Өнөөдрөөс хэрэгжиж эхлэх хууль, тогтоол, шийдвэрүүд
Түгээх

2021 оны нэгдүгээр сарын 1 буюу өнөөдрөөс хэрэгжиж эхлэх хууль, тогтоол, шийдвэрүүдийг танилцуулъя.

Үндсэн хуулийн өөрчлөлтөд нийцүүлэн баталсан анхны төсөв хэрэгжиж эхэллээ

Жил бүрийн энэ өдрөөс тухайн жилийн Төсвийн тухай хууль хэрэгжиж эхэлдэгч энэ жилийн хувьд онцлогтой. Учир нь, 2021 оны улсын төсөв бол 2020 оны тавдугаар сарын 25-наас хэрэгжиж эхэлсэн Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн баталсан анхны төсөв. Төсвийн нэгдсэн бодлого хэрэгжүүлэх, төсвийн сахилга батыг сайжруулах зорилгоор Засгийн газраас өргөн барьсан төсвийн төслийн зарлага болон алдагдлын хэмжээг УИХ өөрчлөхгүйгээр батлах зохицуулалыг Үндсэн хуульд оруулсан юм. Үүний дагуу УИХ 2021 оны төсвийг баталсан. 2021 оны төсвийн орлого 11 их наяд 797,8 тэрбум, зарлага 13 их наяд 951,6 тэрбум төгрөг байна гэж тооцсон. Гэхдээ цар тахлаас шалтгаалан 2021 оны төсвийг тодотгох нь тодорхой болоод байгаа юм. Бүр батлахдаа л тодотгоно гэдэгт УИХ, Засгийн газар байр сууриа нэгтгэсэн байлаа. Харин хэзээ тодотгох вэ гэдэг нь цаг хугацааны асуудал. УИХ-ын зарим гишүүд ойрын хугацаанд тодотгох нь зөв гэж үзэж байгаа бол Сангийн сайд Ч.Хүрэлбаатар “Цар тахлын төлөөлөл ямар хэмжээнд байхыг бүрэн харж байж тодотгоно” гэсэн байр суурьтай байгаа юм.

ИТХ-ууд татвар тогтоох эрхтэй боллоо

УИХ Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа орон нутагт төсвийн эрх мэдлийг нэмэгдүүлэх зорилгоор ИТХ-ууд орон нутгийнхаа онцлогт тохируулан тогтоосон хязгаарын хүрээнд татвар тогтоох эрхтэй байх зохицуулалтыг тусгасан. Үндсэн хуулийн энэхүү өөрчлөлтөд нийцүүлсэн Татварын тухай хуулийн зарим заалт өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Тодруулбал, Татварын тухай хуулийн “Татварын хувь, хэмжээг УИХ, түүний эрх олгосноор Засгийн газар болон аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ хууль тогтоомжийн дагуу тус тус  тогтооно”, “Заасан татварын хувь, хэмжээг УИХ-аас тусгайлан эрх олгосон тохиолдолд тогтоосон хязгаарт багтаан сум, дүүргийн ИТХ тогтоож болно” гэсэн заалтууд өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ.

Малчдаас татвар авч эхэлнэ

ИТХ-ууд татвар тогтоох эрхтэй болсон дээрх зохицуулалтын дагуу Засгийн газар 2021 оны төсвийн төсөлтэйгөө хамт Малын тоо толгойн албан татварын тухай хуулийн төслийг боловсруулан өргөн барьсан юм. УИХ уг хуулийн төслийг дэмжин баталсан бөгөөд ИТХ-ууд жилд нэг малаас 2000 хүртэлх төгрөгийг татвар авах зохицуулалт бүхий хууль өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Үүний дагуу ИТХ-ууд 2021 оны төсвөө батлахдаа малын хөлийн татвараас хэдэн төгрөг төвлөрүүлэхээ тооцсон байх учиртай. Малын хөлийн татварын орлого нь Орон нутгийн хөгжлийн санд төвлөрөх бөгөөд юунд зарцуулахыг нь иргэдийнхээ санал дээр тулгуурлан шийдэх юм.

Ийнхүү малын хөлийн татвар авдаг болсонтой холбоотойгоор мал тооллогыг хариуцлагатай хийх шаардлага үүсч байна. Учир нь, малчид банкнаас зээл авахын тулд малынхаа тоог нэмж тоолуулдаг байсан бол одоо малынхаа тоог дарж татвараас зугтах оролдлого гаргахыг үгүйсгэхгүй. Өнгөрсөн онд манай улсын мал сүргийн тоо 70.9 саяд хүрсэн. Малын тоо толгой нэмэгдэхийн хэрээр бэлчээрийн доройтол улам нэмэгдэж байгаа. Тиймээс УИХ малын хөлийн татвараа бэлчээр нөхөн сэргээх, худаг усаа сайжруулах зэрэгт зарцуулна гэж тооцсон юм.

“Байнга төр засгийн “гар”-ыг харж суудаг, ноос, ноолуурандаа урамшуулал авдаг хэрнээ ямар ч татвар төлдөггүй” хэмээн хот суурин газрын иргэдэд шүүмжлүүлсээр ирсэн малчид татвар төлж эхлэх нь 2021 оны онцлох үйл явдлын нэг юм.    

Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүмүүст цахим гав зүүж, зорчих эрхийг нь хязгаарлана

Эрүүгийн хуулийн зорчих эрхийг хязгаарлах тухай заалт өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Засгийн газар энэхүү заалтыг хэрэгжүүлэхтэй холбогдуулан Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлэх тогтоол баталсан. Тогтоол батлагдсан даруйд Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар цахим гав танилцуулж байлаа.

Цахим гав зүүж, зорчих эрхийг хязгаарлах ялыг анх удаа санамсар болгоомжгүй байдлаас гэмт хэрэг үйлдэж бусдад хөнгөн болон хүндэвтэр гэмтэл учруулсан хүмүүст 5 жил хүртэлх хугацаагаар өгөх юм. Цахим гав зүүсэн иргэдийг Улаанбаатар хотоос мэдээллийн хяналтын төв ажиллаж хянана. Цахим гавыг ямар нэг байдлаар тасдах боломжгүй гэдгийг Хууль зүй, дотоод хэргийн сайд хэлж байв.   

Цахим гав зүүж, зорчих эрхийг хязгаарлах ял нь гурван үндсэн агуулгатай.

  1. Цахим бугуйвчийг гар эсвэл хөлд нь зүүнэ. Ингэснээр тухайн иргэн оршин суугаа газраасаа гарахгүй байх хязгаарлалтад орно.
  2. Тодорхой маршрутаар зорчиж болно. Ажил гэр гэх мэт.
  3. Хэн нэгэн хүнтэй уулзахгүй байх хязгаарлалтыг тогтоож  болдог.

Ялыг хэрэгжүүлснээр тухайн иргэн ял эдлэх явцдаа  ажил хөдөлмөр эрхлэх, гэр бүлтэйгээ байх, оюутан, сурагч бол хичээлээ таслахгүй байх боломжтой ажээ. Харин зорчих эрхийн хязгаарлалтыг зөрчиж маршрутаас гарсан тохиолдолд ял нь хүндэрч хорих ялаар солигдох юм. Зорчих эрхийг хязгаарлах ялыг хэрэгжүүлж эхэлснээр жилд ойролцоогоор 1080 хүн цахим гав зүүж, зорчих эрхээ хязгаарлуулна гэсэн тооцооллыг Хууль зүй, дотоод хэргийн яамнаас гаргажээ.

НДШ-ийг ажилтан 8.5, ажил олгогч 8.5 хувиар төлж эхэлнэ

Засгийн газар 2017 онд ОУВС-тай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэхдээ нийгмийн даатгалын шимтгэлийг үе шаттайгаар нэмэгдүүлэх шийдвэр гаргасан. Үүний дагуу 2021 оноос нийгмийн даатгалын шимтгэл 22 хувьд хүрэх байлаа. Гэвч цар тахлын улмаас нийгмийн даатгалын шимтгэлийг энэ хэмжээгээр авах боломжгүй болсон учраас хуульд өөрчлөлт оруулж 2021 оноос 17 хувийн шимтгэл авахаар болсон юм. Өөрөөр хэлбэл, ажилтан 8.5, ажил олгогч 8.5 хувийн шимтгэл төлнө гэсэн үг.

Даатгуулагч шаардлагатай тусламж, үйлчилгээний зардлаа ЭМД-ын сангаас төлүүлнэ

Эрүүл мэндийн даатгалын тухай хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн зарим заалтууд өнөөдрөөс хэрэгжиж эхэллээ. Тухайлбал, даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын жилийн дээд хязгаар хоёр сая төгрөг байсныг хязгааргүй болгсн заалт хэрэгжиж эхэлж байгаа юм. Гэхдээ энэ дээд хязгаарт өндөр өртөгтэй тусламж, үйлчилгээ, хорт хавдрын химийн болон туяаны өдрийн эмчилгээ, урьдчилан сэргийлэх үзлэг, оношилгоо, шинжилгээний зардал хамаарахгүй байхаар зохицуулсан байдаг. Ингэснээр даатгуулагчид эрүүл мэндийн эрсдэл учирсан үед шаардлагатай тусламж, үйлчилгээний бүх зардлыг ЭМД-ын сангаас төлүүлэх бүрэн боломж бүрдэж байгаа юм.

Мөн өнөөдрөөс өмнө ЭМДЕГ эмнэлгүүдтэй гэрээ хийхдээ магадлан итгэмжлэгдсэн, сонгон шалгаруулалтад тэнцсэн төрийн болон хувийн хэвшлийн эмнэлэгтэй гэрээ байгуулаад, батлагдсан орны тоо, хүчин чадал, үзүүлж буй тусламж, үйлчилгээний нэр төрөлд үндэслэн даатгалын сангаас санхүүжилтийг олгодог байлаа.  Өөрөөр хэлбэл, тухайн байгууллага нийт батлагдсан төсвийн хүрээнд тусламж, үйлчилгээний нэр төрлөөрөө зардлаа хуваарилан тусламж, үйлчилгээг үзүүлдэг байсан. Харин хуулийн өөрчлөлтөөр даатгуулагчийн эрэлт, хэрэгцээнд нийцсэн оношоор үйлчлэх зохицуулалт оруулжээ. Ингэхдээ улсын хэмжээнд 450 гаруй онош тус бүр дээр сонгон шалгаруулалт зарлах юм байна. Онош тус бүр дээр “Даатгалын сангаас ийм төлбөр төлнө” гэж нээлттэй зарлаад эмнэлэг түүн дээр нь хэдэн төгрөг нэмж аваад, хэчнээн иргэнд үйлчилгээ үзүүлэх боломжтойгоо ЭМДЕГ-т эргэн мэдэгдэх ажээ. ЭМДЕГ үнийн саналыг нь судалж, хянаад хамгийн хямд үнэ санал болгосон эмнэлгээс сонгоод явах аж.

Даатгуулагчид эрүүл мэндийн урьдчилан сэргийлэх үзлэгт 18-34 нас, 35-45 нас, 46-64 нас, 65-аас дээш гэсэн дөрвөн насны ангиллаар, Эрүүл мэндийн сайдын тушаалаар баталсан товлолт хугацааны дагуу эрт илрүүлэг, үзлэг, шинжилгээнд хамрагдах боломжтой.

ЭМДЕГ-ын дарга Л.Бямбасүрэн: -Иргэд “Улсын эмнэлгийн оочер  дараалал дийлдэхгүй байна. Чанартай тусламж үйлчилгээгээ авч чадсангүй” гэдэг. Тэгвэл ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс эхлэн хэрэгжих хуулийн дагуу эмнэлгүүд чанараар, гүйцэтгэлээр чанартай тусламж үйлчилгээгээр өрсөлдөөд ирэхээр энэ шүүмжлэл үгүй болно. Хоёрдугаарт, бид уламжлалт сэргээн засалтын чиглэлд анхаарал хандуулсаар ирсэн. Уламжлалтын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа эмнэлгийн санхүүжилт өмнө нь 110 мянган төгрөг байсан бол одоо 250 мянган төгрөг болсон. Энэ  Засгийн газрын 2016-2020 оны үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт тусгагдсан ажил. Энэ дагуу ЭМД-аас олгож байгаа мөнгөн дүн, санхүүжилт өссөн.

Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг үйл ажиллагаагаа эхлүүлнэ

Эм, тариа, эмнэлгийн хэрэгсэл дагасан бизнесийг цэгцлэх, хяналт тавих үүднээс УИХ өнгөрсөн наймдугаар сард Эм, эмнэлгийн хэрэгслийн тухай хуульд өөрчлөлт оруулсан. Уг өөрчлөлтийн дагуу Засгийн газар Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлагийг 2020 ондоо багтаан байгуулж 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс ажилд нь оруулах шийдвэр гаргасан юм. Энэхүү агентлаг нь нэгдсэн журмаар олон улсын тендер зарлаж, Монгол Улсад хэрэглэх чанартай эмийг нэг үнээр авч, бүх эмийн сангаараа дамжуулан нэг үнээр зарах тогтолцоог бий болгох юм.

Эрүүл мэндийн сайд Т.Мөнхсайхан: -Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлагийг байгуулснаар орон тоо нэмэгдэнэ. Гэхдээ эм, эмнэлгийн хэрэгсэлд гарах төсвөөс хэмнэх зардал нь нэмэгдэж байгаа орон тоонд гаргах зардлаас хэд дахин их. Манай улс цөөн хүн амтай ч эм, эмнэлгийн хэрэгслийн бизнес маш их тоогоор хэмжигддэг. Агентлаг байгуулснаар эм, эмнэлгийн хэрэгслийг одоо авч байгаа үнээс нь хэд дахин хямд өртгөөр авах боломжтой болно. Шинээр байгуулагдах агентлагийн нэг чиг үүрэг нь энэ. Хоёрдугаарт, импортоор орж ирж байгаа эм, эмнэлгийн хэрэгсэлд хяналт тавина. Одоо бол Эрүүл мэндийн яаманд дөрөв, тавхан хүнтэй Эм, эмнэлгийн хэрэгслийн хэлтэс гэж бий. Энэ хэлтэс улсын хэмжээнд орж ирж байгаа эм, эмнэлгийн хэрэгслийн чанар, үнийн хөөрөгдөлд хяналт тавьж дийлэхгүй байгаа. Тиймээс Эм, эмнэлгийн хэрэгслийн агентлаг байгуулах нь зүйтэй гэж үзэж хууль эрх зүйн орчныг нь батлуулсан. Одоо аентлагаа байгуулах бэлтгэл ажил хийгдэж байна. 2021 оны нэгдүгээр сарын 1-нээс эм, эмнэлгийн хэрэгслийн салбар стратегийн худалдан авагчийн тогтолцоо руу шилжинэ.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.