УИХ дахь МАН-ын бүлэг өнөөдрийн хуралдаанаар гурван асуудлыг хэлэлцэж, шийдэлд хүрсэн байна. Бүлгийн дарга Д.Тогтохсүрэн” Хаврын чуулганаар хэлэлцэх чухал шаардлагатай асуудлуудын талаар хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрлээ. Мөн коронавирустэй холбоотой бие даасан хууль батлахтай холбоотойгоор төслийн талаар санал солилцсон. Ноолуурын үнэ, хаврын тариалалтын бэлтгэх ажлыг хангах зэрэг цаг үеийн асуудлыг мөн чиглэлээр хэлэлцэж, тодорхой шийдэлд хүрсэн.
Тавдугаар сарын 25-наас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хэрэгжиж эхлэхтэй холбогдуулан өөрчлөлт оруулах, шинэчлэн найруулан батлах 40 гаруй хууль байна. Үүнээс УИХ-ын тухай хууль, чуулганы дэгийн тухай хууль, Засгийн газрын тухай, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зэрэг 10 шахам хуулийг яаралтай хэлэлцэх шаардлагатай. Эдгээрийг тавдугаар сардаа багтаан хэлэлцэж дуусгахаар бүлэг зөвшилцсөн” гэлээ.
Харин УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Цар тахлаас урьдчилан сэргийлэх тухай нэг удаагийн хууль гарч байна. Энэ хууль нь хорио цээрийг дэглэм цуцлагдсан үед хүчингүй болох үйлчлэлтэй.Гол зарчим нь Засгийн газарт онцгой үүрэг өгч, холбогдох албаныхны үүрэгжүүлж, тусгай албан хаагчдын нийгмийн асуудлыг онцгой анхаарах зэрэг асуудлыг хуульд тусгасан. Ялангуяа Монгол Улсад УИХ-ын сонгууль зохион байгуулахад том үүрэг гүйцэтгэх хууль юм. Цар тахалтай холбоотойгоор төрийн болон аж ахуй нэгж, иргэдийн эрх үүргийг зааж өгч, хариуцлагын асуудлыг чангатгасан. Хүний эрх зөрчигдөхөөс, зүй зохисгүй халдах, арьс өнгөөр ялгаварлахгүй байх зэргийг бодлогын хувьд тусгасан. Хэвлэл мэдээллийн гол үүрэг нь иргэдийн эрхийн хязгаарлалт, өндөржүүлсэн бэлэн байдлын үед хяналтаа алдах үед маш сайн урьдчилан сэргийлэх арга хэмжээ авахыг хуульчилсан. Эрүүгийн болон Зөрчлийн хуулийн халдварт өвчинтэй холбоотой зүйл, заалтын торгуулийн хэмжээг чангатгаж байна. Энэ долоо хоногт хуулийн төслийг онцгой горимоор хэлэлцэхэд бүлэг дэмжлэг үзүүлнэ” гэв.