхдээ өдрөөс өдөрт энэ өвчин эх дэлхий дээр байгаа хамгийн аймшигтай “тахал” бол хүмүүс бид өөрсдөө юм байна гэдгийг харуулаад байх шиг. Коронавирусийн ачаар байгаль эх хэсэг ч болов амьсгаа авч байна. Дээрээс нь энэ хүнд хэцүү цаг үед бидэнд хүний мөн чанар, хэн нь хэн бэ гэдгийг таниулж байна.

Дэлхийн нийт хүн амын гуравны нэг нь хөл хорионд орсон, цаашдаа бүх хүн гэртээ бүгэх шаардлага гарч магадгүй энэ цаг үед агаарын бохирдол нүдэн дээр арилж, хүлэмжийн хийн ялгарал багасч, озоны давхарга нөхөгдөж эхэллээ. Түүнчлэн эзгүйрч, хоосорсон гудамж талбайд зэрлэг ан амьтад орж ирж, айх аюулгүйгээр хотоор сэлгүүцэж байна. Хөвж буй хот нэрээрээ алдартай Венецийн сувгаар жуулчдын хаясан хог хаягдлаас болж, бохир ус урсдаг байсан бол, одоо цэвэрлэгдэж, загас жараахай, хун шувууд эргэн иржээ.

Агаарын бохирдол илбэ шидийн гэмээр огцом багассан нь мөн коронавирусийн “ач”. Энэтхэг улсад л гэхэд шинэ төрлийн коронавирусийн тархалтыг зогсоох үүднээс энэ сарын 25-ны өдрөөс 1,3 тэрбум хүнээ хөл хорионд оруулсан. Ингэснээр агаарын бохирдлоор тэргүүлдэг тус улс тэр их бохирдлоосоо салж чаджээ. Манай гаригийн хамгийн их бохирдолтой 30 хотын 21 нь Энэтхэгт байдаг. Тэгвэл нийслэл Шинэ Дели хотод агаар дахь PM 2,5 нарийн ширхэгт тоосонцрын хэмжээ энэ сарын 20-ны өдөр нэг куб метр талбайд 91 микрограмм агуулагдаж байсан бол долоо хоногийн дараа 26 хүртэл буурсан байна. Мөн агаар дахь азотын давхар исэл нь нэг куб метр тутамд 52-аас 15-д хүрч, 71 хувиар буурсан бол Мумбай, Ченнай, Колката, Бангалор хотуудад ч агаарын бохирдол мэдэгдэхүйц буурсан үзүүлэлт гарчээ.

“Би Шинэ Дели хотод сүүлийн 10 жилийн турш ийм цэнхэр тэнгэрийг үзээгүй” гэж нутгийн иргэд ярьж байна. Зөвхөн Энэтхэг гэлтгүй агаарын бохирдлоор дээгүүрт жагсдаг Хятад, АНУ, Итали гэх зэрэг томоохон улс орнуудын хиймэл дагуулаас авсан зураг дээр бохирдол илт буурсан нь харагдаж байгаа юм.

Озоны давхарга буюу дэлхийг нарны хэт ягаан туяанаас хамгаалах үүрэг бүхий хамгаалах “бамбай” нь хүний буруутай үйл ажиллагаа, экологийн тэнцвэргүй байдлаас болж өдөр өдрөөр нимгэрч байсан бол дэлхий дээр коронавирус дэгдэж, хүмүүс хөл хорионд орж гэртээ байх болсноор тус давхарга эрчимтэй нөхөгдөж эхэлснийг эрдэмтэн судлаачид онцолж байна.

Энэ мэтчилэн коронавируст цар тахлын байгаль орчин, экосистемд үзүүлж буй эерэг нөлөө маш их байгаа нь энэ вирус эх дэлхийг “эмчлэхээр”, хүмүүсээс “цэвэрлэхээр” гарч ирсэн ч юм шиг.

Үүнээс гадна байдал хүндрэх үед зарим хүмүүс, их гүрнүүдийн үнэн дүр төрх ил болж байна. Тэд өнөөдөр амны хаалт хэмээх өчүүхэн даавууны өөдөсны төлөө “хэмлэлдэж”, бие биенээ тонон дээрэмдэж байна. Мөн зарим нь ихэмсэг байдлаа хойш тавьж, бие биедээ буулт хийж, нэгэндээ туслаж эхэллээ. Эцсийн эцэст баян ядуу, хүчтэй хүчгүй, хар цагаан, үндэс угсаа үл хамааран бүгд нэг завин дээр сууж байгаа гэдгийг энэ бүх зүйл харуулж байна. Хүн гэдэг эх дэлхий дээр амьдарч буй амьтны нэгэн төрөл зүйл, бүх зүйл хоорондоо уялдаа холбоотой гэдгийг ухамсарлах үе иржээ. Бид оюун ухаанаараа бусад амьтдаас ялгардаг гэдгээ санаж илүү ухамсартай амьдрах цаг нь болсон мэт.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.