Онцлох мэдээ — 02 April 2021
Монгол төр хууль зөрчиж иргэдийхээ өмчийг булааж авч байна
Түгээх

Шинэ Үндсэн хуулиар Монголчууд ардчилсан чөлөөт нийгмийг сонгож хэн бүхэн Үндсэн хууль түүнийг дагалдан гарах салбар хуулийн дор амьдарч байгаа нь өнөөдөр туйлын үнэн гэж ярьж бодож ирсэн. Татвар төлөгч аж ахуйн нэгж хувийн хэвшлээ дэмжинэ гэж аман дээрээ улс төрчид хамгийн их ярьдаг мөртөө үйлдэл дээрээ шууд дээрэм тонуул хийж хүний эрх, Үндсэн хуулиар олгогдсон өмчлөх эрхэнд шууд халдаж байна. Татвараа төлөөд, ажлын байр бий болгоод улсад олон тэрбумын хураамж төлөөд явж байгаа компанийн газрыг төмөр зам барих нэрийдлээр хуульгүйгээр булааж авах процесс ид явж байна. Улс орны томоохон бүтээн байгуулалт – төмөр замын төслийг бүгд улсаараа дэмжиж, УИХ-аас ҮАБЗ-өөс гаргасан зөвлөмж болох улс төрийн шийдвэрүүдийг зөв зүйтэй зүйл гэдэгтэй хэн ч маргаагүй. Гэтэл төслийг хэрэгжүүлэгч МТЗ, Зам тээврийн яам нь олон ноцтой зөрчил, хуулийн хийдэл, процессын алдаа гаргаж байгаа нь эхнээсээ ил болж байна. Энэхүү бүтээн байгуулалтыг хийж байгаа захиалагч, хэрэгжүүлэгч зарцуулагдаж буй хөрөнгө яаж хийж байгаа нь мэдэгдэхгүй нууцаар явж байна. Бүгд хуулийн дор тэгш эрхтэй байх атал жирийн татвар төлөгч, аж ахуйн нэгж хэрэв ажил гүйцэтгэж барилга бүтээн байгуулалт хийхэд хуулийн бүх шаардлага, батлагдсан журмыг ягштал мөрдөж ажилладаг. Харин өнөөдөр хэрэгжүүлж байгаа төрийн дунд шатны албан хаагчид хуульгүй аашилж ямар ч зураг төсөлгүй, ажлын зураггүй, судалгаа, шаардагдах процессын ажлыг нөхөж хийхээр улайрч байна. Энгийнээр тайлбарлавал ямар нэгэн бүтээн байгуулалт хийхэд хамгийн эхлээд газраа чөлөөлж, зургаа батлуулж, ажлын даалгавар, ТЭЗҮ-ийн даалгавар, ажлын зураг, бусад судалгаанууд нь мэргэжлийн байгууллагаар хянагдаж дууссаны үндсэн дээр хийгдэх хууль журам үйлчилдэг байхад Монголын төрийн нэрийг барьсан дунд шатны хариуцлагагүй албан тушаалтнууд төрийн нэрийг барин ЯАРАЛТАЙ, НУУЦ гэсэн тэмдэг дарсан албан бичиг нэртэй цаасанд үндэслэн дээрэм тонуул хийж хууль зөрчиж байгаа нь ил болох гэж байна. Хамгийн наад зах нь бүтээн байгуулалт хийхээс өмнө бүх бэлтгэл ажил хангагдсан байх ёстой атал төмөр замаа бариад дуусах дөхөж байхад дөнгөж газрын асуудлаа шийдэх гээд явж байна. Хууль биелүүлэхийг шаарддаг төр өөрөө хуулиа биелүүлбэл зүгээрсэн. Манай эрэн сурвалжлах сэтгүүлчид энэ талаар цувралаар цаашид үргэлжлүүлэн мэдээлнэ.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.