НИЙГЭМ — 28 July 2020
Алтны ханш 2000 ам.доллар хүрэхэд ойрхон байна
Түгээх

Олон улсын зах зээл дээр алтны ханш өчигдөр (2020.7.27) түүхэн дээд хэмжээнд хүрч өслөө. Түгшүүрт автсан хөрөнгө оруулагчид мөнгөө эрсдлээс хамгаалахын тулд хатуу валютад шилжүүлэх болсноор алтны ханш өсчээ. Дэлхийн хоёр том эдийн засаг болох АНУ, Хятадын хооронд худалдааны дайн өдрөөс өдөрт хурцадсаар буйн дээр коронавирусийн цар тахлын гамшиг үргэлжилсээр байна. Аливаа санхүүгийн хямрал, уналтын үед шар металлын  ханш өсдөг жамаар унци алтны ханш Даваа гаригт 1944.92 ам.долларт хүрчээ. Энэ 2020 он гарсаар алтны ханш 28 хувиар өсөөд байна.

“BullionVault” үнэт металлын худалдааны компанийн захирал Адриан Ашийн хэлснээр эрсдлээс хамгаалагдахын тулд жилд хөрөнгө оруулах мөнгөний 0.12 хувийг алт эзэлж байх ёстой хэмээжээ. 12.5 кг алтны гулдмай одоогийн байдлаар 600 мянган фунт-стерлингээр зарагдаж байна. Түүнчлэн алт нь үнэт  эдлэл, ухаалаг гар утасны чип үйлдвэрлэл зэрэг үйлдвэрлэлийн бүх л шатанд ашиглагдаж буй нь түүний ханшийг улам нэмэгдүүлэх аж.

Үүний зэрэгцээ ам.долларын ханш суларч байгаа нь алтны ханш өсөх бас нэгэн шалтгаан болж байна. Өөрөөр хэлбэл, худалдан авагчид ам.доллараас өөр бусад валютыг голчлон ашиглах эсвэл алтаар наймаалцах нь нэмэгдсэнтэй холбоотой аж. АНУ, Хятадын зөрчил хурцдаж, харилцан Хьюстон болон Ченгду хот дахь Консулын газруудаа хаасан нь хөрөнгө оруулагч, бизнесменүүдийг түгшээж байна. Улмаар ам.долларын ханш 2018 оны есдүгээр сараас хойш хамгийн доод хэмжээнд хүрч суларчээ. АНУ-ын Холбооны нөөцийн сангаас энэ долоо хоногт ам.долларын ханш суларсантай холбоотойгоор мөнгөний бодлогоо хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Коронавирустэй холбоотой хямрал даамжирсан учраас АНУ-ын Холбооны нөөцийн сан /Төв банк/ 2008 оноос хойш анх удаа бодлогын хүүгээ бууруулж, гуравдугаар сарын 3-нд 1-1,25 хувь болгосон бол хоёр долоо хоногийн дараа 0-0,25 хувь руу буулгасан нь алтны үнэ өсөхөд нөлөөлсөн томоохон хүчин зүйл болжээ.

Ямар ч тохиолдолд алтны үнэ огцом өсөх нь хямрал нүүрлэхийн дохио мөн. Гэхдээ манай Монгол Улсын хувьд нүүрсний экспорт саарч, валютын нөөц буурч байгаа энэ үед алтны ханш нэмэгдсэн нь нөгөө талаас таатай мэдээ юм.  Хил хаагдсан хугацаанд буюу 2020 оны хоёрдугаар сард иргэд, аж ахуйн нэгжүүд  Монголбанкинд 952.6 кг алт тушаасан нь даруй 10 дахин өссөн үзүүлэлт /2019 оны хоёрдугаар сард аж ахуйн нэгжүүд Монголбанкинд 95.9 кг алт тушааж байжээ/ гэдгийг эдийн засагч Ж.Батсуурь дурдаж байсан.

Олон улсын зах зээл дээрх мөнгөний ханш ч өсч байна. Мөнгөний ханш 2019 оны есдүгээр сараас хойш хамгийн их өсч, 24.36 ам.долларт хүрчээ. Энэ нь өнгөрсөн оныхоос 6 хувиар өссөн үзүүлэлт аж.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.