НИЙГЭМ — 22 August 2020
Олны анхаарлыг татсан “Youtube”-ийн од, жүжигчин, тосгоны эмээ
Түгээх

Саяхныг хүртэл онцгой авьяастай л бол алдар нэртэй болох боломжтой гэж бид боддог байлаа. Тэгвэл Энэтхэгийн нэгэн жижигхэн тосгоны эмээгийн “Youtube” суваг 1.5 сая дагагчтай /subscribers/ болж, Энэтхэг даяар од болжээ. Гангавва Милкури хэмээх эмэгтэй “My Village” хэмээх тосгоны амьдрал, соёл, фермийн аж ахуйгаа танилцуулсан  нэвтрүүлгийг хүргэнтэйгээ хамт бэлтгэн 2012 оноос “Youtube”-ээр цацаж эхэлсэн байна. Энэ нэвтрүүлгийн баг зохиолч, найруулагч, зураглаач гэсэн есөн хүнээс бүрдэнэ. Гангавва Милкури хүргэн Срикант Срирантайгаа хамт продюсерээр нь ажиллаж, өөрөө хөтлөн хүргэдэг. Хүргэн нь бичлэг хийж эхлэхээс өмнө тэрээр “Youtube”-ийн талаар юу ч мэддэггүй байжээ. Энэ тухайгаа Гангавва “Хүргэн маань тосгоныхоо мод, ургамлын тухай кино хийсэн. Тэгэхэд нь би “Энэ хүн яагаад бичлэг хийхэд хамаг цагаа үрдэг байна” гэж боддог байсан. Харин нэг өдөр өөрөө бичлэг хийнэ гэж төсөөлөөгүй. Би боловсролгүй, хөгшин эмэгтэй. Гэтэл миний ярьдаг зүйлс хүмүүст таалагддаг” гэж ярилаа. Түүний нэвтрүүлгийг Энэтхэгт сардаа 205 сая орчим хүн үздэг юм. Өнгөрсөн онд нэг сая дагагчтай болсноор “Youtube”-ийн “Алтан товруу” /Golden plaque/ шагнал хүртжээ.

“Youtube”-ийн од болохоос өмнө Гангавва эмээгийн амьдрал тун хэцүү байжээ. Учир нь нэгдүгээр ангиасаа сургуулиас гарчихсан учир боловсрол түүнд байхгүй. Гэсэн ч хоёр охин, нэг хүүгээ тэжээхийн тулд фермийн аж ахуй эрхэлдэг байв. Энэ тухайгаа “Нөхөр маань архичин учраас хүүхдүүдээ тэжээж, амьжиргаагаа залгуулахын тулд би ганцаараа шаргуу ажиллах шаардлагатай байлаа” гэлээ. “My Village” нэвтрүүлгээ хийж эхэлснээс хойш түүний амьдрал ихэд өөрчлөгджээ. Тэрээр Тэлүгү хэмээх үндэстний хэлээр ярьдаг нь Англи, Хинди хэлээр харилцдаг энэтхэгчүүдийн анхаарлыг ихэд татдаг аж. Мөн ферм эрхэлдэг өрх толгойлсон эмэгтэйчүүд бичлэгийг нь их үздэг байна. Бичлэгээр алдартай болсон тэрээр Тэлүгү үндэстний хэлээр ярьдаг “I Smart Shankar”,  “Malleshai” гэсэн хоёр кинонд дүр бүтээжээ. Энэ талаар “Би камерны өмнө жүжиглэх дуртай. Энэтхэг даяар миний юу хийж байгааг үзэж сонирхож байгаа нь надад таалагддаг. Тосгонд маань ирээд хүмүүс хамтдаа зургаа даруулдаг” гэсэн юм. Бичлэг, сурталчилгаанаас олсон мөнгөөрөө өрөө дараад зогсохгүй тун удахгүй шинэ байшин барина гэдэгтээ итгэл дүүрэн байгаа юм байна. “Youtube” хүн бүрийн амьдралыг өөрчилж байна. Хэрвээ зөв ашиглаж чадвал од болох бүрэн боломжтой” гэж хүргэн Сриран нь ярилаа.

Эх сурвалж:CNN


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.