Онцлох мэдээ — 14 August 2020
Коронавирусын вакцины эргэн тойронд
Түгээх

Өчигдрийн байдлаар дэлхийн хэмжээнд 20.8 сая хүн коронавирусын халдвараар өвчилж, 747 мянган хүн нас баржээ.  Ийм аюултай вирустай хүн төрөлхтөн өнгөрсөн нэгдүгээр сараас хойш тэмцэж байна.  Олон оронд хөл хорио тогтоож, онц байдал зарлан арга хэмжээ авч байгаа ч вирусын тархалт хүрээгээ тэлсээр. Хүний амь эрсэдсээр байгаа нь харамсалтай.  ДЭМБ-аас өвчний эсрэг хамгийн үр дүнтэй арга нь вакцин болохыг аль хэдийнэ хүлээн зөвшөөрсөн.  Тиймээс коронавирусын эсрэг вакцинуудын талаарх мэдээллийг тоймлон хүргэж байна.

БАРУУНЫ ЭРДЭМТЭД:  ИРЭХ ОНД ВАКЦИН БЭЛЭН БОЛНО

Дэлхийн өнцөг булан бүрт судлаачид коронавирусын эсрэг вакцины судалгааг хийж байна. Эмнэлзүйн судалгааны нэгдсэн сангаас харахад давхардсан тоогоор 172 судалгааг судлаачид эхлүүлжээ. Эдгээрээс 80 нь нэлээд идэвхитэй  төвшинд ажиллаж байгаа юм.  Мөн  ДЭМБ-ын мэдээллээр 165 гаруй вакциныг судлан хөгжүүлж байгаа бөгөөд одоогоор 27 вакцин хүн дээр хийх эмнэлзүйн туршилт судалгааны шатанд байгаа юм.  Вакцин хүмүүст хүрэхээс өмнө олон жилийн судалгаа, шинжилгээ шаарддаг. Тиймээс барууны эрдэмтэн судлаачид дараа жил гэхэд коронавирусын  эсрэг аюулгүй, үр дүнтэй вакцин бэлэн болно гэж мэдэгдсэн байдаг. 

ВАКЦИН ЯМАР ЗАМЫГ ТУУЛЖ, БАТАЛГААЖДАГ ВЭ?

Эмнэлзүйн хувьд дөрвөн шатны судалгааг хангаж байж, вакцин бүрэн баталгааждаг гэсэн мэдээллийг “Оном” сангийн судлаачдын баг өгч байна.  Коронавирусын вакцин ч ялгаагүй гэнэ.  Тухайлбал, эмнэлзүйн өмнөх шатанд судлаачид хулгана, сармагчин зэрэг амьтад дархлааны хариу урвал үзүүлэх эсэхийг судалдаг.  Улмаар дараа нь цөөн тооны хүмүүст өгч, аюулгүй байдал болон дархлааны тогтолцоог идэвхжүүлдэг болохыг баталдаг. Харин эмнэлзүйн судалгааны хоёрдугаар шатанд хүүхдүүд, ахмад настан гэх мэт бүлэгт хуваагдсан олон зуун хүмүүст өгөх ба эдгээр бүлэгт вакцины үйлчлэл өөр байгаа эсэхийг судалдаг. Энэ оны зургадугаар сард Америкийн эм хүнсний агентлаг вакцин хийлгэсэн хүмүүсийн хамгийн багадаа 50 хувийг хамгаалж чадвал үр дүнтэй гэж үзнэ гэж тэмдэглэсэн байна.  Хамгийн сүүлийн буюу гуравдугаар шатанд судлаачид олон мянган хүнд вакцин эсвэл вакцинтай адилхан харагдах боловч ямар нэг идэвхит бодис өгч хоёр бүлгийг харьцуулан судална. Вакцин хэрэглэсэн хүмүүсийг нөгөө бүлэгтэй харьцуулахад халдвар авах нь бага байгаа эсэхийг хардаг.  Энэ шатны судалгаагаар вакцин нь коронавирусаас хамгаалж байгаа эсэхийг тодорхойлох боломжтой. Мөн улс орнуудын эмийн агентлагууд дээрх судалгаануудын үр дүнг авч үзэж, хянаад тухайн вакциныг олон нийтэд хэрэглэх зөвшөөрөл олгох эсэхээ шийддэг байна.

ОХУ-ЫН ГАРГАСАН ВАКЦИНЫГ ДЭМБ ЯАГААД  ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРӨӨГҮЙ ВЭ?

ОХУ коронавирусын эсрэг вакцины II шатны туршилтаа хараахан дуусаагүй, III шатны туршилтаа эхлээгүй боловч  вакцин гарган авснаа зарлав.  Энэ нь олон улсын эрдэмтэн судлаачдын зүгээс нэлээд шүүмжлэл дагуулаад байна. ДЭМБ-аас ч ОХУ-аас гаргасан вакциныг хүлээн зөвшөөрөөгүй байна. ДЭМБ-ын эрүүл мэндийн хөтөлбөрийн газрын захирал Рана аль-Хажа ОХУ-ын мэдэгдлийн дараагаар  “Туршилтын шаардлагатай бүх үе шатыг давсан вакцин гэж баттай хэлж чадахгүй. Вакциныг олон улсад хэрэглэх боломжтой болгохын тулд бид үнэлэх шаардлагатай. Аль ч вакциныг гарган авахад үр дүнтэй, аюулгүй байдлын болон цаашдын хөгжлийн баталгаа болсон гурван үе шатыг давах ёстой. Вакцин үр дүнтэй байж болох хэдий ч аюулгүй байдлын баталгаа хангалтгүй байж болох бөгөөд түүний үзүүлэх гаж нөлөө нь вирусаас ч хортой юм. Оросын вакцин туршилтын хоёр үе шатыг давж, одоогоор гуравдугаар үеийн эхний шатандаа явж буй. Вакциныг ОХУ-ын нутаг дэвсгэрт ашиглах боломж хэдийнэ бий болсон ч туршилтын бүх үе шат дуусаагүй” гэжээ.  Мөн энэ асуудлаар ДЭМБ-ын төлөөлөл  ОХУ-ын эрдэмтэн судлаачдын багтай уулзаад эхэлсэн байна.  ОХУ-ын хувьд  ирэх аравдугаар сараас иргэдээ вакцинд хамруулахаар болжээ. Мөн   Турк, Арабын нэгдсэн Эмират улс,  Филипил тус  ОХУ-ын вакцины III шатны туршилтад оролцоно гэдгээ одоогоор мэдэгдээд байгаа юм.

ХАРИН МАНАЙ УЛС…

Манай улсад өчигдрийн байдлаар нэмж, дөрвөн  халдвартай тохиолдол бүртгэгдэж, нийт 297 хүн коронавирусаар өвчлөөд байна. Тодруулбал, энэ сарын 11-нд Прага-Улаанбаатар чиглэлийн тусгай нислэгээр ирсэн 73, 20 настай хоёр эмэгтэй, Алтанбулагийн боомтоор ирж, Орхон аймагт тусгаарлагдаж байгаа 24 настай эрэгтэй, Дархан-Уул аймагт тусгаарлагдаж байгаа ОХУ-ын иргэн, 65 настай эмэгтэйн шинжилгээний хариу эерэг гарчээ.   Вакцин гаргаж авах асуудалд хөрш улсууд маань хоёулаа олон улсын түвшинд идэвхитэй байна.   Хойд хөршийн хувьд вакцин бэлэн болсон гэдгээ мэдэгдсэн бол  БНХАУ-ын тухайд коронавирусын эсрэг вакцины гурав дахь шатны туршилт судалгаа эхэлсэн гэх мэдээлэл байгаа юм.  Шийдвэр гаргагчдын зүгээс аль орны вакциныг  худалдан авахаа хараахан зарлаагүй байна.  ЭМЯ энэ асуудлаар “ДЭМБ-аас баталгаажуулсан аль ч орны вакциныг захиалахад бэлэн байна” гэж мэдэгдсэн. Харин энэ долоо хоногт Шадар сайд Я.Содбаатар БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Цай Вэньруйг хүлээн авч уулзах үеэр Элчин сайд БНХАУ коронавирусын халдварын эсрэг вакцин гаргахаар шуурхай ажиллаж байгааг дурдаад ДЭМБ-аас БНХАУ-ын гаргасан вакциныг баталгаажуулбал эхний ээлжинд манай нийлүүлэхээ илэрхийлсэн  байна.

Ийнхүү дэлхий даяар коронавирус моодноос гарч, түүний эсрэг вакцинд илүү анхаарал хандуулж эхлээд байгаа юм. Энэ чиглэлээр судалгаа хийдэг эрдэмтэд болон албан хүмүүсийн байр суурийг хүргэж байна.

Экспертийн үг

“ОНОМ” САНГИЙН ЕРѲНХИЙ ЗАХИРАЛ,  АНАГААХ УХААНЫ ДОКТОР Д.НАРАНЖАРГАЛ: ДЭЛХИЙН АСУУДАЛ УЧРААС УЛС ОРОН БОЛГОН ӨӨРИЙН ДҮРМЭЭР ЯВАХ НЬ БУРУУ

-Коронавирусын эсрэг олон вакцин  яригдаж байна.  Гэхдээ вакцин туршихад олон улсад зөвшөөрөгдсөн эмнэлзүйн тодорхой зарчим байдаг. Эхлээд хүн дээр биш амьтан дээр турших тохиолдол бий.   Мөн нэгдүгээр шатандаа цөөн тооны буюу 40-50 суурь өвчлөлгүй залуу хүмүүст тарих. Хоёрдугаарт, 400-500 хүнийг хамруулах.  Ингэхдээ хөгшин, залуу, хүүхэд, өвчтэй хүмүүс дээр туршиж болно.  Харин гуравдугаар шатандаа хэдэн мянган хүнд хийнэ.  Вакцины үр дүн аюулгүй байдлыг ингэж судалж, үнэлэлт дүгнэлтээ өгнө.   Харин ОХУ гурав дахь шатны туршилтыг хийхгүйгээр хоёр дахь шатнаас эхлэн вакцин гаргаж авснаа зарлалаа.  Эмнэлзүйн түүхэнд шинэ зүйл болж байна.   Уг нь вакцин бүтээх үйл явц  олон улсад нээлттэй, явагддаг.   Гэтэл ОХУ-ын судалгаа шинжилгээний ажил тодорхой биш байлаа.  Судалгаа шинжилгээний явц, вакцины орц найрлагыг үзээгүй болохоор судлаачийн зүгээс сайн, муу болсон гэж хэлэх эрт байна.  БНХАУ-ын вакцин гаргаж авах явц хоёр дахь шатандаа яваа гэж ойлгосон.  Олон улсад нээлттэй хэвлүүлсэн.  Туршилтын ажлууд хийгдэж байна.   Том өнцгөөр харвал коронавирусын вакцины асуудалд улс орон болгон өөрийн тоглолтыг хийж байгаа нь буруу санагддаг.  Энэ бол дэлхийн хүн төрөлхтний асуудал учраас судалгаа шинжилгээтэй, яг дүрэм журмынх  дагуу вакцинаа гаргаж авах нь чухал.

ЭРҮҮЛ МЭНДИЙН ДЭД САЙД АСАН, АНАГААХ УХААНЫ ДОКТОР Ж.АМАРСАНАА:УРД ХӨРШ ЦЭРГИЙН МЭРГЭЖИЛТНҮҮДЭЭ ДАЙЧИЛЖ БАЙНА

-Вакцин гаргаж авахад шинжлэх ухааны үндэслэл чухал. Түүнээс биш ямар улс түрүүлж хөдлөх вэ гэдэг нь чухал биш. Ямар ч орон гаргаж чадна. Одоогоор олон вакцин туршигдаж байгаа. Харин ОХУ вакцин гаргаж авснаа зарлажээ. Үйл явцыг харахад иргэд дээр хийсэн нарийн туршилт судалгаа сул байна.  Өвчнөөс хамгаалах эсрэг биетийг яаж үүсгэж байгаа юм. Дархлааны тогтолцоог яаж бат бөх болгох вэ гээд эмнэлзүйн мэдээллүүд алга.  Гэхдээ одоо жинхэнэ вирусын тулалдаанд ороод ирэхээр үр дүн нь харагдах болов уу.

Дэлхийн олон мянган хүн вакцины асуудалд чих тавин хүлээж байна.  Тэгэхээр вакцин туршиж байгаа орнууд маань ил тод нээлттэй байх нь чухал.  АНУ-ын хувьд хэд хэдэн вакцин туршиж байгаа.   Эрдэмтэн судлаачид нь эмнэлзүйн үе шатыг маш нарийн мөрдөж байна. Тийм учраас үр дүнг зарлах болоогүй байна. БНХАУ-ын хувьд цэргийн эмнэлгийн мэргэжилтнүүдээ энэ асуудалд илүү дайчилж байх шиг байна.  Тэр ч утгаараа вакцины эхний шатны туршилтуудыг цэргүүд дээр хийж байгаа болов уу гэсэн таамаг байна.   Манай улсын хувьд одоогоор аль улсын вакциныг авах вэ гэдэг нь тодорхой биш байгаа.  Гэхдээ ямар ч вакцин авсан иргэдийнхээ биеийн онцлог, уур амьсгалын байдлаа тооцоолж, тодорхой хэмжээнд туршилт явуулах нь зөв.

ЭМЯ-НЫ ХЭЛТСИЙН ДАРГА Д.НАРАНГЭРЭЛ: МАНАЙ УЛС ДЭМБ-ААС БАТАЛГААЖСАН ВАКЦИН ХЭРЭГЛЭНЭ

-Коронавирусын  халдварын эсрэг вакцин гаргаж авахаар дэлхийн олон оронд судалж байгаа. Зарим нь вакцины сүүлийн буюу гуравдугаар шатны эмнэлзүйн туршилтаа эхлүүлсэн мэдээлэл байна.  Харин ОХУ вакцин бүтээж өөрийн орондоо бүртгэсэн мэдээлэл бий. Манай улсын хувьд ДЭМБ-ын гэрчилгээ, баталгаатай вакциныг товлолын дархлаажуулалтдаа хэрэглэдэг. Улс орнууд, өөрийн вакциныг тухайн улсынхаа эм, хүнсний агентлагийн хүрээнд баталгаажуулдаг ч манай улс ДЭМБ-ын баталгаатай үйлдвэрээс вакцинаа авч хэрэглэдэг гэдгийг тодотгох ёстой. ДЭМБ-ын төлөөлөл ОХУ-ын эрдэмтэн судлаачидтай вакцины талаар мэдээлэл авч, хамтран судалж байна. Тиймээс дэлхий дээр коронавируст халдварын эсрэг вакцин гарч, ДЭМБ-аас тус вакцинд нь гэрчилгээ өгсөн бол аль ч орныхыг авахад бэлэн байгаа.

АМЖИЛТТАЙ ТУРШИГДАЖ БУЙ ВАКЦИНУУД:

• MODERNA КОМПАНИ БОЛОН АМЕРИКИЙН ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮНДЭСНИЙ ХҮРЭЭЛЭН ЭМНЭЛЗҮЙН III ШАТНЫ СУДАЛГААГАА ЭХЛҮҮЛСЭН.

• Pfizer компани эмнэлзүйн I/II шатны судалгаа эхлүүлсэн.

• Arcturus болон Duke-NUS Анагаахын Сургууль эмнэлзүйн I/II шатны судалгаа эхлүүлсэн.

• BioNTech компани эмнэлзүйн III шатны судалгаагаа энэ сард эхлүүлэхээр төлөвлөж байна.

• Хойд Солонгос вакцины эмнэлзүйн судалгаа эхлүүсэн гэж зарлав.

• Johnson & Johnson компани эмнэлзүйн I шатны судалгаа эхлүүлсэн.

• Kentucky BioProcessing компани эмнэлзүйн I шатны судалгаагаа эхлүүлсэн.

• ОХУ-ын Гамалеин нэрэмжит Судалгааны Институт эмнэлзүйн III шатны судалгаа эхлүүлсэн.

• Moderna компани эмнэлзүйн I шатны судалгааны сайн үр дүнг хэвлүүлснээс гадна эмнэлзүйн III шатны cудалгааг энэ сард эхлүүлэх тухайгаа мэдээлсэн.

• Канадын Medicago компани эмнэлзүйн I шатны судалгаагаа эхлүүлсэн.

• Австралийн Квинсландын Их Сургууль эмнэлзүйн I шатны судалгаагаа эхлүүлсэн.

• Хятад улсын Anhui Zhifei Longcom компани эмнэлзүйн II үе шатны судалгаа эхлүүлсэн.

• АНУ-ын Мариланд мужийн Novavax компани АНУ-ын засгийн газраас дэмжлэг авах болсноо зарласан.

Эх сурвалж: “Оном” сан

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин

2020.8.14  БААСАН 


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.