Ярилцлага — 12 June 2020
Б.Төрмандах:Сайн, муу алинд ч уусалгүй одоо цагтаа амьдарч, сэтгэл амар байх хэрэгтэй гэж боддог.
Түгээх

Маагий гэх бүсгүйг хайж байна гэсэн пост фэйсбүүкийн олон группд харагдав. Бүтэн нэрийг нь мэдэхгүй учраас ийн дууддаг нэрийг нь бичжээ. Түүнийг яагаад хайх болов гэтэл талархлаа илэрхийлэхийг л зорьсон гэнэ. Энэ явдал БНСУ-д болжээ. Ж.Чанцал гэх эмэгтэйн ээж тус улсад зүрхний хагалгаанд орсон байна. Улмаар Ж.Чанцал ээжийгээ сахингаа, ажил хийж эмнэлгийн зардалд нэмэр болдог байсан аж. Цаг үе хүнд байсан учраас ажил олдох нь ч ховор байжээ. Харин энэ үед махны үйлдвэрт долоо хоног хамт ажилласан Маагий гэх бүсгүй түүнийг газарчлан тусалж, эмнэлэгт нь хоол аваачин ээжийг нь хэд хэдэн удаа эргэжээ. Ингэхдээ “Ээжийгээ эрүүл болгоод эх орондоо очоорой” гээд Ж.Чанцалд  “Хорин мянган вон л байгаа. Хоол авч идээрэй” гэж хэлээд гарт нь дугтуйтай мөнгө атгуулаад гарсан байна. Харин дараа нь дугтуйг нээтэл 650 мянган вон байжээ. 

Хүний нутагт танихгүй шахам эмэгтэйгээс авсан мөнгө ээжийнх нь эмчилгээнд маш их тус болжээ. Ийнхүү хоёр жилийн дараа Маагийг хайж, талархлаа илэрхийлэхээр эрэл сураг болсон нь энэ аж.

Сайхан сэтгэлийн үзүүрт шар тос гэх ардын сайхан үгийн утга энэ гэлтэй. Сэтгэл дулаацуулам түүхийн эзэн Маагий буюу Б.Төрмандахтай ярилцсаныг хүргэж байна. Тэрээр он гарсаар 53 дахь номоо уншиж, одоо ахиад нэг их сургуульд сурахаар бэлдэж буй аж. Сургуулиа төгсчихвөл нөхөртэйгөө хөдөө гарч малчин болно гэж өөртөө итгэлтэй хэлэх энэ бүсгүй оюутан ахуй цагаасаа өөрийн чадлаар хүнд тусалж, эмчилгээний зардалд нь нэмэр болж, цалингаараа нэг өрхийг гэртэй болгож байжээ. Гэгээн мөр татуулсан түүний эгэл бөгөөд  энгүй ертөнцөөр хэсэг хором аялсныг хүлээн авна уу.

ХҮНД ТУСЛАХЫГ ХҮССЭН Л БОЛ ХАРАМЛАХ СЭТГЭЛ БИТГИЙ ӨВӨРЛӨЖ БАЙГААРАЙ

2020.05.03 “Андра академ”-ийн анхны онлайн сургалтанд суугаад үр дүнгээ шалгуулж байх үеийн зураг

-Сайн байна уу? Юуны түрүүнд та манай уншигчдад өөрийгөө танилцуулаач?
-Сайн байцгаана уу. Намайг Баянмэндийн Төрмандах гэдэг. Би Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Гуулин тосгонд төрж өссөн. Хоёр ах, нэг эгч, дөрвөн дүүтэй. БНСУ-ын “Songsan” их сургуульд магистрын зэрэг хамгаалаад удаагүй байна.

-Таныг Ж.Чанцал гэх эмэгтэйд тусалсан тухай уншсан. Өөрийг тань хайж, талархал илэрхийлэхийг зорьж буйг мэдээд ямар сэтгэгдэл төрсөн бэ?
-Би үнэхээр их гайхширсан. Хоёр жил өнгөрчхөөд байхад намайг ингэж хайна гэж бодоогүй. Ж.Чанцал эгч одоо 50 нас хүрч байгаа. Харин ээж нь 80 орчим настай эмээ бий.

-Маш олон хүн таниар бахархаж сайхан сэтгэлтэй эмэгтэй байна хэмээн магтаж байсан. Хүнд туслахын ач холбогдлыг та юу гэж үздэг вэ?
-Энэ завшааныг ашиглаад надад чин сэтгэлийн сайхан үгс илгээсэн хүн бүрд маш их баярлалаа гэж хэлмээр байна. Манай аавыг Р.Баянмэнд, ээжийг Б.Отгон гэдэг. Жаахан хүүхэд байхаасаа л ээж, аавынхаа хүнд тусалж, сайн санаж явдаг занг анзаарч үлгэр дуурайл авдаг байлаа. Аав минь “Хүнд туслахыг хүссэн л бол харамлах сэтгэл битгий өвөрлөж байгаарай. Буян нь буцаж ирнэ гэж бодон тусалж болохгүй” гэдэг байсан. Одоо аав маань тэнгэрт байгаа хэдий ч хэлсэн үг, үлдээсэн ухаан нь бидэнтэй үргэлж цуг байдаг.

Хүнд туслахын ач холбогдол нь илүү их энэрэнгүй нинжин сэтгэлтэй болж, шунал дарагдаж, байгаа зүйлдээ талархан сэтгэл ханаж сурдаг.

Ээж минь одоо болтол бусдын сайн сайхны төлөө олон зүйл хийсээр байгаа. Миний хувьд хүн бүрд очоод туслаад байж чаддаггүй.  Хүнд туслахын ач холбогдол нь илүү их энэрэнгүй нинжин сэтгэлтэй болж, шунал дарагдаж, байгаа зүйлдээ талархан сэтгэл ханаж сурдаг. Би үнэхээр туслахыг хүссэн хүндээ шууд өөрөө шийдвэр гаргаад л тусалдаг.

-БНСУ-ыг хэдэн онд зорьж байв? Хүний нутагт ажиллаж, амьдрахын давуу бас сул талыг тодорхойлбол?
-Би БНСУ-д 2017 оны өвөл “Мэргэшсэн нягтлан бодогчдын институт”-ын сургалтаар анх ирсэн. Ингээд 2018 онд магистрын зэрэг хамгаалахаар оюутан болж байлаа. Өмнө нь зөвхөн нягтлан бодох ажлаа хийнгээ сайн дурын ажилд цаг зарцуулдаг байсан. Харин БНСУ-д үндсэн ажлаасаа гадна үйлдвэрийн ажил хийж сурсан. Маш хурдтай ажиллаж, цагийг ягштал баримталдаг болсон гэх мэт давуу талууд бий. Харин мэргэжлийн ажлаасаа зарим талаар хоцордог. Гэхдээ хоцрохгүйн тулд цахимаар тайлангаа гаргаж, хууль дүрмээ судалдаг.

2020 оны хоёрдугаар сард солонгос хэлийг илүү сайн сураарай гээд зөндөө ном бэлгэнд авав.

-Одоо цагт хүний мөс чанар муудсан гэлцэх нь бий. Та олон хүнд тусалж сайн дурын ажил хийдэг юм байна. Бидэнтэй өмнө нь хүмүүст тусалж байсан түүхүүдээсээ хуваалцаж болох уу?
-Одоо санахад оюутан байхдаа хамгийн анх удаа нэг залууд тусалж байсан юм байна. Би оюутны байранд амьдардаг байлаа. Хорооллоос автобусанд суугаад явж байтал өөдөөс нэг залуу хараад уйлаад л байсан. Нөгөө залуу “Багшийн дээдийн автобусны буудал”-д буухаар нь дагаад буучихсан. Тэгсэн өнөөх залуу автобусны буудлын сандал дээр суугаад уйлаад босохгүй байсан. Уг нь бол эмнэлэгт хоол цай хүргэж байгаа бололтой тортой юм барьчихсан байв. Би нэлээн харж байгаад шууд очоод “Чи яагаад уйлаад байгаа юм бэ. Хоол цай чинь хөрчихлөө шүү дээ” гэж асуусан юм. Тэгсэн чинь ээж нь хагалгаанд орох гээд зуун мянган төгрөг дутаад зээлэх хүн олдохгүй байна гэж хэлсэн. Тэгээд би байр руугаа дагуулж явж, мөнгө өгч байсан. Бас ээжийг нь хамт сахиж өгч байлаа. Тухайн үе буюу 2002 онд надад ах, эгч нар мөнгө өгөхөөр нь үрэхгүйгээр цамцны хайрцагт хийгээд хадгалдаг байсан юм.

Ах, эгч нар мөнгө өгөхөөр нь үрэхгүйгээр цамцны хайрцагт хийгээд хадгалдаг байсан юм.

2005 онд үйлдвэрийн нябо байхдаа нэг айлд тусалж байсан. Гэрийн эзэн олон жил шоронд хоригдоод гарч ирсэн. Хүү нь траншейнд хоргодоод дэмий тэнэдэг. Охин нь түлээнийхээ амбаарт амьдардаг байсан. Ийм айлтай таараад үнэхээр их туслахыг хүссэн. Ингээд “Хар хорин” захаас цалингаа урьдчилж аваад мөнгөөрөө шинэ гэр авч өгч байлаа. Тэр айлын хүмүүстэй одоо ч холбоотой байдаг. Түрүү жил Монголд очихдоо гэрт нь зочилсон.

Бас Тайваньд сурч байхдаа арванхоёрдугаар сарын 31-нд нэг хүний хүсэл биелүүлж өгье гэсэн чинь маш олон хүн хандсан. Тийм их хүн холбогдоно гэж бодоогүй. Тэгээд нэг эрэгтэй хүүхэд “Та үнэнээсээ туслах юм уу. Нээрээ гэж үү” гээд хамгийн түрүүнд бичсэн юм. Тэр хүүхэд сургуулийнхаа сүүлийн семестрийн төлбөрийг төлж чадахгүй байсан юм билээ. Би тухайн үед 200 ам.доллар шилжүүлж байсан. Дараа нь намайг сургуулиа төгсөөд Монголд очиход ирж уулзаад тус болсон. Одоо бол өсвөр үеийн хүүхдүүдэд илүү их анхаарал хандуулж туслахыг зорьж байна.

ӨСВӨР ҮЕИЙН ХҮҮХДҮҮДИЙГ ЧАДЛЫНХАА ХЭРЭЭР ЧИГЛҮҮЛЖ ӨГӨХИЙГ ХҮСДЭГ

2017 оны арваннэгдүгээр сар, “Ид шидийн орон”-д зочилж, ид шидтэй эгч болсон нь

-Ямар сайхан гэгээлэг түүхүүд вэ. Та өсвөр үеийн хүүхдүүдэд туслахыг зорьж байна гэлээ. Энэ талаар дэлгэрэнгүй яривал?
-“Хүүхдийн Ертөнц” нэртэй фэйсбүүк групп бий. Үүнд олон хүүхэдтэй, амьдралын боломж тааруу, өрх толгойлсон, хөгжлийн бэрхшээлтэй хүмүүсийн хүүхдүүдийг хамруулдаг. Өсвөр үеийн хүүхдүүдийг чадлынхаа хэрээр чиглүүлж өгөхийг хүсдэг. Сүүлийн нэг жилийн турш энэ тал дээр маш их анхаарч байна. “Хүүхдийн Ертөнц” группд байдаг бүх хүүхдийг өөрсдийнх нь сонирхлын  дагуу англи болон солонгос хэлний сургалтад төлбөрийг нь төлж сургадаг. Мөн ном унших, өглөөний цагийг үр бүтээлтэй ашиглах, гэр бүлтэйгээ хэрхэн ойлголцох, сурах орчноо бүрдүүлэх, цаг төлөвлөлт, зорилгоо тодорхойлох гэх мэт зүйлүүдийг зааж, туршлагаа хуваалцдаг. Тэднийг гадаад хэл сурахад нь хамтарч ном уншиж, хамтдаа дуу сурна. Үе үе тэднийгээ дагаад өсвөр насандаа буцаад оччихдог. /Инээв/

-Бидэнд гэр бүлийн хүнээ танилцуулаач?
-Нөхрийг маань Баасанхүүгийн Пүрэвдорж гэдэг. Инженер мэргэжилтэй. Бид Солонгос Улсад хамтдаа амьдарч байна.

2020.06.09 хагалгаанд орсны дараа эмнэлэгт хэвтэж буй үеийн зураг

-Та чөлөөт цагаараа юу хийх дуртай вэ?
-Ном унших, шинэ зүйл турших, ууланд алхах дуртай. Ер нь хийхийг хүссэн зүйлүүдээ бүгдийг нь жагсааж бичиж байгаад цагаа хуваарилдаг. Тэгээд л хийж өгнө дөө.

-Одоо ойролцоогоор хэчнээн ном уншаад байна вэ. Ном унших дадлыг өөртөө хэрхэн цогцлоож байв?
-2020 он гарснаас хойш 50-н ном уншсан байна. Сүүлд фэйсбүүкийн найз Б.Гэрлээ гэж охин гурван ном илгээсэн. Надад ирсэн гайхалтай бэлэгний нэг нь байсан. Тэр гурван номыг нэмбэл нийт 53-н ном уншчихсан юм байна.

Би өглөөний цагаар ном унших дадлыг өөртөө хэвшүүлсэн. Одоо бол өглөө, орой бүр нэг цаг ном  уншдаг. Миний  хоёр дахь гэр бүл болох “Book cafe Mongolia” болон “Номын жор”-ын хамт олон намайг номоос уяатай болоход хамгийн их нөлөөлсөн. Энэ хамт олноос хэрхэн өөрт хэрэгтэй номыг олж унших сонголтын талаар болон уншсанаа яаж хэрэгжүүлэх гэх мэт маш олон зүйл сурсан. Сүүлийн үед ганцаараа уншихаа больсон. Би орой бүр нөхөртөө ном уншиж өгч байгаа. Бид хамтдаа унших арван номын жагсаалт гаргасан. Түүнийгээ хэрэгжүүлэхээр зорьж байна.

Сүүлийн үед ганцаараа уншихаа больсон. Би орой бүр нөхөртөө ном уншиж өгч байгаа. Бид хамтдаа унших арван номын жагсаалт гаргасан. Түүнийгээ хэрэгжүүлэхээр зорьж байна.

-Хүн бүрийн амьдралыг харах өнцөг өөр байдаг. Таны хувьд амьдралын үнэ цэнэ, утга учрыг юу гэж хардаг вэ?
-Амьдралын үнэ цэнэ бол хүний хэн болохыг тодорхойлдог хамгийн чухал зүйл. Тиймээс үүнийг хэрхэвч мартаж болохгүй. Үргэлж санаж, сэтгэлдээ тээж явах хэрэгтэй юм шиг санагддаг. Аль болох амьдралыг өөдрөгөөр харж, урам зориг, хүсэл мөрөөдлөөр л дүүрэн байх хэрэгтэй.

СУРГУУЛИА ТӨГССӨНИЙ ДАРАА НӨХӨРТЭЙГӨӨ ХӨДӨӨ ОЧИЖ МАЛЧИН БОЛНО

-Хамгийн их урам авч, өөрийгөө хөглөдөг зүйл тань юу вэ?
-Гэр бүл, найз нөхөд, хийж буй ажил, хүрээлэн буй орчин, уул, ус, мод, намайг үзэн яддаг бас хайрладаг хүмүүс гээд бүх л зүйлээс эрч хүч, урам, ухааныг олж авдаг. Үүнээс мэдэрсэн мэдрэмжээрээ өөрийгөө хөглөх дуртай. Сайн, муу алинд ч уусалгүй одоо цагтаа амьдарч, сэтгэл амар байх хэрэгтэй гэж боддог.

-Ирээдүйн алсын хараа, цаашдын зорилгоосоо бидэнтэй хуваалцаач?
-Нөхөртэйгөө 13 жил хамтдаа амьдрахдаа бүх зүйлийг өөрийнхөө дураар төлөвлөж, хийж амьдарсан. Цаашдын том зорилгыг нөхөртөө даатгасан. Би дахиад нэг сургуульд сурахаар бэлдэж байгаа. Тэр сургуулиа төгссөний дараа нөхөртэйгөө хөдөө очиж малчин болно. Энэ мэтчилэн  хийхийг хүссэн маш их зүйл байна. Хүн хаана амьдрах нь чухал биш яаж амьдрах нь чухал.

2018 онд ээж минь БНСУ-д намайг эргэж ирсэн юм. Энэ үед кофенд дуртай ээждээ Солонгост байдаг ихэнх кофе шопыг үзүүлсэн.

-Яг одоо хэнийг хамгийн их санаж байна вэ? Хэлж амжаагүй талархлын үгээ энэ ярилцлагаар дамжуулаасай гэж хүсэж байна?
-Ээжийгээ, гэр бүл, найз нөхдөө, намайг тэнгэрээс харж байгаа олон хүнийг санаж байна. Ээжээ тандаа, Намайг бусдыг ойлгож хүндэлдэг ухаанд сургаж хүмүүжүүлсэнд үргэлж талархан хайрладаг шүү. Ах, эгч, дүү, хүргэн, бэр, сайхан ханьдаа БАЯРЛАЛАА. Дэндүү дураар минь байлгаж, хүссэнээ хийх боломж олгодог бүгдэд ТАЛАРХЪЯ.

-Ярилцсанд баярлалаа. Таны цаашдын ажил, амьдралд хамгийн гэгээн бүхнийг хүсье.
-Маш их баярлалаа.

Эх сурвалж GOGO.MN


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.