“Хоригдсон” үйлчилгээний байгууллагууд хаалгаа нээж байна
Түгээх

Зургаан сарын өмнө Коронавирус буюу COVID-19 талаар хэн ч мэдэхгүй байв. БНХАУ коронавирусийн халдварыг дэлхийд албан ёсоор зарласан нь 2020 оны нэгдүгээр сарын 5-ны өдөр байв. Өчигдрийн байдлаар COVID-19 дэлхийн 216 улсад бүртгэгдэж 10 мянган хүнд халдварлан 500 мянган хүний аминд хүрчээ. Халдвар бүртгэгдсэн дээрх  216 улсаас Монгол Улс дотроосоо халдвар алдаагүй цөөн улсын нэг болоод байна. Хэдийгээр манай улсад халдварын 219 тохиолдол бүртгэгдсэн ч бүгд гаднаас зөөвөрлөгдөн орж ирсэн юм.

Монгол Улсын хувьд  хоёрдугаар сарын 13-ны өдрөөс  эхлэн өндөржүүлсэн бэлэн байдалд шилжин, хөл хориог зургадугаар сарын 30 хүртэл сунгасан. Ингэснээр олныг хамарсан урлаг, спорт, хурал, зөвлөгөөн үзвэр үйлчилгээ зэрэг олон нийтийг хамарсан арга хэмжээг хориглосон юм. Гэхдээ нийслэлийн эдийн засгийг дэмжих үүднээс үйлдвэр, үйлчилгээний газрын үйл ажиллагааг үе шаттай нээж буй. Тухайлбал, амралтын газар, ресторан, зоогийн газар, танхимын сургалт болон биеийн тамир, фитнес, номын сан, музейн үйл ажиллагааг нээсэн. Мөн худалдаа үйлчилгээний газрууд, ресторан зоогийн газруудын цагийн хуваарийг хоёр цагаар сунгаж, 00.00 цаг болгох захирамж  өнгөрсөн баасан гариг буюу зургадугаар сарын 27-ны өдрөөс эхлэн хэрэгжиж эхэлсэн байдаг.

Ингэснээр нийслэлд томоохонд тооцогдох  клубууд задгай талбай болох терраза нээж үйлчлүүлэгчдээ 00.00 цаг хүртэл авч эхэлсэн ч баарууд ажиллахгүй хэвээр байгаа юм.

Цаг нь сунгагдсан үйлчилгээний байгууллагууд урдны адил ариутгал халдваргүйжүүлэлтийг хоёр цаг тутамд гүйцэтгэх, иргэдийг нэг дор олноор цуглуулахгүй байх, мэргэжлийн байгууллагын зөвлөмж зөвлөгөөг хэрэгжүүлэх үүрэг хүлээж буй.

Зарим эх сурвалжийн мэдээлж буйгаар хотын даргын дээрх захирамжид нэмэлт өөрчлөлт оруулан, баар болон караокег нээхээр ярилцаж байсан ч зургадугаар сарын 30-ыг хүртэл харзнахаар шийдсэн бололтой. Холбогдох байгууллагуудаас тодруулахад, хотын даргын захирамж гараагүй учраас баар, караоке ажиллах ёсгүй гэдгийг хэлж байсан юм. Ямартай ч  мэргэжлийн хяналтын байгууллагаас коронавирусийн халдвараас урьдчилан сэргийлэх хүрээнд гарсан нийслэлийн Засаг даргын захирамжийн дагуу нээхээр хүлээгдэж байгаа аж ахуйн нэгжүүдэд ажлын байрандаа тогтмол ариутгал халдваргүйжүүлэлтийг хийх зөвлөмж хүргүүлжээ.

АМРАЛТЫН ГАЗАР, ФИТНЕС НЭЭГДЭВ

Эргэн сануулахад, нийслэлийн Засаг дарга С.Амарсайхан хоёрдугаар сарын 26-ны өдөр захирамж гарган дөрөвдүгээр сарын 30-ны өдрийг хүртэл нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа бүх төрлийн баар, караоке, амралт, сувиллын газар, фитнес, саун, сургалтын төвийн үйл ажиллагааг түр зогсоогоод байсан билээ.  Улмаар  дөрөвдүгээр сарын 16-ны өдрөөс эхлэн  нийслэлийн нутаг дэвсгэрт стандартын шаардлага хангах хэмжээнд үйл ажиллагаа явуулж байгаа амралтын газар, аялал жуулчлалын бааз, саун, буудал, фитнес, иогийн клуб, арав хүртэлх хүнтэй сургалтын төвийн үйл ажиллагааг нээв. Хэдийгээр коронавирусийн тархалтаас урьдчилан сэргийлэх ажил нийслэлийн хэмжээнд хэрэгжиж байгаа ч улс, нийслэлийн эдийн засгийг сэргээх, хувийн хэвшлийнхний үйл ажиллагааг дэмжих, иргэдийг гэр бүлээрээ агаар салхинд гарах боломжийг бүрдүүлж, Монгол Улсын Засгийн газраас нийслэлд үүрэг чиглэл өгсөн нь энэ юм. 

БААР, КАРАОКЕ НЭЭГДСЭН Ч ДӨРВӨН ХОНОГИЙН ДАРАА ЭРГЭН ХААГДАВ

Удалгүй Нийслэлийн Засаг даргын дөрөвдүгээр сарын 30-ны өдрийн А/590 дүгээр захирамжаар хаалгаа барьсан 945 баар, караокег нээсэн.  Гэвч бямба гаригт залуучууд бааранд шавааралдав.  Юун нөгөө цар тахлын үеийн дэглэм журам мөрдөх, олон хүн нэг дор цугларахыг хориглох. Архидан согтуурч, эмх замбараагүй байдал үүсгэсэн. Нийгэм тэр чигээрээ л хоёр өдөр баар, караоке нээх шийдвэр гаргасан хотын даргын шийдвэрийг буруутган сургалтын төвөө нээхгүй байж баар, караокег ажиллууллаа гэж ч шүүмжилсэн удаатай.Улмаар хоёр хоногийн дараа хүн хамгийн ихээр цуглардаг “Lux”, “Zu” бааруудын тусгай зөвшөөрлийг цуцалж, 31 аж ахуйн нэгж байгууллагын  тусгай зөвшөөрлийг түдгэлзүүлсэн. Учир нь захирамж зөрчин цаг хэтрүүлсэн, ариутгал халдваргүйтлийн дэглэм бариагүй буюу маск зүүж, хоёр метрийн зай бариагүй гэх шалтгаанаар Нийслэлийн засаг дарга  тавдугаар сарын 4-ны өдөр баар, караокег тодорхойгүй хугацаагаар хаах шийдвэр гаргасан.

СУРГАЛТЫН ТӨВҮҮД НЭЭГДЭВ

Цар тахлын дэгдэлтээс урьдчилан сэргийлж, УОК-ын хуралдаанаар өмчийн хэлбэр харгалзахгүй  бүх шатны боловсролын  байгууллагуудын  үйл ажиллагааг есдүгээр сарын 1 хүртэл сунгасан.  Тиймээс  сургалтын төвүүд хаалга, үүдээ цоожилж, зарим нь  ажилтнуудаа цомхотгон эдийн засгийн хямралд өртөөд буй.  УОК хорио цээрийн  дэглэмээ  зөөллөж, Засгийн газрын 193 дүгээр тогтоолоор бүх шатны боловсролын сургалтын төвүүдийг есдүгээр сарын 1-н хүртэл хязгаарласан заалтыг өөрчлөх  санал гаргасан.  Уг саналын дагуу тавдугаар сарын 6-ны өдөр Засгийн газрын ээлжит хуралдаанаар сургалтын төвүүдийг үе шаттай нээсэн.   

Монгол Улсад өнөөдрийн байдлаар 1088 сургалтын төв үйл ажиллагаа явуулж байгаагаас  414 нь анхан шатны ур чадвар олгох сургалт,  255 нь гадаад хэл заадаг байна. Мөн жолооны 419 сургалтын төв үйл ажиллагаа явуулах албан ёсны зөвшөөрөлтэй аж.Өнгөрсөн гурван сарын хугацаанд байрны түрээс, багш, ажилчдын цалин шимтгэл, арилжааны банкуудын зээлээ төлж чадахгүйд хүрсэн 300 гаруй сургалтын төв хэдийнэ дампуурчээ.

ЦАР ТАХЛААС ҮҮДЭЛТЭЙ ААН-ҮҮДИЙН 73 ХУВЬ НЬ ХҮНДЭРЧЭЭ

МҮХАҮТ-аас гаргасан сүүлийн судалгаагаар Монголд бизнес эрхлэгч 10 ААН-ийн долоогийнх нь үйл ажиллагаа хүндрээд байгаа аж. Өнгөрсөн зургаан сарын хугацаанд МҮХАТ бизнесийн орчинд гурван удаа судалгаа явуулахад эхний судалгаагаар нийт хамрагдсан ААН-ийн 57 хувьд цар тахлаас үүдэлтэй хүндрэл нөлөөлсөн байжээ. Харин энэ нөлөөлөл хоёр дахь судалгаагаар 67 хувь, сүүлийн судалгаагаар 73 хувь болж өссөн байна. Мөн  орлогод үзүүлж байгаа нөлөөг судалгаагаар харахад эхэн үеийн хүлээж байсан төлвөөс харьцангуй бага болжээ. Гэхдээ орлого буураагүй бизнес гэж алга. Анх гуравдугаар сард нөхцөл байдлын талаар танилцуулж байхад 5-8 дугаар сарыг хүнд үе гэж харж байсан. Гэвч одоогийн нөхцөл байдлаас харахад  долдугаар сард илүү олон асуудалтай нүүр тулахаар харагдаж байгааг судалгаанд онцолсон байна.

Судалгаанд хамрагдсан бизнес эрхлэгчдийг салбараар нь авч үзвэл аялал жуулчлалын салбарын 88 хувь тэг зогсчээ. Үүний дараа зочид буудал зоогийн газрууд, боловсрол, тээвэр зэрэг үйлчилгээ хүнд байдалд байна. Харин мэдээлэл холбооны салбарт хамгийн бага нөлөөлж байна. Энэ жил ипотекийн зээлийг шийдсэнээр барилгын салбар харьцангуй эрсдэл багатай байгаа аж.

Э.БУРАМ


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.