Онцлох мэдээ — 18 May 2022
ОУВС: Яарч IPO хийсэн тохиолдолд хувьцааг авч байгаа хүмүүс хохирох эрсдэлтэй
Түгээх

Олон Улсын Валютын Сангийн ажлын хэсэг Монгол Улсад ирж ажиллан нийгэм, эдийн засгийн нөхцөл байдалд дүн шинжилгээ хийсэн билээ. Дүгнэлтийг танилцуулж хэвлэлийн хурал хийх үеэр ажлын хэсгийн ахлагч Ангана Банержи банкуудын IPO буюу хөрөнгийн зах дээр нээлттэй компани болж хувьцаагаа гаргах талаар сэтгүүлчийн асуултад дараах тайлбарыг өгөв:

“ОУВС-гаас банкуудын IPO-г хойшлуулах зөвлөмжийг Монголбанканд өгсөн гол шалтгаан нь маш энгийн. Аливаа арилжааны банк IPO хийхийн өмнө тайлан балансын хувьд маш сайн, өндөр түвшинд бэлтгэгдсэн, ямар нэгэн асуудалгүй байх ёстой гэсэн зарчмыг баримталж байгаа. Хэт яараад, хуулиар заасан хугацаанд буюу 6 дугаар сарын 30-ны дотор IPO хийнэ гэвэл Санхүүгийн зохицуулах хороо болон Монголбанкны зүгээс эдгээр банкуудын тайлан балансыг хангалттай хянах хугацаа гарахгүй. Улмаар яарч IPO хийсэн тохиолдолд хувьцааг авч байгаа хүмүүс хохирох эрсдэлтэй. Ялангуяа томоохон банкууд IPO-г яг хэзээ хийх вэ гэдгээ бодлогын хувьд маш сайн харах ёстой. Та бүхний мэдэж байгаачлан сүүлийн жилүүдэд ковид-19 цар тахлын улмаас аж ахуйн нэгжүүд хүндрэлд орж, зээлийн эргэн төлөлтөд доголдол гарсан. Одоо ч гэсэн эдийн засаг, аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагаа хэвийн түвшиндээ хүрч чадаагүй байна. Үүнд тодорхой хугацаа шаардлагатай. Төв банкны хувьд ковид-19-тэй холбоотойгоор сүүлийн жилүүдэд банкуудад яг өмнөх шигээ биечлэн очиж, хяналт шалгалт хийх боломж хязгаарлагдмал байсан. Үүнтэй холбоотойгоор зарим нэг сул тал үүссэн байх магадлалтай гэж харж байгаа. Ер нь IPO хийж байгаа гол шалтгаан нь оновчтой цаг хугацааг сонгож, хамгийн өндөр үнэлгээг нэгж хувьцаанд олж авах юм. Түүнээс биш, зүгээр нэг хугацаа заагаад, хийх асуудал биш. Бид сайн банкууд, сайн үнэлэгдсэн хувьцаа гаргаасай гэж хүсч байгаа. Тийм учраас IPO хийхийн өмнө активын чанарын үнэлгээ (AQR) хийх шаардлагатай гэж үзэж байгаа. Ингэж байж, маш сайн банкууд, маш сайн хувьцааг хөрөнгийн бирж дээр санал болгоно” гэв.   


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.