Онцлох мэдээ — 18 November 2020
Мэдэгдэл
Түгээх

Дэлхий даяар дэгдээд буй “Ковид 19” цар тахал Монгол улсын дотоодод алдагдагдсанаар манай иргэд, аж ахуйн нэгжүүдийн өмнө амаргүй сорилт тулгаран, эдийн засгийн болоод санхүүгийн үлэмж хэмжээний хохирлыг дагуулах нь тодорхой боллоо.

Банк Бус Санхүүгийн Байгууллага /ББСБ/-ууд нь арилжааны банкуудын хүрч үйлчилдэггүй, тэдний шаардлагыг хангадаггүй бичил болон жижиг дунд бизнес эрхлэгчид, эмзэг бүлгийн иргэд, өрх толгойлсон эмэгтэйчүүдийн санхүүгийн хэрэгцээг ханган ажилладаг.

211 ББСБ-дыг эгнээндээ нэгтгэсэн МББСБХолбоо нь Санхүүгийн зохицуулах хороо Сангийн сайдын 2020 оны гуравдугаар сарын 18-ний өдрийн 122/58 дугаар хамтарсан тушаалыг дэмжиж ажиллаж ирсэн бөгөөд, Холбооны гишүүн болон гишүүн бус байгууллагууддаа уриалан манлайлж, одоогоор дараах ажлуудыг гүйцэтгээд байна. Үүнд:

  • Зээлийн хүүг бууруулах
  • Зээлийн шимтгэлийг 0% болгох
  • Хүсэлт гаргасан зээлдэгчдийн зээлийн нөхцлийг өөрчлөх
  • Зээлдэгчийг өрийн дарамтанд оруулахгүй байх талаар журмандаа өөрчлөлт оруулах
  • Санхүүгийн хүртээмжийг хэвийн түвшинд байлгаж, зээл олголтоо зогсоохгүй байлгах зэрэг арга хэмжээг шат дараатай авсан.

Түүнчлэн  МББСБХолбооны гишүүн 62 ББСБ нийт 100 сая төгрөгийг УОК-т хандивласан.

Хатуу хөл хорионы дэглэм тогтсон өнөөдрийн нөхцөлд Банк бус санхүүгийн салбарт үйл ажиллагаа явуулдаг 542 ББСБ-ын 3400 гаруй ажилтан, албан хаагчдын аж амьдрал, үйл ажиллагаа бүхэлдээ зогссон бөгөөд, ББСБ-аар үйлчлүүлж зээл авсан 422 мянган харилцагчдын орлого бүрэн хаагдлаа.

Гэсэн хэдий ч ард иргэд дор бүрнээ хариуцлагатай хандаж, өөрсдийн чадах бүхнээрээ хямралын эсрэг ажиллаж буй энэ цаг үед Банк Бус Санхүүгийн Байгууллагууд ч ард иргэд, аж ахуйн нэгжүүдэд дарамт учруулахгүйгээр энэ хүндрэлтэй нөхцөл байдлыг даван туулахаар хичээн зүтгэж байна.

Тиймээс бид цаашид дээр дурдсан үйл ажиллагааг цааш үргэлжлүүлэн авч хэрэгжүүлэн бичил жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих, иргэдийн санхүүгийн хэрэгцээг хангах, мэдлэг боловсролыг дээшлүүлэхэд анхааран ажиллах болно гэдгээ үүгээр мэдэгдэж байна.

Одоо үүсээд байгаа хатуу хөл хорионы нөхцөл байдал нь ББСБ-ууд бие даан өөрсдийн хүч бололцоогоороо хор хохирлыг даван туулахад хүндрэлтэй байгаа тул бид Засгийн Газар болон бусад төрийн холбогдох байгууллагуудын зүгээс дараах дэмжлэгийг ард иргэд аж ахуйн нэгжүүдэд хүргэж, тодорхой арга хэмжээ авахыг хүсэж байна.

Үүнд:

  • Ард иргэдэд бусад хөгжилтэй орны жишгийн дагуу өрхийн орлогод нь дэмжлэг үзүүлэх зорилгоор хүүгүй мөнгөн санхүүжилтийг төрөөс олгох
  • Бүх төрлийн зээлийн эргэн төлөлтөд нөхцөл өөрчлөх боломжийг олгох
  • Санхүүгийн байгууллагуудад зохистой харьцааны үзүүлэлтүүдийг хөнгөлөх, улмаар зээлийн өртөг бууруулахад дэмжлэг үзүүлэх
  • Банкнаас бусад санхүүгийн байгууллагуудын эх үүсвэрийн зардлыг бууруулах,
  • Бичил бизнес эрхлэгч, санхүүгийн хүртээмж муутай ард иргэдийг санхүүгийн хүндрэлээс хамгаалах аливаа төрийн төсөл хөтөлбөрийг дэмжин, мэргэжлийн төвшинд дамжуулан санхүүжүүлэх, улмаар хүртээмжийг нэмэгдүүлэх
  • Иргэн аж ахуйн нэгжүүдийн бүх төрлийн татваруудыг хөнгөлөх, мөн татварын өр төлөх хугацааг хойшлуулах зэрэг болно.

Төр, хувийн хэвшил хамтдаа оюун ухаан, хүч чадлаа нэгтгэн ажиллаж “Ковид 19” цар тахалаас үүссэн сорилтыг хохирол багатайгаар давна гэдэгт итгэлтэй байна.

Монголын Банк Бус Санхүүгийн Байгууллагуудын Холбоо


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.