Онцлох мэдээ — 26 August 2020
“Гэгээн муза-15” наадмын улаан хивсний ёслол “Хүн” театрт болно
Түгээх

Драмын урлагийн шилдэг уран бүтээл, уран бүтээлчдийг шалгаруулах “Гэгээн Муза-15” олон улсын театрын наадмын улаан хивсний ёслол наймдугаар сарын 30-нд 17.00 цагт “Хүн” театрт болно.

“Гэгээн Муза 15′′ олон улсын театрын наадам монодрама, хөгжмийн тоглолт, хүүхдийн тоглолт, хоёр эрэгтэй үзүүлбэр, драмын тоглолт гэсэн үндсэн таван ангиллаар болно гэдгийг зохион байгуулагчдын зүгээс хэлж буй. Энэ удаагийн наадамд төвийн болон орон нутгийн театр урлагийн 10 гаруй театр, чуулга, продакшны бүтээлүүд, олон улсаас 12 орны уран бүтээлч өрсөлдөх ажээ.

Тодруулбал, Монгол, ОХУ-ын Буриад, БНХАУ-ын ӨМӨЗО, ХБНГУ, Австри, Швейцарь, Украйн, Хойд Македони, Энэтхэг, Арабын нэгдсэн Эмират, Грек, Испани, Итали зэрэг улсын уран бүтээлчид уран бүтээлээрээ оролцох юм байна.

Мөн Монгол, ОХУ, Словени, Хонконг, Швейцарь, Швед, Грек гэсэн улсын шүүгч нар хамтран ажиллах гэнэ. Драмын урлагийн шилдгийн шилдгийг шалгаруулдаг “Гэгээн муза” наадам нь 2003 оноос эхлэн тасралтгүй үргэлжилсээр 15 дахь удаагийнхаа наадмыг зохион байгуулж байна. Өнгөрсөн 2018 оноос уг наадмыг хоёр жилд нэг удаа зохион байгуулдаг болсон юм.

Монгол гэр хэлбэртэй орчин үеийн шинэлэг шийдэл бүхий “Хүн” театр нь 300 хүний суудалтай. Гэрийн диаметр нь 30 метр, тооно хүртэлх өндөр нь 13.8 метр буюу гурван давхар байшинтай тэнцэх хэмжээтэй театр.

А.СҮРЭН


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.