Нийслэл — 14 August 2020
Дугаарын хязгаарлалтын үйлчлэл хэвээр үргэлжилнэ
Түгээх

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал, Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Энхболд нар өнөөдөр дугаарын хязгаарлалтын үйлчлэлийн талаар мэдээлэл хийлээ. 

НЗДТГ-ын Хууль, эрх зүйн хэлтсийн дарга А.Даваажаргал:

-Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд өөрчлөлт орсонтой холбогдуулан НИТХ-аас тогтоож байсан дугаарын хязгаарлалтыг нийслэлийн Засаг дарга тогтоодог болсон. Энэ хүрээнд нийслэлийн Засаг даргын үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан даваагаас баасан гарагт үйлчилдэг байсан дугаарын хязгаарлалт хэвийн үргэлжлэх захирамжийг гаргалаа. Өмнөх захирамжийн бүсчлэл, дугаарын хязгаарлалтад орох өдрүүд хэвийн үргэлжилнэ.

Захирамж гарсантай холбогдуулан иргэдийн чөлөөтэй зорчих нөхцөл боломжийг хангах үүднээс хязгаарлалтыг тогтоосон захын хэсгүүдэд нийтийг хамарсан томоохон авто зогсоол байгуулахаар төлөвлөн газрын асуудлыг судлан шийдвэрлэхээр ажиллаж байна. Иргэд хязгаарлалттай бүсэд орж ирэхээс өмнө авто машинаа тухайн зогсоолд байрлуулан нийтийн тээврийн унаагаар хязгаарлалттай бүсэд үйлчлүүлэх боломжоор хангахаар зорьж байна.

Тээврийн цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Э.Энхболд:

-Замын хөдөлгөөний дүрэмд “Бүс” хязгаарлалтын тэмдэгийг 2019 оноос эхлэн шинээр оруулсан. Дугаарын хязгаарлалтын эхлэл рүү “Бүс” тэмдэгээр нэвтэрч орсон тохиолдолд “бүсчлэлийн төгсгөл” гэсэн тэмдэгийг зөрж өнгөрөөгүй л бол жолооч нар дугаарын хязгаарлалттай бүс дотроо зорчиж байна гэж ойлгох хэрэгтэй.

Зурагт улаанаар тэмдэглэсэн хэсэг бол дугаарын хязгаарлалттай бүс. Дугаарын хязгаарлалттай бүсийн эхлэл, төгсгөлийн хэсгийг тоймлон хэлэхэд хамгийн хойд цэг болох 32-ын тойргоос эхлэн Баянбүрд, 100 айл, Хүнсний 4-р дэлгүүр, Дарь-Эхийн уулзвар, Сансарын аюулгүйн тойрог, зүүн 4 зам, Офицеруудын ордоны тойрог, Чулуун овоо, Дүнжингаравын уулзвар дугаарын хязгаарлалттай бүсэд орж байна. Олимпийн гүүрний урд талын уулзвараас хойд хэсэг дугаарын хязгаарлалттай бүсэд хамаарах юм. Мөн Нарны зам бүхэлдээ хамаарч, 120 мянгатын Тэмээтэй хөшөөтэй уулзвараас хойшхи хэсэг, Механик инженерийн сургуулийн уулзвараас хойд чиглэл бүхэлдээ дугаарын хязгаарлалтад орно. Ингээд Гурвалжингийн гүүрний урд ТЭЦ-4 рүү салдаг уулзвараас хойд чиглэл, Саппорогийн уулзвар, 3, 4 дүгээр хорооллын эцэс, Өргөөгийн уулзвар, Тасганы овооны уулзвар, Дэнжийн 1000-ын уулзвар хойшоогоо 32-ын тойрог гэсэн маршрутаар дугаарын хязгаарлалт үйлчилнэ.   

Энэ бүсэд өглөөний 08:00 цагаас оройн 20:00 цаг хүртэл автомашины дугаараар ангилан дараах өдрүүдэд дугаарын хязгаарлалт үйлчилнэ. Тодруулбал,  

Даваа гарагт 1, 6

Мягмар гарагт 2, 7

Лхагва гарагт 3, 8

Пүрэв гарагт 4, 9

Баасан гарагт 5, 0-ээр төгссөн дугаартай автомашин дугаарын хязгаарлалтад орно.

Дугаарын хязгаарлалттай өдөр бүсчлэл дотор замын хөдөлгөөнд оролцсон тохиолдолд Зөрчлийн тухай хуулиар иргэнийг 20 нэгжээр торгох, хуулийн этгээдийг 200 нэгжээр торгох заалт бий.

Мөн 2020 оны наймдугаар сарын 17-ноос бүсчлэлийн тэмдэгүүд бүрэн хийгдэж дуусах тул иргэд, олон нийт дугаарын хязгаарлалтын бүсийн тэмдэгийг анхаарч, хөдөлгөөнд оролцохыг холбогдох албаныхан хэлж байна.


 Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.