Онцлох мэдээ Нийслэл — 01 September 2020
Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор үйл ажиллагаагаа эхлүүллээ
Түгээх

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Цэдэвсүрэн, нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан нар хичээлийн жилийн нээлтийн өдөр 147 дугаар сургууль, сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборт ажиллалаа.

Баянзүрх дүүргийн 12 дугаар хороо Жанжин клубын хойд хэсэгт БНХАУ-ын Засгийн газрын буцалтгүй тусламжаар 960 хүүхдийн хүчин чадалтай 147 дугаар сургууль шинээр баригдаж ашиглалтад ороод байгаа. Тус хороонд улсын цэцэрлэг сургуульгүй учраас хорооны хүүхдүүд Амгалан цогцолбор, 14 дүгээр сургууль, 97 дугаар сургууль, 53 дугаар сургууль, 44 дүгээр сургууль, Баянзүрх цогцолбор сургуулиудад хуваагдаж суралцдаг байсан. 147 дугаар сургууль ашиглалтад орсноор хүүхдүүд хол явах шаардлагаггүй болж, харьяаллын дагуу сургуульдаа суралцах боломжтой болж байгаа юм. Одоогийн байдлаар 89 багш, 22 ажилтан, 1135 сурагчтайгаар хичээлийн шинэ жилийн сургалтаа эхлүүллээ.

Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Хүүхдүүдийн сурч боловсрох орчинг нь сайжруулж, зориулалтын сургууль шинээр барихад анхаарна. 2020 он гарсаар 30 сургууль, 45 цэцэрлэг ашиглалтад орсон бол ондоо багтаан 31 сургууль, 41 цэцэрлэгийн барилга, өргөтгөл, сургуулийн 24 дотуур байрыг ашиглалтад оруулна” гэдгийг онцолсон.

Үүний дараагаар Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборт ажиллав. Тус цогцолбор нь 0-3 хүртэлх насны хүүхдийг асарч, хүмүүжүүлдэг 42 дугаар ясли нэртэйгээр байгуулагдаж байсан. 2013 оноос хойш уг цэцэрлэгийн үйл ажиллагаа доголдож, барилгын асуудал хүндрэлтэй нөхцөл байдалтай байсан юм. Ийнхүү долоон жил гацсан цэцэрлэгийн шинэ барилгын хөрөнгийг 2018 онд шийдүүлснээр 5.3 тэрбум төгрөгийн төсөвт өртөгөөр хүүхдийн сэргээн засах зориулалт бүхий, олон улсын стандартад нийцсэн барилгыг ашиглалтад орууллаа.

Энэхүү цэцэрлэг, ясли ашиглалтад орсноор тархины саажилттай болон тулгуур эрхтний бэрхшээлтэй хүүхдийг боловсролд хамруулах, сэргээн засах эмчилгээ, нийгмийн хөгжил, хамгааллын үйлчилгээ үзүүлэх юм. Энэ хичээлийн жилд 165 хүүхдийг хамруулж байна.

Энэ үеэр нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагчийн үүрэг гүйцэтгэгч Ж.Батбаясгалан “Өнөөдрийн байдлаар 27 сургуулийг Улсын комисс хүлээн авч, ашиглалтад оруулаад байна. Үүн дотор сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолбор бол тусгай хэрэгцээт хүүхдүүдийг сурч, хүмүүжих боломжийг бүрдүүлж өгч байгаа юм. Мөн эрүүл мэндийн үйлчилгээг нэг багш нэг хүүхэдтэй ажиллах байдлаар үзүүлдгээрээ онцлогтой. 2013 оноос хойш 10 дугаар яслийн асуудал хүндрэлтэй байсныг хөрөнгө санхүүгийн асуудлыг шуурхай шийдвэрлэж, ашиглалтад оруулж байна. Цаашид тусгай хэрэгцээт хүүхдүүдийн хөдөлгөөнт, эрүүл мэндийн үйлчилгээг үзүүлэх цогцолбор сургуулийг байгуулах хэрэгцээ шаардлага бий. Нөгөөтэйгүүр эцэг, эхчүүдийн оролцоо ч мөн чухал” хэмээв.  

БСШУЯ-ны Тусгай хэрэгцээт боловсролын хэлтсийн дарга Ч.Ганцэцэг “Саажилттай болон хөдөлгөөний бэрхшээлтэй хүүхдүүдэд нөхөн сэргээх эмчилгээ, сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээ үзүүлдэг. Манай улсад энэ төрлийн цэцэрлэг байгуулах хэрэгцээ шаардлага бий. Түүнчлэн тусгай хэрэгцээт хүүхдүүдийг ердийн хүүхдүүдтэй хамт суралцах нөхцөл боломжийг бүрдүүлэхэд анхаарч ажилладаг. Нийслэлийн хэмжээнд нийт зургаан тусгай сургууль, хоёр цэцэрлэг үйл ажиллагаа явуулдаг. Яамны зүгээс тусгай сургууль, цэцэрлэгийг ердийн сургуульд хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй ажиллах багшид арга зүйн дэмжлэг үзүүлдэг төв болгон хөгжүүлэх бодлого барьж ажиллаж байна” гэлээ.

Сувиллын цэцэрлэг, яслийн 10 дугаар цогцолборын Хөгжмийн багш У.Билэгжаргал “Ийм сайхан сургуулийг ашиглалтад оруулахад анхаарч, тусалсанд баяртай байна. Хөгжмийн хичээл сайжруулсан хөтөлбөрийн дагуу явагдаж байгаа. Суралцагч хүүхдүүд маань их идэвх зүтгэлтэй хичээлдээ оролцдог” гэсэн юм.   

Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэлтэй харилцах хэлтэс


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.