Ярилцлага — 16 April 2020
Ц.Төмөр-Очир: Иргэн бүрийн хариуцлага чухал байна
Түгээх


П.Н.Шастины нэрэмжит Улсын гуравдугаар төв эмнэлгийн дарга, анагаах ухааны доктор, дэд профессор, тэргүүлэх зэргийн эмч, Эрүүл мэндийн яамны эмнэлзүйн зөвлөх багийн гишүүн Ц.Төмөр-Очиртой цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Коронавурисийн улмаас олон нийтийн газрын хөл хөдөлгөөнийг хязгаарласан ч танай эмнэлэг ачаалалтай байна шүү?
-Манайх улсын хэмжээний зүрх, мэдрэлийн лавлагаа төв эмнэлэг. Тархины харвалт, зүрхний шигдээсийн тусламж, үйлчилгээ, зүрх судасны мэс засал, тархи, нуруу, нугасны мэс заслыг улсын хэмжээнд дагнан үздэг болохоор ачаалалтай байна.

Сүүлийн 14 хоногийн байдлаар үйлчлүүлэгчдийн хөдөлгөөн ихэссэн. Ер нь хаврын улиралд цусны даралт ихсэх өвчнөөс шалтгаалсан тархины харвалтын тохиолдол нэмэгддэг. Хавар дархлааны түвшин сулардаг онцлогтой холбоотой амьсгалын эрхтэний архаг өвчтэй хүмүүсийн сэдрэл нэмэгдэх хандлагатай.

Мөн чанарлаг, витаминлаг ялангуяа, С витаминаар баялаг, уураглаг хоол, унд хэрэглэх нь чухал.

Зонхилон тохиолдож байгаа халдварт бус өвчний үйлчилгээ авах дараалал нэмэгдсэн. Мөн мэс заслын тусламж үйлчилгээний хүлээгдэл нэмэгдсэн байгаа. 20 гаруй хоногийн өмнө ачаалал харьцангуй бага байсан. Манай эмнэлэг 454 ортой. Үүний 300 орчимд нь хүмүүс хэвтэн эмчлүүлж байсан бол сар хүрэхгүй хугацаанд ор бүрэн дүүрсэн, тогтмол ачаалалтай ажиллаж байна.

Мэдээж эрүүл мэндийн тулгамдсан асуудал, шалтгаанаар эмнэлгийн байгууллагаар үйлчлүүлэх нь зүйн хэрэг. Гол нь иргэдийн зүгээс эмнэлгийн байгууллагад хүндрэл, ачаалал үзүүлж байгаа. Тухайлбал, хөдөө орон нутгаас ирж байгаа нэг хүн шинжилгээ өгөхөд 1-5, заримдаа бүр 10 гаруй хүн дагаж явдаг. Хүнд мэс засал буюу тархи, зүрхний мэс засалд ороход мэдээж гэр бүлийн нэг гишүүн хүлээлттэй байна. Энэ халдвартай холбоотойгоор эрүүл мэндийн байгууллагын тавьж байгаа шаардлагын дагуу гэр бүлдээ шийдвэр гаргах түвшний хүн нь утсаар холбогдож бусаддаа мэдээлэл хүргэх хэрэгтэй. Дэлхий нийтийг түгшээсэн цар тахал цаг, минут тутамд нэмэгдэж байгаа энэ үед хүн бүр өндөр хариуцлагатай баймаар байна. Иргэдийн хариуцлага сул байна.

-Танай эмнэлгийн хувьд хэрхэн ажиллаж байна вэ?
-Эрүүл мэндийн байгууллагууд бүх түвшиндээ өндөржүүлсэн бэлэн байдалтай ажиллаж байгаа. Манай эмнэлгийн хувьд байнгын хариуцлагатай жижүүрүүд гаргасан. Энэ сараас эхлээд бүх эмнэлгийн удирдах ажилтнууд, захиргааны албан тушаалтнуудыг нэмэлтээр хариуцлагатай жижүүр гаргаад 07:00-20:00 цаг хүртэл ажиллаж байна. Тиймээс иргэдийн үйлчилгээний соёл, хариуцлага чухал.

Эмнэлгийн байгууллага хамгийн өндөр эрсдэлтэй орчин. Ялангуяа, олон төрлийн өвчинтэй, олон янзын өвчин эмгэгтэй хүмүүс явж байгаа. Зөвхөн ковид гэлтгүй эмнэлэг дотор өвчин үүсгэгч олон бактери бий. Үүнээс ч халдвар авах боломжтой. Манайх хүүхэдтэй хүнийг оруулахгүй байгаа хэдий ч мэр сэр ирсээр байгаа. Мөн мэс засалд хүн орж байгаа нэрээр өндөр настай, жирэмсэн хүнийг дагуулж ирэх ямар ч шаардлагагүй. Эмнэлгийн байгууллага хүмүүсээ уртсгасан цагаар нойр хоолгүй ажиллуулж байгаа нь иргэдийн төлөө л юм шүү дээ.

Хаврын улиралд хувь хүний дархлааны түвшин буурахаас гадна архаг хууч өвчин сэдрэх, томуугийн улирал дуусч байгаа ч дархлаа суларсан суурин дээр хөнгөн хэлбэрийн томуу хүнд хэлбэрээр илрэх асуудал байдаг. Хаврын хуурайшил, уур амьсгалтай холбоотойгоор амьсгалын замын архаг өвчнүүд сэдрэх, зүрх судасны өвчинд хүндрэл өгөх нь элбэг байна.

“Сонгдо” эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байсан хоёр өвчтөнөөс коронавирусын халдвар илэрсэн гээд нэлээн шуугисан. Муу амлаж байгаа ч юм биш ийм тохиолдол гарахад танайх хэр бэлтгэлтэй байгаа вэ?
-Манайд түргэвчилсэн тестээр үзээд сул эерэг гарч, тодорхой хугацаанд тусгаарлалтад аваад оношийг баталгаажуулсан тохиолдол гарсан. Бид тэр үед ДЭМБ-ын заавар, зөвлөмж, Эрүүл мэндийн сайдын баталсан “Ковид 19”-тэй холбоотой бүх тушаал, журмыг чанд баримталж ажилласан. ХӨСҮТ-д найман цагийн дотор оношийг баталгаажуулан найман цагийн хязгаарлалтыг хийж сөрөг гарсан тохиолдолд дараагийн арга хэмжээг журмын дагуу хэрэгжүүлж ажиллалаа.

Энэ бүгдэд манай эмнэлэг Эрүүл мэндийн сайдын тушаал заавар, ДЭМБ-ын заавар зөвлөмжийн дагуу бүх үйл ажиллагаагаа хэрэгжүүлж халдварын эрсдэл, аюулгүй байдлыг хангаж ажилласан. Мөн манайх 1000 хүнийг хамгаалах хувцас, хэрэгсэл, хоёр сарын хоол, хүнс, хөдөлмөр хамгааллын ариутгал, угаалга, цэвэрлэгээний бодис, нэг сарын эм, эмнэлгийн хэрэгслийн нөөцийг бүрэн хангасан байгаа.

Эм, эмнэлгийн хэрэгсэл дээр хамгийн тулгамдаж байгаа нь өндөр өртөгтэй мэс заслын хэрэгсэл тасарч эхэлсэн. Зарим нэг хариуцлагагүй ханган нийлүүлэгч компанийн үйл ажиллагаатай холбоотойгоор зүрхний хурц шигдээсийн үед хэрэглэх судсан дотор оношлогоо, эмчилгээ хийх хэрэгсэл тасалдаж байгаа нь асуудал үүсгэж байна. Тиймээс холбогдох байгууллагууд тогтмол мэдээлэл өгч, холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллаж байгаа.

-Өнөөдрийн байдлаар ямар хүмүүс их ирж үйлчүүлж байна?
-Хаврын улиралд хувь хүний дархлааны түвшин буурахаас гадна архаг хууч өвчин сэдрэх, томуугийн улирал дуусч байгаа ч дархлаа суларсан суурин дээр хөнгөн хэлбэрийн томуу хүнд хэлбэрээр илрэх асуудал байдаг. Хаврын хуурайшил, уур амьсгалтай холбоотойгоор амьсгалын замын архаг өвчнүүд сэдрэх, зүрх судасны өвчинд хүндрэл өгөх нь элбэг байна. Ялангуяа, цусны даралт ихсэлтээс үүсэлтэй харвалт, шигдээсийн тохиолдол жилээс жилд нэмэгдэж байгаа.

Нөгөө талаар жирэмсэн эхчүүд, өндөр настангууд янз бүрийн хавсарсан өвчнөөр хүндрэх нь энэ улиралд нэмэгддэг онцлогтой. Үүнээс урьдчилан сэргийлж гэр бүлийнхээ гишүүдэд илүү анхаарал тавьж архаг хууч өвчтэй хүнтэй бол өрх, дүүргийн эмнэлгээр үйлчлүүлэх болохгүй бол утсаар зөвлөгөө авах, онцын шаардлагагүй бол олуулаа очих хэрэггүй гэдгийг онцгой анхаарч хэрэгжүүлмээр байна. Бид бүхнийг ойлгож байгаа. Тиймээс гэр бүлийн хувийн зохион байгуулалтыг сайжруулах, иргэн хүнийхээ эрүүл мэндийн хариуцлагаа дээшлүүлэх, НИТХ-ын болон онцгой байдлын дэг журмыг мөрдөж ажиллахад хувь хүнээс л шалтгаална.

-Таныг уушгины мэргэшсэн эмч гэж сонссон. Цар тахлын үед иргэд юуг анхаарах ёстой вэ. Энэ талаар зөвлөгөө өгөхгүй юу?
-Коронавирусийн нэг онцлог нь амьсгалын замын дээд замын хурц халдварт өвчин учраас уушгийг гэмтээх тохиолдол өндөр байгаа. Ялангуяа, уушгины хатгалгаа үүсгэх, амьсгалын дутагдал, хүнд хэлбэрийн амьсгалын гачаалт хам шинж гэж ярьдаг. Уушги бүрэн ажиллах боломжгүй болох ийм нөхцөлд хүргэдэг өвчин юм. SARS, коронавирусын төрлүүд уушги, амьсгалын замыг барьж гэмтээх онцлогтой.

Хаврын улиралд томуугийн үе дуусч байгаа ч алаг цоог байдлаар А хэлбэрийн томуугаар үүсгэгдсэн уушгины үрэвслүүд мэр сэр гарсан хэвээр байна. Тиймээс амьсгалын дээд замын халдварт цочмог өвчнөөс сэргийлэхийн тулд амны хаалтаа тогтмол зүү. 2-3 цаг тутам соль. Даавуун амны хаалтыг угааж ариутгах хэрэгтэй.

Мөн чанарлаг, витаминлаг ялангуяа, С витаминаар баялаг, уураглаг хоол, унд хэрэглэх нь чухал. Уушгины архаг суурь өвчтэй хяналтад байдаг хүмүүс өрхийнхөө эмчээс утсаар зөвлөгөө авах, уудаг эмнүүдээ тогтмол цагаар эмчийн зааврын дагуу хэрэглэх. Өөрсдийнхөө эрүүл мэндэд өмнөхөөсөө илүү анхаарах, гэр бүлийн гишүүд ч гэсэн онцын шаардлагагүй бол олон нийтийн газраар явахгүй байх талаар анхаарч бие биедээ хяналт тавьж энэ халдварыг хамтдаа давах шаардлагатай.

Р.Оюун
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.