Онцлох мэдээ — 07 August 2020
Дарь-Эхийн авто замыг нээх хугацааг 7-10 хоног хойшлуулна
Түгээх

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан, нийслэлийн ИТХ-ын төлөөлөгч Ш.Үнэнбат, нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра нар  Баянзүрх дүүргийн 2, 27 дугаар хороо “Дарь-Эхийн гудамж”-ны эхний ээлжийн 3.3 км авто замын засвар шинэчлэлтийн ажлын явцыг шалгалаа. Зам засварын ажлыг энэ сарын 10-нд дуусгаж, зорчих хэсгийг нээх байсан. Гэвч ажлын явцад хөрс солих шаардлагатай нөхцөл байдал үүссэн тул авто зам нээх хугацааг хойшлуулахаар болжээ. Энэ талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Б.Индра “Дарь-Эхийн энэ зам түлхүүр гардуулах нөхцөлтэйгөөр явж байсан. Гэтэл барилгын ажлын явцад хар шороо гарч ирсэн тул хөрсийг солих шаардлага үүсээд байна. Ийм хөрсөн дээр хучилт хийвэл даац, насжилтын хувьд чанарын шаардлага хангахгүй. Ийм учир бид эхний ээлжийн 400 метр замыг хөлдөлтөөс хамгаалах дайрга, хайрга бүгдийг үе шаттайгаар хийж байж чанартай зам барина. Иймээс зорчих хэсгийг нээх хугацаа хойшлогдохоор нөхцөл байдал үүсээд байна” гэлээ.

Нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан үүсээд байгаа нөхцөл байдлыг шалгасны дараагаар “Ийм хөрсийг хучиж хэрхэвч болохгүй. Стандартын дагуу хучилтыг хийж ажиллах ёстой. Хэдийгээр хоног хугацаа хойшилж байгаа хэдий ч чанартай зам барих нь чухал. Эхний ээлжийн 400 метр замын ажлаа яаралтай эхлүүлж, ажиллах хүчний ачааллаа нэмэх хэрэгтэй. Мөн хөдөлмөр аюулгүй байдлаа хангаж ажиллах ёстой. Зорчих хэсгийг нээх ажил 7-10 хоног хойшлуулахаар байгаа тул иргэд та бүхэн ойлгож хүлээж авна гэж бодож байна” гэв.

Дарь-Эхийн замд 2010 оноос хойш засвар шинэчлэлтийн ажил хийгээгүй байна. Борооны ус ихээр хуримтлагдаж, улмаар авто замын эвдрэл үүсгэдэг. Зам засварын ажлыг хийхдээ эхний ээлжийн 3.3 км авто замд нийт 12 ус зайлуулах шугам хоолойг суурилуулахаас гадна гэрэлтүүлэг, хоёр талаараа явган хүний замыг хийхээр төлөвлөн ажиллаж байна. 


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.