Ерөнхийлөгчийн хоригийг хүлээж авлаа
Түгээх

УИХ-ын чуулганы хуралдаанаар УИХ-ын тухай хуульд хэсэгчлэн тавьсан Ерөнхийлөгчийн хоригийг хэлэлцлээ. УИХ-ын тухай хуульд Ерөнхийлөгч Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд хууль санаачлах эрхтэй байхаар хуульчилжээ. Харин энэ заалт нь Үндсэн хуулиар баталгаажсан Ерөнхийлөгчийн хууль санаачлах эрхийг хязгаарласан гэж Ерөнхийлөгч хориг тавьсан юм. 

Энэ талаар Хууль зүйн байнгын хорооны дарга Б.Бямбацогт “Монгол Улсын үе үеийн Ерөнхийлөгч нар Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заасан бүрэн эрхээсээ гадна 44 хуулиар бүрэн эрхтэй болсон. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах нэг үндсэн шалтгаан нь засаглалын тогтолцоог боловсронгуй, эрх мэдлийн хуваарилалтыг оновчтой болгох байсан. Энэ хүрээнд УИХ-ын тухай хуулийг баталж, Үндсэн хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд хууль санаачлах нь эрхтэй гэж өөрчилсөн. Харин Ерөнхийлөгч УИХ-ын гишүүдийн хууль санаачлах эрхийн хүрээ хязгаараас илүү дордуулсан зүйл болсон тул Ерөнхийлөгч хориг тавьсан” гэлээ.

Харин УИХ-ын дарга Г.Занданшатар “Үндсэн хуулийн 33 дугаар зүйлд заасан бүрэн эрхийн хүрээнд л хууль санаачилна гэж хязгаарлахаар нэг талаараа их өргөн  ойлголт болж байгаа. ҮАБЗ-ийн тэргүүний хувьд бүх хуулийг санаачилж болох юм шиг. Нөгөө талаасаа зөвхөн зэвсэгт хүчин, гадаад харилцааны тухай хууль санаачлах юм шиг хоёр салаа утгатай болсон. Тиймээс үүнийг мэргэжлийн байнгын хороод хүлээж аваад, зөвхөн УИХ, Засгийн газрын санаачлах хуулийг Ерөнхийлөгч санаачилж болохгүй гэдэг агуулгаар өөрчлөн найруулж явна” гэсэн нэмэлт тайлбарыг өглөө.

Ийнхүү хуралдаанаар санал хураалт явуулахад гишүүдийн олонх нь Ерөнхийлөгчийг хоригийг хүлээж авахыг дэмжив.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.