Ярилцлага — 22 May 2020
Хүүхдийн баярыг тэмдэглэх үү?
Түгээх


эртээ 1925 онд Женев хотноо “Хүүхдийн сайн сайхны төлөөх дэлхийн чуулга”-ны үеэр “Хүүхдийн эрхийн тухай” тунхаглалыг баталж, 1949 оны 11-р сард Москва хотноо “Олон улсын ардчилсан эмэгтэйчүүдийн чуулга”-н дээр жил болгоны зургадугаар сарын 1-ний өдрийг “Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр” хэмээн тунхаглан зарлаж өдгөө дэлхийн 50 гаруй улсад энэхүү өдрийг тэмдэглэж байна.

Энэ л өдөр хүүхэд бүрийн царайнд инээд тодорч, чихэр, жимсэндээ бялууран, эцэг эхтэйгээ цагийг хамтдаа өнгөрүүлж, дурсамж дүүрэн өдрийг үддэг билээ. Гэвч энэ жилийн хувьд covid-19 хэмээх цар тахалтай холбоотойгоор олныг хамарсан жагсаал, цуглаан хийх боломжгүй болсон учир тун даруухан тэмдэглэхээр болжээ. Энэ тухай бид Нийслэлийн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газрын хүүхдийн хөгжил, хамгааллын хэлтсийн дарга П.Мягмаржаваас тодрууллаа.

-Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр энэ жил зохион байгуулагдах уу. Хэрвээ зохион байгуулагдахгүй бол танай байгууллагын зүгээс энэхүү өдрийг угтаж ямар арга хэмжээнүүдийг зохион байгуулах вэ?

-Олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдөр маань дөхөж байгаа учир манай байгууллагын зүгээс энэ өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх удирдамж, төлөвлөгөөгөө гаргаад бэлтгэл ажлыг хангаад ажиллаж байна. Энэ жилийн олон улсын хүүхдийг эрхийг хамгаалах өдөр цар тахалтай холбоотойгоор хүүхэд, багачуудыг олноор цуглуулж, бөөгнөрүүлж болохгүй учир олныг хамарсан арга хэмжээ зохион байгуулагдахгүй. Харин ямар хэлбэрээр тэдэнтэйгээ холбогдох уу, тэдэндээ хэрхэн хүрэх үү гэдэг дээрээ анхаарч байгаа. Өмнө нь бол бид нар олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах өдрийг илүү хүүхдийн баяр гэсэн утгаар нь хүүхдүүдийг баярлуулах, урлаг уран сайхны ажилд оролцуулах чиглэлээр илүү анхаарч ажиллаж байсан бол энэ жил үүсээд буй нөхцөл байдалтай уялдуулан хүүхдийн эрхийг хамгаалах талаас нь ажиллаж үндсэн дөрвөн эрхийг нь олон нийтэд таниулж, сурталчлах чиглэлээр долоон ажил хийхээр төлөвлөсөн. Хүүхдийн үндсэн дөрвөн эрх бий. Үүнд, Эсэн мэнд амьдрах, хөгжих, оролцох, хамгаалуулах эрхүүд багтана. Тодруулбал, хүүхдийн үндсэн эрхүүдийг сурталчилсан постер боловсруулж, олон нийтэд түгээх, хүүхдийн үндсэн эрхүүдийг сурталчлах цахим хичээл бэлтгэж, олон нийтэд түгээх, хүүхдэд зориулсан тоглолтыг бичлэг хийж, олон нийтийн мэдээллийн хэрэгслээр түгээх, НҮБ-ын Хүүхдийн сантай хамтран бүтээсэн бүх насны охидод зориулсан “Oky” аппликейшний нээлитийн үйл ажиллагааг онлайн хэлбэрээр зохион байгуулж, түгээх, Oky аппликейшнийг НҮБ-ын хүүхдийн сангийн зүгээс бүхий л насны охидуудад зориулан гаргаж байгаа бөгөөд ирэх зургадугаар сарын 1-ний өдөр дэлхийн гурван улсад зэрэг нээлтээ хийх ажээ. Энэхүү аппликейшний тусламжтайгаар охид маань сарын тэмдгийн мөчлөгөө тооцоолох, өдрийн тэмдэглэл хөтлөх боломжтой. Мөн харандааны адал явдал хэмээх нэвтрүүлгийг С1 телевизтэй хамтран хүүхдийн нас, сэтгэл зүй, танин мэдэхүй, онцлог, эрүүл ахуйн, шаардлага хангасан бэлэг бэлтгэх тухай сэдвийн хүрээнд зохиомжлон хийлгэж, олон нийтийн хүртээл болгоно, зорилтот бүлгийн хүүхдүүдэд зориулсан танин мэдэхүйн ач холбогдолтой бэлэг бэлтгэж, түгээх, байгууллагуудын эцэг эхийн зөвлөлүүдийг идэвхжүүлэх арга хэмжээний талаар чиглэл, арга зүй, зөвлөмж хүргүүлэх, хүүхдийн эрхийг хангахад хамтарч ажиллах, мөн энэ өдөр хүүхдийн хорих 401-р ангид эрхээ хязгаарлуулж буй хүүхдүүдэд чиглэсэн хөтөлбөрт арга хэмжээ байгаа. Энэ мэт цогц ажлуудыг хийхээр төлөвлөж байна. Ерөнхийдөө байгууллагуудын эцэг эхийн зөвлөлүүд дээр бид нар хүүхдийн хүмүүжлийн эерэг аргыг илүү сурталчилж, хүүхдийг заавал зодож, загнаж биш, хэрхэн эерэг харилцаа үүсгэн, зөвөөр харилцах вэ гэдэг дээр шторк, контент, цахим хичээлүүдийг оруулна.

-Танай байгууллагын зүгээс энэ жил хүүхдүүдэд чиглэсэн ямар ажлуудыг төлөвлөсөн байгаа вэ?

-Манай байгууллага олон ажил төлөвлөсөн байсан боловч цар тахал дэгдээд, хөл хорионы хугацаа сунгагдаж байгаатай холбогдуулан өөр хувилбарт шилжин ажиллах шаардлагатай боллоо. Жишээлбэл, энэ жил хүүхдийн зуслан ажиллахгүй. Тиймээс хүүхдүүдийн хөгжлийн оролцооны ажлуудыг өөр ямар арга хэлбэрээр явуулах уу гэдэг дээр ажиллаж байна. Илүү цахим орчинд сошиал ертөнцийг ашиглан хүүхдүүдийг цуглуулгүй онцгой нөхцөлд тааран ажиллах хэрэгтэй болж байна. Энэ жил манай байгууллагын төлөвлөсөн ихэнхий ажлууд цар тахалтай холбоотойгоор өөрчлөгдөж, одоо бол урьдчилан сэргийлэх тал дээр л ажлууд хийгдэж байна даа. Өнөөдрийн байдлаар гэртээ байгаа хүүхдүүдэд хэрхэн ахуйн осолд өртөхгүй байх, эцэг эхчүүдийг хүүхдэдээ илүү анхаарал тавих, анхаарахдаа хэрхэн хүмүүжлийн эерэг зөв аргаар харилцах вэ гэх мэтчилэн сэргийлэх арга хэмжээнүүд дээр төвлөрч байна. Энэ бол хүүхдийн тал дээр хийж буй ажлууд. Харин гэр бүл, залуучуудын тал дээр мөн л томоохон ажлууд байгаа. Гэр бүлийн тал дээр “Би хариуцлагатай аав, ээж” гээд бүтэн жилийн аян өрнөөд явж байгаа бол өсвөр үе, залуучуудыг хамарсан хөгжлийн том том ажлууд хийггдэж байгаа. Энэ жилийн манай хэрэгжүүлж буй бас нэгэн том ажил бол хүүхэд хамгааллын, илрүүлт нэгдсэн арга хэмжээг зохион байгуулж байна. Энэ арга хэмжээнийхээ хүрээнд хүүхдийг аливаа эрсдэлт өртөхөөс урьдчилан сэргийлж байгаа. Үүнийг улирал болгон хэрэгжүүлж байна. Нэгдүгээр улирлынхаа энэхүү арга хэмжээнийнхээ хүрээнд гудамжны нөхцөлд байгаа буюу эцэг, эхийн хараа хяналт сул байгаа хүүхдүүдийг илрүүлж, тэдэнд хуулийн дагуу хүүхэд хамгааллын хариу үйлчилгээг нь үзүүлээд эргээд дүүрэг, орон нутгийнх нь хяналтанд оруулсан. Харин хоёрдугаар улирлынхаа хүүхэд хамгааллын нэгдсэн арга хэмжээгээр хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийг анхаарна. Тэд хаана хөдөлмөр эрхэлж байна, ямар хэлбэрийн хөдөлмөрийг илүүд үзэж байна мөн хориглосон, тэвчишгүй хөдөлмөр эрхэлж байгаа хүүхдүүдийг илрүүлбэл хариу үйлчилгээ үзүүлэх, аж ахуй нэгжид нь хариуцлага тооцох гэх мэт Нийслэлийн цагдаагийн газар, Мэргэжлийн хяналт зэрэг байгууллагуудтай хамтран ажиллах тал дээр анхаарч байгаа. Гуравдугаар улиралдаа байгалийн гамшигт эрсдэх боломжтой хүүхдүүддээ анхаарна. Дөрөвдүгээр улиралд хүйтний улирал ирж байгаатай холбогдуулан хараа хяналтгүй хүүхдүүдийг илрүүлэх, эцэг эхийн анхаарал болгоомжлол сул, үүргээ биелүүлэх боломж тааруу эцэг эхийн хүүхдүүдийг түр хамгаалах байр, халамж асрамжийн төвүүдэд хуваарилах зэрэг ажлуудыг хийн, эрсдэлтэй гэр бүлүүдийг дэмжнэ. Энэ бүгд хүүхэд хамгааллын хуулийн хүрээнд болон хүүхэд хамгааллын хариу үйлчилгээ үзүүлэх журмын дагуу явагдана.

-Эдгээр ажлуудыг гүйцэтгэхэд хүндрэл хэр гардаг вэ?

-Нэг үеэ бодвол хууль гараад зохицуулагдсан. Одоо байгаа хүндрэл нь хүүхдийн асран хамгаалагч тал дээр гарч байна. Эцэг эх нь хариуцлагагүй байна, хүүхдээ хаяад олдохгүй алга болж байна, архидан согтуураад өдөр, сараар явна тэгээд л тэдгээр хүмүүсийг эрэн хайх ажил явагддаг. Энэ нь хүүхдийн эрхийг зөрчиж байгаа юм. Томчууд эцэг эхчүүдтэй л холбоотой хүндрэлүүд их гарч байна.

-Хүмүүсийн дунд хүүхдийн баяр тэмдэглэх үү гэсэн асуулт их байх шиг байна. Тэгэхээр эцэг эхчүүддээ юу гэж хандаж хэлмээр байна вэ?

-Эцэг эхчүүддээ хандаж хэлэхэд үндсэн үүргээ биелүүлээрэй. Та нарын үндсэн үүрэг бол хүүхдийнхээ дөрвөн үндсэн үүргийг хангаж, хамгаалж байх явдал. Хэрвээ эцэг, эх та бүхэн хүүхдийнхээ эрхийг хангаж, хамгаалж чадахгүй, эрхийг нь зөрчих юм бол төр оролцож, хамгаална шүү. Төр хэдийгээр хүүхдийн эрхийг хамгаалах ч хүүхдийг эрсдэлт оруулсан танд бас хуулийн хариуцлага тооцно. Тийм учраас хүүхдээ асран хамгаалах эрх, үүргээ биелүүлээрэй гэж дахин хэлье.

Эх сурвалж: News.mn


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.