Ярилцлага — 17 June 2020
Б.Оюумаа: Сонгогч саналын хуудсаа буруу бөглөсөн тохиолдолд нэг удаа дахин авч бөглөх эрхтэй
Түгээх

Ийгл телевикийн “Зочны ярилцлагын цаг” хөтөлбөрт Сонгуулийн ерөнхий хорооны Мэдээлэл, судалгаа, арга зүйн хэлтсийн дарга Б.Оюумаа уригдан оролцлоо.

-Хэдхэн хоногийн дараа УИХ-ын 2020 оны сонгуулийн санал авах хугацаа болох гэж байна. СЕХ санал авах бэлтгэл ажлыг хэр хангаж байна?

-Сонгуулийн бэлтгэл ажлын төгсгөлийн шат руугаа орж байна. СЕХ-ны зүгээс саналыг хуудсыг хэвлэж дууссан. Санал тоолох төхөөрөмжүүдээ шалган баталгаажуулж тус бүрд нь гэрчилгээжүүлдэг. Ингээд улс төрийн намуудын ажиглагчдыг байлцуулан түүврийн аргаар дахин шалгаж, үйл ажиллагааг нь баталгаажуулдаг. Үүний дараа орон нутагт хүргүүлэх ажил хийгдэнэ. Маш олон шат дамжлага, хяналт шалгалтаар орж байж санал тоолох төхөөрөмж хүргэгддэнэ. Энэ сарын 15-ны байдлаар 16 аймгийн 16 тойрогт санал тоолох төхөөрөмж, саналын хуудас бусад дагалдах төхөөрөмжүүд хүргэгдсэн.

-Саналын төхөөрөмж, саналын хуудсыг хүргэх ажил хэзээ дуусах вэ?

-16-нд 4 аймагт хүргэснээр орон нутагт хүргэх ажил дуусаж байгаа. Хамгийн түрүүнд авсан баруун аймгууд сумдад руугаа гаргахад бэлэн болсон. Үүн дээр нэмээд коронавирусийн халдвараас сэргийлэх сонгогчдод олгох амны хаалт, бээлий зэрэг бүгд хамтдаа сумдад хүргэх ажил эхэлсэн.

-УИХ-ын 2020 оны ээлжит сонгууль онцлогтой жил тохиолоо. Дэлхий дахинаа цар тахал гарсан энэ цаг үед УИХ-ын сонгууль болж байна. Үүнд урьдчилан сэргийлэх хэд хэдэн ажил хийгдэхээс гадна Сонгуулийн тухай хуульд өөрчлөлт орсонтой холбоотойгоор энэ жилийн сонгуулийн явцад шинэ шинэлэг өөрчлөлтүүд орсон уу?

-УИХ-ын Сонгуулийн тухай хууль сонгуулийн тогтолцоогоо олон мандаттай томсгосон тойргоор мажоритари тогтолцоогоор явуулахаар хуульчилсан. Үүнтэй уялдаад бэлтгэл ажлууд нэлээд нэмэгдсэн. Сонгогчдын зүгээс онцлог нөхцөл байдалд болж байгаа. Бид энэ нөхцөлд юуг анхаарах ёстой вэ гэхээр саналаа хэрхэн өгөх вэ гэдэг дээр анхаарах ёстой. Олон мандаттай томсгосон тойрог гэхээр 29 тойрог байгуулсан. 29 тойрог нь 2-3 мандаттай байгаа. Хэдэн мандаттай тойрогт би амьдран суудаг вэ гэдгээ сонгогч мэдэхийн тулд та бүхний гар дээр очиж байгаа тараах материалуудтай танилцаарай. Мөн СЕХ-ны сайтад байршуулсан сонгуулийн хуудасны загвар байгаа. Саналын хуудасны загварыг бүх тойргоор буюу 29 тойргоор гаргаж тавьсан. Тиймээс сонгогч манай сайт руу орж өөрийнхөө тойргийг хэдэн мандаттай гэдгээ мэдэж авах боломжтой. Иргэд саналын хуудасны зааврыг дагуу саналаа тэмдэглэхэд хүндрэл гарахгүй. Бид өмнө нь энэ системээр 2008 онд сонгуулиа явуулж байсан. Онцгой нөхцөл байдлын хувьд бид УОК-оос өгч байгаа заавар, зөвлөмж, халдвар хамгааллын асуудал дээрээ анхаарлаа хандуулахад хүндрэл гараад байхгүй гэж бодож байна.

-Томсгосон мажоритари тогтолцоо гэхээр иргэдийн дунд гурван мандаттай тойрог бол нэг намын гурван гишүүнийг дугуйлж байж тухайн иргэний санал хүчинтэй болно гэдэг ойлголт яваад байна. Санал бөглөх дээр хэд хэдэн ойлголт яригдаж байсан?

-Хууль дээр тухайн тойрог ногдсон мандатын тоотой тэнцүү санал өгнө гэж байгаа. Тэгэхээр гурван мандаттай тойргийн сонгогч гурван нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө. 2 мандаттай тойргийн сонгогч 2 нэр дэвшигчийн төлөө саналаа өгнө. Яаж сонголт хийх вэ гэдэг нь сонгогчийн өөрийнх нь хувийн асуудал. Сонгогч саналаа өгөхийн тулд сонгох гэж байгаа нэр дэвшигчийнхээ талаар хувийн мэдээллийг нь цуглуулна, мөрийн хөтөлбөрийг нь судлан дүгнэлтээ хийн нэг намын хүмүүсийг бүгдийг нь сонгох уу, эвсвэл өөр өөр намын хүмүүс сонгох уу гэдэг нь сонгогчийн өөрийнх нь сонголт. Хамгийн олон нэр дэвшигчтэй тойрогт 38 нэр дэвшигч байгаа. Тэр 38 нэр дэвшигчээс хэнийг сонгох нь тухайн сонгогчийн өөрийнх нь сонголт гэсэн үг. Хамгийн цөөхөн нь 10 нэр дэвшигчтэй тойрог байгаа. Сонгогчийг төөрөгдүүлсэн хууль бус, сонгогчийн сонголтод хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн оролдлогууд их гарч байна. Үүнд төөрөлдөж болохгүй. Албан ёсны эх сурвалж буюу СЕХ-ноос сонгогчдын боловсролд зориулж мэдээлэл хүргэж байгаа албан ёсны эх сурвалжуудаас мэдээллээ аваарай гэж хэлэх байна. Гурван мандаттай тойрог дээр хоёр нэр дэвшигчийн төлөө саналаа өгвөл санал тоолох саналын хуудсыг төхөөрөмж буцааж гаргана. Дутуу тэмдэглэгээ гээд тоолохгүй учраас үүнд сонгогч хүлээж зогсож байгаад дутуу тэмдэглэгээ гэвэл саналын хуудсаа буцааж аван бүхээгтээ очин гурав хүртэл болгоод нэмж тэмдэглэх боломжтой.

Хэрвээ гурваас илүү тэмдэглэгээ хийсэн тохиолдолд санал тоолох төхөөрөмж мөн буцааж гаргана. Гэхдээ дэлгэц дээр илүү тэмдэглээ гэсэн мэдээлэл гарна. Тэр тохиолдолд сонгогч хэсгийн хороонд мэдэгдэн нэг удаа саналын хуудас дахин авах боломжтой. Энэ бол хуулиар олгогдсон эрх.

Сонгогч саналын хуудсаа санал тоолох төхөөрөмжид уншуулсныхаа дараа хэдэн секунд хүлээх хэрэгтэй. Саналын хуудас амжилттай уншигдлаа гэсэн тохиолдолд та зөв тэмдэглэжээ гэсэн үг.

-2016 онтой харьцуулахад энэ жил сонгууль өгөх иргэний тоо нэмэгдсэн гэсэн. Үүнээс үүдэлтэй сонгогчдын ирцийн асуудал яригдана. Сонгуулийн ирц 50 хувьд хүрэхгүй бол дахин сонгууль болно гэсэн яриа байна. Энэ үнэн үү?

-Сонгогчийн ирцийн босгыг хуульд заасан байгаа. Тухайн тойргийн сонгогчдын 50-аас дээш хувь нь ирсэн тохиолдолд тойргийн сонгууль хүчинтэй болсон гэж тооцно. Ирц 50 хувь хүрэхгүй тохиолдолд тухайн хэсэг тус бүр дээр нэмэлт санал хураалт явагдана. Өөрөөр хэлбэл, өмнөх зургаан сарын 24-ний өдөр сонгуульд ирж оролцоогүй сонгогчид дараагийн нэмэлт санал хураалтаар ирж саналаа өгнө гэсэн үг.

Ирцийн хувьд энэ жил харьцангуй залуучуудын байгууллага их идэвхтэй ажиллаж байгаа. Маш олон жижиг төслүүд явж байна. Залуучуудын идэвхийг нэмэгдүүлэх тал дээр манайхтай хамтран заавар зөвлөгөө аваад хийж байгаа олон ажил байна. Олон санал, санаачилга гаргаж байгаад СЕХ талархан хамтран ажиллаж байна. Тиймээс залуусын зүгээс сонгуулийн ирц харьцангуй гайгүй байх болов уу гэж бодож байна. Хэрвээ ирц хүрэхгүйд хүрвэл нэмэлт санал хураалт зайлшгүй явуулах хэрэгтэй болно. Тухайн тойргийн ирцийг 50 хувьд хүргэж байж сонгууль хүчинтэй болно. Дахин сонгууль явуулбал үргүй зардал нэмэгдэнэ. Иргэд маш ухамсартайгаар сонгуульдаа оролцох хэрэгтэй. Сонгогчийн халууныг хэмжих, гар ариутгана гээд онцгой нөхцөл байдалд саналаа өгөх тул нэг сонгогчид ногдох хугацаа урт байх магадлалтай. Тиймээс сонгогч эртхэн очоод саналаа өгөөд хоорондын зайгаа баримтлан мэргэжлийн байгууллагаас өгч байгаа заавар зөвлөгөөг сайтар мөрдөх хэрэгтэй гэж зөвлөх байна.

Эх сурвалж: Eagle.mn


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.