Онцлох мэдээ — 11 July 2020
Цахим онцлогтой Монгол наадам
Түгээх

Тулгар төрийн 2229, Их Монгол Улс байгуулагдсаны 814, Ардын хувьсгалын 99 жилийн ойн Үндэсний баяр наадам эхэллээ. Дэлхийд ганцхан Монгол наадам энэ цагийг гэрчилж, өмнөх түүхийг бататгаж, ирээдүйг гэрэлтүүлэх түүчээ нь юм. Нүүдэлчдийн анхны наадам Хүннүгийн үеэс эхтэй болохыг Хятадын судар бичигт тэмдэглэн үлдээжээ. Хүннүчүүд зуны дэлгэр сард хурдан морь, хүчит бөх, сур харваагаар хурд, бяр, цэц мэргэнээ сорьдог байв. Хожим Их Монгол улсыг тунхагласан Чингис хааны үеэс эхлэн эрийн гурван наадам буюу Төрийн их ёслол, баяр наадам хийдэг уламжлал тогтсон билээ.

Энэ жил дэлхий нийтийг хамарсан цар тахлаас үүдэлтэй баяр наадмыг хүний бөөгнөрөл үүсгэхгүйгээр улс, аймаг, сум, дүүрэгт нэгэн зэрэг долоодугаар сарын 11-12ны өдрүүдэд зохион байгуулахаар шийдвэрлэсэн юм.

Үндэсний их баяр наадмын нээлт, хүчит бөхийн барилдаан, сур, шагайн харвааг “XIII зуун” байгалийн цогцолборт газрын төв талбайд болно. Харин хурдан морины уралдааныг уламжлал ёсоор “Хүй долоон худаг”-т зохион байгуулж байна. Ингэхдээ наадамд оролцох бөхчүүд, сур шагай харваачид, уяачид, морь унаач хүүхдүүд болон бусад дагалдах оролцогчдыг эрүүл мэндийн урьдчилсан үзлэгт оруулж, халдвар хамгааллын дэглэмийг чанд сахиулахаар ажиллаж байна.

Улс орон гамшгаас хамгаалах өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт байгаа тул баяр наадмын талбайд үзэгч нэвтрүүлэхгүй. Бөхийн барилдаан, сур шагайн харваа, 6 насны морин уралдааныг техникийн дэвшил, технологийн шийдлийг ашиглан нийт ард түмэндээ теле болон онлайн хэлбэрээр орон даяар шууд дамжуулан үзүүлнэ. Тухайлбал, Монголын телевизүүдийн холбооны 16 телевиз хамтран баяр наадмыг дөрвөн агуулгаар төрөлжүүлэн шууд дамжуулан хүргэж байна.

Цахим онцлогтой Монгол наадам
Цахим онцлогтой Монгол наадам
Цахим онцлогтой Монгол наадам
Цахим онцлогтой Монгол наадам

Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.