Онцлох мэдээ — 14 August 2020
Ээлжит бус чуулганы өнгө
Түгээх

Найм дахь парламентын анхны ээлжит бус чуулган эхлэхэд гурав хоног үлдлээ. Ээлжит бус чуулганаар 2020 оны төсвийн тодотгол, Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төсөл хийгээд Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр зэрэг найман асуудлыг хэлэлцэхээр төлөвлөөд буй.

Хамгийн эхэнд цар тахлын улмаас зайлшгүй тодотгох шаардлагатай болсон энэ оны төсвийн төслийг хэлэлцэнэ. Харин Засгийн газрын газраас төсвийн тодотголын төслийг боловсруулахдаа экспортыг нэмэгдүүлэх, гэрээ байгуулаагүй, тендер зарлаагүй хөрөнгө оруулалтуудыг хасах, дараа он шилжих, гүйцэтгэл удаашралтай ажлуудын санхүүжилтийг бууруулах зэргээр төсвийн зардлыг танах юм. Гэхдээ тодотголоор цар тахлын үед иргэд аж ахуйн нэгжийн санхүүг дэмжих арга хэмжээг он дуустал үргэлжлүүлэхээр тусгажээ.

Тухайлбал, сар бүр 100 мянган төгрөг олгох хүүхдийн мөнгийг он дуустал өгөх, аравдугаар сарын 1-нээс хойш он дуустал НДШ-ийг хөнгөлөлттэй төлөх, Нийгмийн халамжийн сангаас олгож байгаа халамжийн тэтгэвэр болон байнгын асаргаа шаардлагатай 16 хүртэл насны хүүхдэд 2020 оны 10 дугаар сарын 1 хүртэл хугацаанд сар бүр олгож байгаа 288 мянган төгрөгийн тэтгэмжийг 2020 он дуустал олгох юм.

Мөн Жилийн1.5 тэрбум төгрөгийн борлуулалтын орлоготой аж ахуйн нэгжүүдийг зургаан сарын хугацаанд Аж ахуйн нэгжийн орлогын албан татвараас чөлөөлснийг үргэлжлүүлнэ. Түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжийн түрээсийн орлогод ногдуулах татварыг чөлөөлсөн. Татвар чөлөөлөх хугацааг 2020 он дуустал үргэлжлүүлэхээр болсон. Үүнээс гадна эрүүл мэндийн салбарын хөрөнгө оруулалтыг 118 тэрбум төгрөгөөр нэмж буй.

Засаг дарга нарыг Ерөнхий сайд санал болгоно

Орон нутгийн ИТХ-ын сонгууль хоёр сарын дараа болно. Энэ сонгуулиар ИТХ-ын Төлөөлөгчид тухайн шатны нэгжийн Засаг даргыг санал болгохгүй, Ерөнхий сайдын санал болгосон хүнийг томилох шинэчлэлийг Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуульд тусгаад буй. Үндсэндээ Ерөнхий сайдын эрх мэдлийн хүрээнд бүх шатны Засаг дарга нар ажиллана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Аймаг, нийслэлийн Засаг даргыг Ерөнхий сайд санал болгож, аймаг, нийслэлийн ИТХ батламжилна. Харин сум, дүүргийн Засаг даргыг аймаг, нийслэлийн Засаг дарга нь санал болгож, ИТХ нь томилох юм. Тиймдээ ч ИТХ-ын сонгуулийн өмнө Засаг захиргааны нэгж, түүний удирдлагын тухай хуулийн төслийг яаравчлан хэлэлцэхээр төлөвлөөд буй.

Түүнчлэн УИХ-ын ээлжит бус чуулганаар хэлэлцэх нэг чухал асуудал нь Засгийн газрын мөрийн хөтөлбөр. Мөрийн хөтөлбөр нь КОВИД-19 цар тахлаас үүдэлтэй нийгэм, эдийн засгийн хүндрэлийг даван туулах, хүний хөгжлийн, эдийн засгийн, ногоон хөгжлийн, засаглалын, нийслэл ба бүс, орон нутгийн хөгжлийн бодлогоос бүрдэж байгаа юм. Тухайлбал, хүний хөгжлийн бодлогод эрүүл мэнд, соёл, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгааллын оновчтой бодлого хэрэгжүүлж, иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэн, дундаж давхаргыг тэлэхээр тусгажээ. Ингэхдээ иргэн бүр эрүүл, боловсролтой, ажилтай, орлоготой байх нөхцөл бүрдүүлж, ажилгүйдэл, ядуурлыг бууруулан, иргэдийн амьжиргааг сайжруулах зорилт, арга хэмжээг төлөвлөсөн байна.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.