Г.Занданшатар: Намрын чуулганаар Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг “амилуулах” хуулиудыг хэлэлцэнэ
Түгээх

УИХ-ын ээлжит бус чуулган хаалтаа хийлээ. УИХ-ын дарга Г.Занданшатар ээлжит бус чуулганыг хааж үг хэлэв. Тэрбээр 

“Эрхэм гишүүд ээ,

    Монгол Улсын Их Хурлын ээлжит бус чуулган тавьсан зорилгоо амжилттай хэрэгжүүлж, бие даасан 5, нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 23 хууль, Улсын Их Хурлын 11 тогтоол баталж, өндөрлөж байна.

    Энэ удаагийн чуулганаар Монгол Улсын 2020 оны төсөв, дагалдах хуулиудад өөрчлөлт оруулан тодотгож, Монгол Улсыг 2021-2025 онд хөгжүүлэх 5 жилийн үндсэн чиглэл, Монгол Улсын Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрийг баталлаа. Түүнчлэн 2019 оны төсвийн гүйцэтгэл, Нэгдсэн төсвийн 2021 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2022-2023 оны төсвийн төсөөллийн тухай зэрэг хуулийг хэлэлцэн шийдвэрлэлээ.

    Товчхондоо Монгол Улсын эдийн засаг, санхүү, төсвийн ойрын 5 хүртэлх жилийн үзэл баримтлал, бодлого, чиглэлийг тодорхойлон тогтоолоо.

    Хоёр 7 хоногийн хугацаанд цагийг сайн баримталж, чуулганы нэгдсэн болон Байнгын хорооны хуралдаанд ажил хэрэгч, идэвх санаачилгатай оролцон, хууль тогтоомжуудыг амжилттай баталсан УИХ-ын Эрхэм гишүүд, Ажлын хэсгийнхэнд талархал илэрхийлье.

Улсын Их Хурал Монгол Улсын 2020 оны төсөвт тодотгол хийхдээ тэвчиж болох зардлыг аль болох танах, үр ашиггүй зардал гаргахгүй, ирэх оны төсөвт нэмэлт ачаалал үүсгэхгүй байх, төсвийн сахилга батыг чанд сахих зарчмыг баримталсан.

    Төсөв, санхүүгийн чиглэлээр хэд хэдэн чухал шийдвэрийг 2020 оны төсвийн тодотголд тусгасан. Тухайлбал, 0-18 насны 1.2 сая хүүхдэд сар бүр 100.0  мянган төгрөгийн тэтгэмжийг 2020 оныг дуустал үргэлжлүүлэн олгож, халамжийн тэтгэвэр авагч 60.0 мянган иргэн, хөгжлийн бэрхшээлтэй 13.3 мянган хүүхдэд олгох тэтгэмжийг тус бүр 100.0 мянган төгрөгөөр нэмэгдүүлэн энэ онд олгохоор боллоо.

    Жилийн 1.5 тэрбум төгрөгөөс доош борлуулалтын орлоготой 105.0 мянган аж ахуйн нэгжийн орлогын албан татварыг чөлөөлж, түрээсийн төлбөрөө бууруулсан аж ахуйн нэгжид орлогын албан татварын хөнгөлөлт үзүүлэхээр шийдвэрлэлээ.

    Түүнчлэн 2020 ондоо багтаан 47 сургууль, 62 цэцэрлэг, 27 дотуур байр, 4 спорт цогцолбор, 12 спорт танхим, 41 эмнэлэг, эрүүл мэндийн төвийн барилга байгууламжийг ашиглалтад оруулахаар төлөвлөлөө.

  “COVID-19” цар тахлын улмаас дэлхий дахиныг хамарсан эдийн засгийн хямралт байдал, үүнээс үүдэн Монгол Улсын дотоодод үүсэн бий болсон хүндрэл бэрхшээл, төсөвт үүссэн алдагдал, ирэх он жилүүдэд төлөх өр, зээлийн үлдэгдэл зэргийг тооцож үзвэл ойрын 2-3 жил амаргүй сорилтын үе байх нь тодорхой.

    Дэлхий даяар эдийн засаг хямарч, төсвийнх нь алдагдал нэмэгдэж байна. Манай улсын хувьд цар тахлын эсрэг нийгэм, эдийн засгийн шат дараалсан арга хэмжээг холбогдох хууль, тогтоомжийн хүрээнд хэрэгжүүлж, иргэн, аж ахуйн нэгж, байгууллага руу чиглэсэн дэмжлэг, тусламж, нийгмийн даатгалын шимтгэл, албан татварын хөнгөлөлт, чөлөөлөлтөд нийт 1.9 их наяд төгрөг зарцуулаад байгаа ч цаашид нөхцөл байдал улам хүндэрч болзошгүй байна.

    Тиймээс ээлжит бус чуулганаар хэлэлцэн баталсан хуулиудыг ягштал мөрдөх, төсвийн сахилгыг хэлбэрэлтгүй сахих нь нэн чухал болоод байна. Төрийн байгууллагын бүх шатанд хэмнэлтийг эрхэмлэж, захиргааны шинжтэй зардлыг бууруулах, хөрөнгө оруулалт, санхүүгийн эх үүсвэрүүдийг бүрэн дайчилж, үр ашгийг дээшлүүлэх, хувийн хэвшлээ дорвитой дэмжих замаар эдийн засгаа тэтгэх шаардлагатай боллоо…  

УИХ-ын эрхэм гишүүд ээ,

    Ээлжит бус чуулган өндөрлөж байгаа ч удахгүй УИХ-ын намрын чуулган эхэлнэ.

    Анхдугаар чуулганаар зохион байгуулалтын асуудлаа хэлэлцэж, энэ удаагийн ээлжит бус чуулганаар цаг үеийн шаардлагаар яаралтай шийдэх цөөн асуудлуудыг хэлэлцэн баталсан. Ирэх намрын чуулганаар улс орны эдийн засаг, нийгмийн амьдралын олон талыг хамарсан өргөн хүрээтэй асуудлууд, Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг “амилуулах” чухал ач холбогдолтой томоохон хуулиудыг хэлэлцэнэ.

    Өөрөөр хэлбэл ачаалал ихтэй, үр дүн шаардсан, шинээр бүрдсэн Улсын Их Хурал, гишүүд бидний оюун ухаан, мэдлэг чадварыг сорьсон чуулган болно.

    Иймээс ээлжит чуулганы бэлтгэлийг сайтар хангах нь чухал юм. Түүнчлэн орон нутгийн сонгууль, хичээлийн шинэ жил, ургац хураалт, өвөлжилтийн бэлтгэл зэрэг цаг үеийн, шил шилээ дарсан олон чухал ажлуудыг мэргэжил, удирдлагын өндөр түвшинд зохион байгуулж ажиллахыг төрийн бүх шатны байгууллагуудад чиглэл болгож байна.

        Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы үйл ажиллагаа өндөрлөж байгааг мэдэгдье” гэсэн юм.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.