УИХ дахь Ардчилсан намын бүлэг өнөөдөр /2020.06.15/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ.
Ардчилсан намын дарга С.ЭРДЭНЭ:
-Төрийн эрх барих дээд байгууллагын сонгуулийн сурталчилгааны ажил ид дундаа өрнөж байна. Сонгуулийн үйл явцаас харахад Ардчилсан нам 21 аймаг, 9 дүүрэгт хуульд зөрчсөн үйл ажиллагаа гаргаагүй, амжилттай үргэлжилж байна. Улс орны нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал хүнд байгааг мэдэж байгаа. Цар тахал, сонгууль болж байгаатай холбогдуулан нийгэм, эдийн засгийн асуудал орхигдсон явж байна. Засгийн газар чиг үүргээ тасралтгүй үргэлжлүүлэх үүрэгтэй. Дараагийн Засгийн газар бүрэн эрх нь баталгаажих хүртэл одоогийн бүрэн эрх хэрэгжүүлж, чиг үүргээ сахиж ажиллаж үүрэгтэй байдаг. Харамсалтай нь улс орны гадаад нэр хүнд туйлын хүнд байна. Тухайлбал, хар тамхитай холбоотойгоор хар жагсаалтад орсон, санхүүгийн хувьд найдваргүй гэж зээлжих зэрэглэл хасах руу, саарал жагсаалт руу орсон. Ийм цаг үед тодорхой дүгнэлт хийж, Ардчилсан нам энэ удаагийн сонгуульд олонх болох учраас сонгуулийн үр дүнгээр байгуулагдах зохион байгуулалт, бүтцийг энэ долоо хоногт зарлахаар төлөвлөж байна. Мөн гадаад, дотоод эдийн засгийн таагүй нөхцөл байдал, онцгой нөхцөл байдлын түвшинд хүрсэн энэ цаг үед Монгол Улсын Засгийн газрыг хэн тэргүүлэх вэ гэдгийг авч хэлэлцэж, ярилцаад Ардчилсан намаас дараагийн Ерөнхий сайдад Р.Амаржаргалыг томилно гэж санал нэгтэйгээр шийдсэн.