Ярилцлага — 21 April 2020
Улсын хэмжээнд сураггүй алга болсон 15 хүүхдийг хайж байна
Түгээх

Улсын хэмжээнд сураггүй алга болсон 15 хүүхдийг хайж байна
Цагдаагийн ерөнхий газрын Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч Д.Будзаанаас хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг зөрчил, түүнээс урьдчилан сэргийлэх талаар ярилцлаа.

-Хөл хорио тогтоосноос хойш хүүхэдтэй холбоотой гэмт хэрэг хэчнээн бүртгэгдсэн бэ?

-2020 оны эхний гурван сарын байдлаар улсын хэмжээнд хүүхэд хохирсон гэмт хэрэг 310 бүртгэгдсэн. Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал хүүхэд хохирсон гэмт хэрэг 44 хувиар буурсан эерэг үзүүлэлттэй байна.

-Он гарсаар хүүхэд гэмт хэргийн хохирогч болж, амь насаа алдсан тохиолдол бий юу?

-Энэ оны эхний гурван сарын байдлаар гэмт хэргийн улмаас 11 хүүхэд амь насаа алдсан. Шалтгааныг нь судлаад үзвэл эцэг эхийн хараа хяналт, хэнэггүй байдал, санамсар болгоомжгүй байдлаас үүдэлтэй байсан.

-Өнгөрсөн оны мөн үетэй харьцуулахад хүүхэдтэй холбоотой гэмт хэргийн өсөлт бууралт ямар байна вэ? Нөгөөтэйгүүр хөл хорио тогтоосноос хойш нийт гэмт хэргийн гаралт буурсан гэж хэлж болох уу?

-Хүүхэд үйлдсэн гэмт хэрэг улсын хэмжээнд 30 хувиар буурсан. Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэгтэй харьцуулаад үзвэл ахуйн хүрээний архидалт, хүчирхийллийн дуудлага мэдээлэл улсын хэмжээнд 57 хувиар өссөн.

-Өндөржүүлсэн бэлэн байдалд шилжсэн энэ цаг үед гэр бүлийн хүчирхийлэл нэмэгдэж улмаар хүүхэд хүчирхийллийн хохирогч болж байна. Хүүхэдтэй холбоотой бие махбодийн хүчирхийллийн гэмт хэрэг өссөн үү?

–Гэр бүлийн хүчирхийллийн гэмт хэрэг нь иргэн гомдол гаргаж, цагдаагийн байгууллагад мэдэгдсэний дараа илэрч байдаг. Хохирогч юм уу, хөршүүд ихэвчлэн мэдээлдэг. Үүнээс гадна сургууль, орон нутгийн захиргааны байгууллага, өрхийн эрүүл мэндийн төв, ЕБС-аар дамжин мэдээлэгддэг байсан. Одоогийн байдлаар дээрх байгууллага хаагдсанаар хүүхэд хүчирхийллийн хохирогч болсны дараа мэдээлж байгаа. Өөрөөр хэлбэл гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн хүчирхийлэл боловсролын орчноос мэдээлэгддэг байсан бол сургууль, цэцэрлэг хаагдсанаар энэ гэмт хэрэг мэдээлэгдэхгүй “дарагдах” эрсдэл бий болсон.

-Хүүхэдтэй холбоотой бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг өссөн үү?

-Хүүхэдтэй холбоотой бэлгийн хүчирхийллийн гэмт хэрэг өмнөх оны мөн үетэй харьцуулахад 14 буюу 20 орчим хувиар буурсан байна. Уг гэмт хэргийн үйлдэгдэж буй байршлыг авч үзэхэд хөдөө орон нутагт үйлдэгдэх нь их байна. Мөн үйлдэгдэж буй газар орныг судлахад ахуйн хүрээнд танил, хүүхэдтэй хамаарал бүхий хойд эцэг, төрөл садны эрэгтэй хүмүүс энэ төрлийн гэмт хэргийг үйлддэг. Хохирогчдыг насны хувьд авч үзвэл 11-17 насны хүүхэд ихэвчлэн хүчиндэх гэмт хэргийн хохирогч болж байна. Нийслэлд энэ төрлийн гэмт хэрэг харьцангуй бага, харин орон нутагт өсөлттэй байгаа.

-Аймаг, нийслэлээр харьцуулбал?

-Баянзүрх, Сонгинохайрхан дүүрэгт дуудлага мэдээлэл гэмт хэрэг, зөрчлийн гаралт их байдаг бол орон нутагт Дорноговь, Хөвсгөл, Баянхонгор аймгуудад их байдаг. Улсын хэмжээнд бага насны хүүхдийг хүчиндэх гэмт хэрэг Орхон, Хөвсгөл аймагт өндөр байна.

-Хөл хорио тогтоосноос хойш бага насны хүүхэд сураггүй алга боллоо гэх дуудлага мэдээлэл хэр ирж байна вэ. Одоогийн байдлаар улсын хэмжээнд алга болсон хэчнээн хүүхэд байгаа вэ?

-Ерөнхийдөө энэ төрлийн дуудлага мэдээлэл багассан. Хүүхэд сураггүй алга болдог дөрвөн шалтгаан бий. Тухайлбал, хамран суралцах сургуульд нь явуулдаггүй, бага насны хүүхэд хичээлээ тарж яваад гэрээсээ төөрдөг, осолддог байдлаас болж хүүхэд алга болдог. Хоёрдугаарт, цахим тоглоомонд донтож, гэрээсээ алга болох, гуравдугаарт, хөдөө орон нутагт бага насны хүүхдийг малд явуулдаг гэх мэт. Одоогоос гурван жилийн өмнө Хөвсгөл аймагт малдаа яваад сураггүй алга болсон хүүхдийн хэрэг одоог хүртэл шалгагдаад явж байна.

Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд сураггүй алга болсон 15 хүүхдийг эрэн хайж байна. Гэхдээ эдгээр хүүхдүүд нь урьд өмнө нь сураггүй алга болж байсан эсвэл цахим тоглоомонд донтсон, өмнө нь цагдаагийн байгууллагаас эрэн хайж байсан хүүхдүүд байгаа. Цагдаагийн байгууллагаас эрэн хайж байгаа хүүхдүүдийн дийлэнх нь урьд өмнө нь эрэн хайж байсан, гэр бүлийн хүчирхийлэлтэй, гэрээсээ дайждаг хүүхдүүд байдаг. Гэхдээ утас нь холбогдоод ар гэрийнхэндээ хэлээд явж буй хүүхдүүд ч бий.

Жилд улсын хэмжээнд 1000 орчим хүүхэд оршин суугаа газраасаа сураггүй алга боллоо гэх дуудлага мэдээлэл шалгагддаг. Үүний 900 орчмыг цагдаагийн байгууллагаас тухайн өдөрт нь олж, ар гэрийнхэнд нь хүлээлгэж өгдөг. Үлдсэн 100 орчим нь хэрэг бүртгэлт нээгээд эрэн сурвалжилж ар гэрт нь хүлээлгэн өгдөг.

-Хил хааснаар бага насны хүүхдүүд сураггүй алга болох нь багаслаа гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд их цацагдаж байна. Энэ үнэхээр бодит мэдээлэл үү?

-Хүн худалдаалах гэмт хэрэгтэй холбож үзээд байгаа ийм зүйл байгаа. Өнөөдрийн байдлаар хүүхдийг хил давуулсан мэдээлэл бүртгэгдээгүй байна. Хүүхэд гэрээс гарах шалтгаангүй болсон болохоор алга болсон гэх дуудлага мэдээлэл буурсан.

-Сураггүй алга болсон охидтой холбоотой шинэ мэдээлэл гарч ирэв үү?

–Сүүлийн дөрвөн жилийн байдлаар гурван хүүхэд ор сураггүй алга болсноор бүртгэгдсэн. Тухайлбал, Замын-Үүд сумын Д.Сэржмядаг охины хэрэг, Сэлэнгэ аймгаас алга болсон О.Ундармаа, Хөвсгөл аймагт 13 настай охин хөдөө малд яваад сураггүй алга болсон. Дээрх хэргийг цагдаагийн байгууллагаас хэрэг үүсгэн шалгагдаад явж байна. Эрэн сурвалжлах ажиллагаа тасралтгүй явагдаж байгаа.

-Цагдаагийн байгууллагаас гэр хорооллын алслагдсан дүүрэг дэх эрсдэлтэй хүүхдүүдэд хүрч ажиллаж чадаж байна уу. Зөвхөн хохирогч болсны дараа гомдол мэдээллийн дагуу шалгадаг юм уу?

–Хүүхдийн хүчирхийллийн гэмт хэрэг буурахгүй байгаа. Гэхдээ цагдаагийн байгууллага алслагдсан бай ч, ойр ч байх бүх дуудлага мэдээлэлд хүрч ажилладаг. Энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх зорилгоор иргэдийн хандлагыг өөрчлөхийн тулд нөлөөллийн арга хэмжээг тасралтгүй зохион байгуулж байна. Мөн энэ сард олон нийтийн хэрэгслээр хүчирхийллийн гэмт хэргийн хор хөнөөлийг иргэдэд таниулна. Хоёрдугаарт, энэ төрлийн гэмт хэргийн мөрдөн шалгах ажиллагааг шуурхай явуулахад цагдаагийн байгууллагаас онцгой анхаарч ажиллаж байна.

-Хөл хорио тогтоосноос хойш хүүхдүүдийн интернэт хэрэглээ ихэссэн. Тиймээс хүүхдүүд цахим гэмт хэргийн хохирогч болсон тохиолдол гарч байгаа юу?

-Энэ оны гурван сарын байдлаар цахим сүлжээнд хүүхэд гэмт хэрэгт өртөж холбогдсон айлган, сүрдүүлэх садар самуунд уруу татсан 14 гэмт хэрэг бүртгэгдсэн.

-Хүүхдийн тусламжийн 108 утсанд ирсэн гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээллийг цаг тухайд нь шалгадаг уу?

-Тус утсанд ирж буй гэмт хэргийн шинжтэй дуудлага мэдээлэл цагдаагийн байгууллагад бүртгэгддэг. Гэр бүлийн хүчирхийлэл, бэлгийн хохирогч болсон тохиолдолд хамгаалах байранд авч, хэргийг шалган шийдвэрлэдэг.

-“Зөв амьдрах ухаан” ТББ-ын тэргүүн Г.Загдааг баривчилснаар тус төвд байсан хүүхдүүдийн эрхийн асуудал хөндөгдөж байна. Дээрх хүүхдүүдэд цагдаагийн байгууллагаас хараа хяналт тавих уу. Хуулиараа хэрхэн зохицуулагдах юм бол?

-Одоогийн байдлаар тус төвд 109 хүн бий. Үүний 49 хүүхэд, 60 нь насанд хүрэгчид байна. Тэдгээр хүмүүс ямар нэгэн байдлаар гэмт хэрэг зөрчил үйлдээгүй. Зүгээр л нийгмийн халамж шаардлагатай хүмүүс. Тэдний алийг нь хамгаалах байранд, алийг нь нийгмийн халамж үйлчилгээнд хамруулах уу гэдэг асуудлыг Хөдөлмөр нийгэм хамгааллын яам, Гэр бүл хүүхэд залуучуудын газар хариуцна. Цагдаагийн байгууллагад дээрх хүмүүст яаж чиглэдэг вэ гэхээр “энэ хүмүүс архины хамааралтай байна”, хүүхэд асран хамгаалах хүнгүй байгааг олж тогтоон холбогдох байгууллагад хүлээлгэн өгдөг. Хуулиараа цагдаагийн байгууллага холбон зуучлах үйлчилгээ үзүүлдэг.

-Эцэг эхийн хайхрамжгүй байдлаас болж хүүхэд хохирвол эцэг эхэд хүлээлгэх хуулийн хариуцлага нь юу вэ. Тэдэнд оноох хариуцлагын тухайд?

-Эрүүгийн хуулийн 16 дугаар зүйл ангид хүүхдийн эсрэг гэмт хэрэг гэсэн бүлэг бий. Түүний 16.11-д эцэг эх асран хамгаалагч хүүхдэдээ тавих, хараа хяналтаа сулруулсны улмаас хүүхдэд гэмтэл учрах, улмаар амь нас нь хохирсон бол найман жил хүртэл хорих ялтай.

Өнгөрсөн жил зургаан эцэг эхэд дээрх хуулийн заалтын дагуу хариуцлага хүлээсэн. Сүүлийн жишээ гэхэд өнгөрөгч хавар Баян-Өлгий аймагт нэгэн ээж таван настай хүүхдээ гэртээ түгжээд гараад явчихсан байсан. Гэтэл хүүхэд нь цонхоор унаж амь насаа алдсан хэрэг гарсан. Энэ нь бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхисон, эцэг эхийн үүргээ биелүүлээгүй гэж шүүхээс тухайн ээжид нь нэг жилийн хорих ял оноосон.

Хүүхэд хамгааллын хуулиар эцэг эхчүүд хүүхдийг аливаа болзошгүй эрсдэлээс хамгаалах үүрэгтэй. Есдүгээр сарын нэгэн хүртэл боловсролын байгууллагын үйл ажиллагаа зогссон учир эцэг эхчүүд хүүхдэдээ тавих хараа хяналтаа дээшлүүлж, асран хамгаалах үүргээ биелүүлэх шаардлагатай. Урин дулаан цаг ирснээр хүүхэд гол усанд эндэх асуудал гарч ирдэг. Үүнд эцэг эхчүүд онцгой анхаарах шаардлагатай.

-Ярилцсанд баярлалаа.

Э.АРИУН

Эх сурвалж News.mn


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.