Аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд санал болгоно
Түгээх

Эрх баригч хүчин ирэх аравдугаар сард болох орон нутгийн сонгуулийн үр дүнгээр байгуулагдах нутгийн өөрөө удирдах байгууллагыг цоо шинэ эрх зүйн орчноор тохинуулах нь ээ.

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтийг дагуулан шинэчлэхээр өмнөх парламентын үед өргөн баригдсан байсан Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийг УИХ –ын ээлжит бус чуулганаар хэлэлцэн, батлахаар яаравчилсан нь  орон нутгийн сонгуульд  олонхи болж чадаагүй нөхцөлд Засаг даргаар дамжуулаад эрх мэдлээ алдахгүй байх тооцоо хийв үү гэх хардлагад хөтлөөд байна.

Учир нь Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийн хэрэгжих хугацааг  2022 оноор огноолсон байсан ч хоёр жилээр урагш татан, 2020 оны аравдугаар сараас мөрдүүлэх чиг барьж буй аж. МАН УИХ-д 62 суудалтай,  иймээс төсөл ногоон гэрлээр батлагдана.

Хуулийн төсөлд туссан анхаарал татах нэгэн заалт нь аймаг, нийслэлийн Засаг даргыг Иргэдийн хурлын төлөөлөгчийн барьцаанаас гаргаж, Ерөнхий сайдад шилжүүлэх.

Одоо хүчин төгөлдөр хэрэгжиж буй хуулиар аймаг, нийслэлийн Засаг даргыг тухайн шатны Иргэдийн хурлын төлөөлөгчдийн хурлаар хэлэлцэн, нэрийг нь тодруулж, Ерөнхий сайдад санал болгон батламжилдаг.

Харин дээрх хуулийн шинэчлэлээр аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд Иргэдийн төлөөлөгчдийн хуралд санал болгосноор хэлэлцэн батлах бол аймаг, нийслэлийн Засаг дарга хамтран ажиллах сум, дүүргийн Засаг даргаа  харьяа Иргэдийн төлөөлөгчдийн хуралдаа санал болгосноор томилно.

Засаг даргыгаа албан тушаалаар нь барьцаалдаг гэгддэг Иргэдийн төлөөлөгчдийн хурлын эрх мэдэл дээрх заалтаар хумигдах ч Засаг ноёд Ерөнхий сайдаас шууд хамааралтай болж буй юм. Нэг үгээр хэлбэл,  чонын амнаас гарч, барын аманд орно л гэж ойлгож болно.

Олон хүнд дарамтлуулахгүй нь нэг талдаа зовлонг нь багасгах ч УИХ-аа ч тараах эрх мэдэлтэй Ерөнхий сайдын барьцаанд орно гэдэг бол хүсээд байх зохицуулалт биш.  Иргэдийн төлөөлөгчдийн хурлын барьцаанд байснаас ч илүү новшин болох талтай. Гэвч олон жил хэл ам таталж, салхи оруулсан энэхүү заалтыг өөрчлөх сонирхол эрх баригч хүчинд алга байна.

Уг нь сумын Иргэдийн төлөөлөгчдийн хуралд нэр дэвшигчийг намаас нэр дэвшүүлэхгүй, аймаг, нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хуралд төлөөлөгч нэр дэвшүүлсэн нам  сонгогдсон гишүүндээ үүрэг хүлээлгэхгүй байх зэрэг заалтыг хуульд оруулсан  байгаа нөхцөлд  аймаг, нийслэлийн Засаг даргыгаа Иргэдийн Төлөөлөгчдийн хурал нь нэр дэвшүүлж, огцруулдаг хуучин зохицуулалтаа хэвээр хадгалвал зохистой биш үү гэх санал гарч байсан ч дэмжлэг хүлээгээгүй, иймээс төсөлд заасан хэлбэрээрээ батлагдах нь цаг хугацааны л асуудал болж хувирч байна.

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөлд бүх шатны Засаг дарга, Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчийг ямар зарчмаар сонгох, аймаг сум, дүүрэг хэчнээн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчтэй байх вэ гэдгийг дараах томъёоллоор зааж өгчээ.

Засаг даргын бүрэн эрхийн хугацаа 4 жил байна

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийн 45 дугаар зүйл. Засаг дарга, түүнийг томилох:

45.1.Аймаг,  нийслэл,  сум,  дүүрэг,  баг,  хорооны  Засаг  дарга  нь  харьяалах нутаг   дэвсгэртээ   төрийн   удирдлагыг   хэрэгжүүлэх   чиг   үүрэг   бүхий   төрийн төлөөлөгч мөн.

45.2.Баг,  хорооны  Засаг  даргад  тухайн  нэгжийн  нийтийн  Хуралд  оролцож байгаа иргэд, аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг даргад тухайн Хурал дахь нам, эвслийн бүлэг, эсхүл Хурлын төлөөлөгч тус тус нэр дэвшүүлэх эрхтэй бөгөөд уг Хурлын хуралдаанд оролцсон иргэд, төлөөлөгчдийн олонхийн буюу 50-иас дээш хувийн санал авсан нэр дэвшигчийг томилуулахаар эрх бүхий албан тушаалтанд санал болгоно.

45.3.Энэ  хуулийн  45.2-т  зааснаар  нэр  дэвшүүлсэн  бол  аймаг,  нийслэлийн Засаг  даргыг  Монгол  Улсын  Ерөнхий  сайд,  сум,  дүүргийн  Засаг  даргыг  аймаг, нийслэлийн Засаг дарга, баг, хорооны Засаг даргыг сум, дүүргийн Засаг дарга тус тус  4  жилийн  хугацаагаар  томилох  бөгөөд  нөхөн  томилогдсон  Засаг  даргад  энэ хугацаа хамаарахгүй.

45.4.Энэ хуулийн 45.2-т заасан нэр дэвшигчийг мөн хуулийн 45.3-т заасан эрх  бүхий   албан   тушаалтан   томилохоос   татгалзвал   зохих   шатны   Хурал   15 хоногийн  дотор  энэ  хуулийн  45.2-т  заасан  журмаар  Засаг  даргад  дахин  нэр дэвшүүлэх бөгөөд томилох эрх бүхий албан тушаалтан Хурлын тогтоолыг хүлээн авснаас хойш 5 өдөрт багтаан томилох шийдвэр гаргах үүрэгтэй.

45.5.Аймаг,  нийслэл,  сум,  дүүргийн  Засаг  даргад  нэр  дэвшигч  нь  дараах шаардлагыг хангасан байна:

45.5.1.дээд боловсролтой;

45.5.2.төрийн албанд 3-аас доошгүй жил ажилласан;

45.5.3.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;

45.5.4.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх;

45.5.5.ялгүй байх.

45.6.Баг,   хорооны   Засаг   даргад   нэр   дэвшигч   нь   дараах   шаардлагыг хангасан байна:

45.6.1.дээд боловсролтой:

45.6.2.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон зээл, батлан даалтын болон бусад гэрээгээр хүлээсэн хугацаа хэтэрсэн өргүй байх;

45.6.3.шүүхийн шийдвэрээр тогтоогдсон татварын өр төлбөргүй байх;

45.6.4.ялгүй байх.

45.7.Засаг   даргыг   өөр   ажилд   томилох   тохиолдолд   эрх   бүхий   албан тушаалтан зохих шатны Хурлын Тэргүүлэгчидтэй урьдчилан зөвшилцөнө.

45.8.Сум,  дүүрэг,  баг,  хорооны  Засаг  дарга  тухайн  Хурлын  болон  дээд шатны Засаг даргын өмнө, аймаг, нийслэлийн Засаг дарга тухайн Хурлын болон Ерөнхий сайдын өмнө ажлаа хариуцна.

45.9.Аймаг, нийслэл, сум, дүүргийн Засаг дарга ажлаа тухайн Хуралд, баг, хорооны Засаг дарга иргэдэд тус тус жил бүр тайлагнана.

Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын бүрэн эрхийн хугацаа 4 жил байна

Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийн 28 дугаар зүйл. Аймаг нийслэл, сум дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурал, түүний төлөөлөгч:

28.1.Аймаг,   нийслэл,   сум,   дүүргийн   иргэдийн   Төлөөлөгчдийн   Хурал

/цаашид “Хурал” гэх/-ын бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил байна.

28.2.Ээлжит  бус  сонгуулиар  байгуулагдсан  Хурлын  бүрэн  эрхийн  хугацаа нь  ээлжит  сонгуулиар  байгуулагдсан  Хурлын  бүрэн  эрхийн  үлдсэн  хугацаатай адил байна.

28.3.Аймаг,  нийслэл,  сумын  Хурлын  төлөөлөгч  нь  тухайн  засаг  захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид байнга оршин суугч байна.

28.4.Дүүргийн  Хурлын  төлөөлөгч  нь  тухайн  дүүрэгт  байнга  оршин  суугч, эсхүл дүүргийн нутаг дэвсгэр дэх байгууллага, аж ахуйн нэгжид ажил, хөдөлмөр эрхлэгч байна.

28.5.Хурлын  төлөөлөгчдийн  бүрэн  эрхийн  хугацаа  тухайн  Хурлын  шинээр сонгогдсон  төлөөлөгчдийн  бүрэн  эрхийг  хүлээн  зөвшөөрснөөр  дуусгавар  болно.

29 дүгээр зүйл. Хурлын төлөөлөгчдийн тоо

29.1.Нийслэлийн Хурлын төлөөлөгчдийн тоо нь 45 байна.

29.2.Аймгийн Хурлын төлөөлөгчдийн тоо N-ийг хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан дараах томьёогоор тодорхойлогдох

n гэсэн тоонд үндэслэнбусад тохиолдолд N=n гэж тогтооно:

Үүнд:

a нь аймгийн төвийн сумын багийн тоо;

b нь аймгийн төвийн сумаас бусад сумын тоо; c нь а+b сондгой бол 1, тэгш бол 0-тэй тэнцүү; сондгой бол 0, тэгш бол 1-тэй тэнцүү.

29.3.Сумын Хурлын төлөөлөгчдийн тоог хүн амын нягтрал байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан дараах байдлаар тогтооно:

29.3.1.сумын хүн амын тоо нь 2000 хүртэл бол 15;

29.3.2.сумын хүн амын тоо нь 2000-5000 хүртэл бол 21;

29.3.3.сумын хүн амын тоо нь 5000-9000 хүртэл бол 27;

29.3.4.сумын хүн амын тоо нь 9000 ба түүнээс дээш бол 31.

29.4.Дүүргийн  Хурлын  төлөөлөгчдийн  тоог  хүн  амын  нягтрал  байршил, засаг захиргааны нэгжийн бүтцийг харгалзан дараах байдлаар тогтооно:

29.4.1.дүүргийн хүн амын тоо нь 20000 хүртэл бол 17;

29.4.2.дүүргийн хүн амын тоо нь 20000-80000 хүртэл бол 25;

29.4.3.дүүргийн хүн амын тоо нь 80000-180000 хүртэл бол 35;

29.4.4.дүүргийн хүн амын тоо нь 180000 ба түүнээс дээш бол 41.”

29.5.Аймаг,  нийслэл,  сум,  дүүргийн  Хурлын  төлөөлөгчдийн  гуравны  нэг хүртэлх  хувь  нь  төрийн  албаны  тухай  хууль  тогтоомжид  заасан  журмын  дагуу төрийн захиргааны албан тушаал эрхэлж болно.

Г.ХОРОЛ


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.