Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж өнөөдөр МҮЭ-ийн Соёлын төв ордонд нийслэлийн ахмадуудын төлөөлөлтэй уулзлаа.

 

Ахмадуудад зориулсан хууль, эрх зүйн цогц орчинтой болж байна

Уулзалтын эхэнд УИХ-ын гишүүн, Засгийн газрын гишүүн, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын сайд С.Эрдэнэ ахмадуудад хандан үг хэллээ. Тэтгэврийн хэдэн төгрөг өгөөд л зөнгөөр нь орхидог байсан ахмадууд одооноос төрийн анхааралд орж, тэдэнд зориулсан хууль, эрх зүйн цогц орчинтой болж байгааг сайд онцолсон юм. Ахмад настны нийгмийн хамгааллын хууль, Ахмад настанд төрөөс дэмжлэг үзүүлэх тухай, өөрөөс үл хамаарах шалтгаанаар ажил эрхлээгүй жилүүдийг нөхөн тооцох талаар хууль, эрх зүйн орчныг бүрдүүлж дөчөөс дээш насныханд ажил зуучлах, ахмад настны хөдөлмөр эрхлэлтийг дэмжих, амарч сувилуулах эрхийн бичгийг шинэчлэх зэрэг ажлуудыг хийж байгааг сайд С.Эрдэнэ танилцуулсан юм. Мөн 1995 оноос өмнө, хойно тэтгэвэрт гарсан 178 мянган хүний тэтгэврийн зөрүүг арилгасан байна.

Өнөөдөр Монгол Улсад хүн ам зүйн цонхны үе тохиож хөдөлмөрийн насныхан дийлэнх хувийн эзэлж байгаа ч 2030-2040 оны үеэс хүн амын дунд насжилт хамгийн өндөр болж ахмад настны тоо огцом өснө. Төрийн үүрэх ачаа ч нэмэгдэнэ. Тиймээс төр одооноос эхлэн ахмадуудын халамжийн бодлогод анхаарлаа хандуулж, ахмадуудын талаар авах арга хэмжээг яаралтай шинэчилж эхлэх нь зүйтэй гэдгийг сайд онцолж байлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан намаас нэр дэвшигч Ц.Элбэгдорж 1998 онд Ерөнхий сайд байхдаа Ахмад настны нийгмийн хамгааллын тухай хуулийг батлуулсан бол 2004-2006 онд хоёр дахь удаагаа Ерөнхий сайд байхдаа тухайн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулан боловсронгуй болгож байжээ.

Ардчилсан хувьсгалын уран барималч, Монгол Улсын Ерөнхий сайдаар хоёр удаа ажиллахдаа ахмад настны  халамжийн талаар ихээхэн ажил хийсэн, авлигатай тэмцэх, архигүй нийгмийг цогцлоох, нийгмийг цэвэршүүлэх, шүүхэд шинэтгэл хийх, оюутан залуусыг цалинтай, хариуцлагатай болгох зэрэг олон сайн үйлсийг хийж буй Ерөнхийлөгчөө улираан сонгохыг тэрээр уриалсан юм.

 2013-05-31ahmad_big5

Ахмадууд мөнгө, зээлд санаа зоволтгүй орон сууцаар хангагдана

Монгол Улсын баатар, Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл ахмадуудад ийнхүү амлалаа. Түүнийг Нийслэлийн Засаг дарга болмогц Монгол Улсын Ерөнхийлөгч өрөөндөө дуудаж аваачин Ахмадуудын амьдралыг дээш татаж, тэднийг орон сууцаар хангах даалгаврыгөгчээ.  Даалгаврынхаа биелэлтийг энэ уулзалтын үеэр Ерөнхийлөгчид танилцуулж буйгаа Э.Бат-Үүл дарга хэллээ. Амьдралын гайгүй боломжтой ахмадууд моргейжид хамрагдан орон сууцтай болох, санхүүгийн дэмжлэг туслалцаа хэрэгтэй ахмадуудад 10 сая хүртэл төгрөгийн урьдчилгаа үзүүлэх, гурав дахь хувилбар нь түрээс буюу социализмын үеийнх шиг цахилгаан, дулааны хөлсөө төлөөд амьдардаг орон сууцтай болох сонголттой хувилбарыг ахмадуудад дэвшүүлж буйг хотын дарга танилцууллаа. Заавал мөнгө төгрөг хурааж байж орон сууц худалдаж авдаг, банкнаас зээл авах гэхээр тэтгэврийн хүн 10-20 жилийн дараа байх уу, үгүй юү гээд халгаадаггүй байдлыг халж, түрээсийн байранд насны нар хэвийсэн үедээ ая тухтай амьдрах боломжоор төрийн зүгээс ахмадуудаа хангах тийм сайн цаг ирж байгааг дуулсан ахмадууд энэ үгийг талархан хүлээж авсан юм. Монгол Улсын Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газар, нийслэлийн удирдлага дан нэг намаас байх нь энэ ажлыг хийхэд асар их дөхөмтэй болгоно гэдгийг ч ахмадууд хүлээн зөвшөөрч байв.

Моргейжийг Засгийн газар шийдэж өгөх бол орон сууц авахад мөнгө дутаж байгаа өндөр настнууд 10 сая төгрөгийн урьдчилгаа авах бололцоогоор хангагдах юм байна. Аль альд нь хамрагдахгүй гэвэл түрээсийн байранд ая тухтай амьдарч болох ажээ. Эхний ээлжинд ахмадуудад зариулсан 4000 сууцыг барихаар болжээ. Энэ нь эцсийн тоо биш юм. Зөвхөн нийслэл гэлтгүй хөдөө орон нутаг, аймгийн төв, төвлөрсөн газруудад ахмадын орон сууц барихаар болсон байна. Энэ жил түрээсийн 1000 сууц барихаас эхний ээлжинд 300-г зургадугаар сард багтаан ашиглалтад өгөхөөр болжээ. Түрээсийн байруудын доод давхарт нөхөн сэргээх эмчилгээ, ахуйн бусад төрлийн үйлчилгээнүүдийг төвлөрүүлэх юм байна. Энэ нь урьд хожид аль ч үеийн түүхэнд байгаагүй ахмадуудад чиглэсэн арга хэмжээ болж байгааг хотын дарга онцолж байлаа. Ингэснээр 4-6 жилд багтаан бүх ахмадаа орон сууцанд хамруулах боломжтой юм байна.

“Ц.Элбэгдорж хэлснээ яг хийдэг. Малыг малчдад, орон сууцыг оршин суугчдад нь өгнө гэж амлаад хйиж чадсан. Одоо авлигатай хэрхэн тэмцэж байгааг нь харахаар өмнөөс нь зүрх алддаг. Ц.Элбэгдоржийг Ерөнхий сайд байхад Монгол Улсын төсөв анх удаа ашигтай гарсан” гэдгийг тэрээр хэллээ.

2013-05-31ahmad_big

 

Ерөнхийлөгч бол биеийн бөхөөр бус билгийн бөхөөр хийдэг ажил

Уулзалтын үеэр иргэд сонгогчид сэтгэлийн үгээ хэллээ. “Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажил бол биеийн бөхөөр бус билгийн бөхөөр хийдэг ажил. Сайн улстөрч хүн, Ерөнхийлөгч хүн хүнийг унагах бус, унаж яваа хүнийг дэмжин босгохын төлөө явдаг. Ерөнхийлөгч хүн хүн болгоны өмнөөс хариуцлага хүлээж ажилладаг. Халамжтай тэтгэмжтэй өтгөс нялхас, цалинтай, хариуцлагатай оюутан, ажиллах орчинтой иргэдийн төлөө Монгол Улсын Ерөнхийлөгч дөрвөн жил ажилласан. Гадаад бодлогоор Монголоо дэлхийд таниулж өөрөө танигдсан тэргүүн дипломатч. Монгол Улс ардчилсан орон гэдгийг гаднын улсууд орчуулгагүйгээр ойлгодог болсон” гэдгийг иргэд сонгогчдын төлөөлөл хэлсэн үгэндээ онцолж байлаа. Авлигачдын нуруу бөхийж, ард түмний нуруу тэнийсэн сайн цаг ирж буйд ахмадуудын төлөөлөл баяр хүргэж Ардчилсан Ерөнхийлөгчөө дахин сонгохын төлөө явж, түүнийг дэмжихээ индэрт гарч үг хэлэгсэд уриалж байсан юм. Ажил хийдэг Ерөнхийлөгчөө дахин сонгож өөр ихийг хийлгэхээр ачааны хүндийг үүрүүлэх ёстой гэсэн үгсийг тэд дайж байлаа.

2013-05-31ahmad_big4

 

Хүн бүр ерөөлөөр ахмад болно. Ахмадаа асарч тэтгэх нь төрийн үүрэг

Үүний дараа нэр дэвшигч Ц.Элбэгдорж ахмадуудад хандан үг хэллээ. Монголд ардчилсан хөдөлгөөн эхэлж байхад ахмадууд цай, сүүнийхээ дээжийг өргөж, арц хүжээ асаан угтаж авсанд баярлаж явдгаа тэрээр илэрхийлэв. Улс орныхоо сайн сайхны төлөө цаашид зүтгэж ажиллахаа илэрхийлээд гурван зүйлийг тунгаан бодож сонголтоо хийгээрэй гэсэн юм.

“Эхлээд гэр бүлээ бодож сонголтоо хийх хэрэгтэй. Хэн нэг хүнийг Ерөнхийлөгч болгох гэж бус, харин Монгол Улсын Ерөнхийлөгчийн ажлыг хэнд өгөх вэ гэдгээ тунгааж саналаа өгөх нь зүйтэй. Хүүхдээ бод. Эхчүүдэд жирэмсний таван сартайгаас хүүхдээ төрүүлж таван сар хүргэтэл нь тэтгэмж өгдөг. Одоо тэгвэл 0-2 нас хүртэл нь тэтгэмж олгоё. Монгол Улсад 2-5 насны 240 мянган хүүхэд бий. Тэдний 110 мянга нь цэцэрлэгт хамрагдаж, 130 мянга нь цэцэрлэггүй хоцорч байна. Дунд сургуульд нэг ангид 50-60 сурагч шахцалдан хичээллэж байна. Төрөөс хүүхдийн цэцэрлэгүүдэд хувьсах зардал гэж нэг хүүхдэд сард 116500 төгрөг өгдөг. Түүгээр цэцэрлэгийн багшийн цалин, хүүхдийн хоолыг хангадаг. Цэцэрлэгт хүүхдээ өгч чадаагүй эцэг эх үүнийг хүртэж чаддаггүй. Дээрээс нь аль нэг нь ажилгүй сууж гэртээ хүүхдээ хардаг. Тиймээс хүүхдээ харж байгаа нэг ээж, эсвэл гэртээ ач, зээгээ хардаг нэг ахмад ойр хавийнхаа айлуудын тав, түүнээс дээш хүүхдийг тохьтой орчинд хамт хараад хувьсах зардлын мөнгийг цалин болгож авч байя. Эсвэл аж ахуйн нэгж, байгууллагууд дэргэдээ ажилчдынхаа хүүхдэд бичил цэцэрлэг байгуулж ажиллуулъя. Ийм байдлаар цэцэрлэгийн асуудлыг шийдэж болох юм. Ойрын 2-3 жилд цэцэрлэгийн асуудлаас салъя. Мөн ойрын хугацаанд нийслэлд 80 бага сургууль барьж дунд сургуулиас тусгаарлана. Бага ангийн хүүхдүүд гэрийнхээ ойр сургуультай болно. Энэ нийгэмд зөвхөн мөнгөтэй нь сайхан амьдардаг юм биш. Бүх иргэнээ сайхан амьдруулахын төлөө төрийн албан хаагчид ажиллах ёстой.

Хүн бүр ерөөлөөр ахмад болно. Ахмадаа асарч тэтгэх нь Монгол төрийн үүрэг юм. Бидний дунд нэг л алтан медаль бий. Ерөнхийлөгч улсаа талцуулж хувааж болохгүй. Хүн хүүхдээ дагуулж өсгөдөг. Хүүхэд нь дагаж өтөлдөг. Ахмад хүн бүрт амьдралын туршлага, асар их эрдэм бий. Эрдэмтэй хүмүүс бол малчид, ахмадууд юм. Ахмадаа хүүхэд шиг асарч халамжил, хүүхдээ ахмад шиг асарч халамжил. Ахмад настан, хүүхэд хоёрын буян хүнд эргэж ирдэг юм.

Хоёрт, ажил амьдралаа бодож сонголтоо хийгээрэй. Энэ оноос 270 тэрбум төгрөгийг хөдөө рүү шилжүүлж, ард иргэд тэр мөнгийг хэрхэн зарцуулахыг шийддэг боллоо. Даргын зарсан мөнгө авлига болдог. Иргэд бол хаана юунд мөнгө зарахыг мэддэг. Би Ерөнхийлөгч болмогцоо Х.Чойбалсангаас хоших үе үеийн дарга, Ерөнхийлөгч нарын сууж байсан өрөөг Иргэний танхим болгосон. Ахмад боллоо гээд ад үзэгдэж болохгүй. Ахмалын орон сууцны ажлыг эхлүүлж байна.

Гуравт, улс орноо бодож сонголтоо хийгээрэй. Би хийж чадахгүй юмаа ярихыг хүсдэггүй. Ярьснаа хийдэг. Амлалынхаа үр дүнг үзэхийн төлөө 24 жил явлаа. Дөрвөн жилийн өмнө Авлигачдыг бөхийлгөж, ард түмний нурууг тэнийлгэнэ гэсэн. Түүнийг хийж байна. Хууль, шүүхийн байгууллагыг шинэчлэхийн тулд 22 хууль хэргтэй. Зургааг нь батлуулаад байна. Үлдсэн 16 хуулийг 2-3 жилд батлуулна “ гэж байлаа.

 2013-05-31ahmad_big3

Төрийн эзэн бол тэгш, шударга хууль юм

Нэр дэвшигч Ц.Элбэгдорж ахмадуудад хандаж хэлэхдээ “Аливаа албан тушаалтан төрийн эзэн биш. Монголын төр эзэнтэй болж байгаа. Төрийн эзэн бол тэгш, шударга хууль юм.Авлига бол байнга хусч цэвэрлэж байхгүй бол дахин дахин гарч ирдэг мөөгөнцөр шиг зүйл. Авлигагүй болохоор төрийн мөнгөний авдар дүүрдэг.  Би хоёр дахь удаагаа Ерөнхий сайд болохдоо Монголын түүхэнд анх удаа төрийн мөнгөний авдрыг дүүргэж төсөв ашигтай гарсан. Намайг 2006 оны нэгдүгээр сарын 13-нд огцруулсан. Гэхдээ тэр ашигтай гарсан мөнгөөр цалин, тэтгэврийг нэмсэн.

2013-05-31ahmad_big1

Одоо бол бид эвлэж нэгдэж бүтээх цаг. Нэг нотон дээр тоглож буй хөгжимчин шиг ажиллах ёстой. Нэг дэх бүрэн эрхийн хугацаанд ажиллаж байгаа Ерөнхийлөгч улс орноо боддог, бас улс төрөө боддог юм байна. Хоёр дахь бүрэн эрхийн хугацаанд улс орноо л бодно. УИХ, Засгийн газраа шахаж шаардаж, ахмтарч ажилах болно. Цахилгаан станц, төмөр зам, бензин шатахуун үйлдвэрлэхээ одоо бодоцгооё. Монгол Улсын Ерөнхийлөгч бол Монголд ганцхан албан тушаал. УИХ-д хүүхэд, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төлөөлөл алга. Би тэднийг төлөөлье. Ахмадуудаа төлөөлье. Цагдаа, хилийн цэрэг, зэвсэгт хүчин, онцгой байдал, тагнуул гээд эх орны төлөө тангараг өргөсөн хүмүүсээ төлөөлье. Зургадугаар сарын 26-нд надад та бүхний дэмжлэг хэрэгтэй. 26-наас хойш би та бүхний төлөө зүтгэх болно” гэлээ.

Ахмадууд авлигагүй, архигүй нийгмийг цогцлоож, улс орны нутаг дэвсгэрийн 46 хувийг хэрээд байсан лицензийн талыг цуцалсан, оюутнуудаа цалинтай, хариуцлагатай болгож, ахмад настан, өсвөр үеийн хүүхэд, нялхсын талаар анхаарал тавьж буй ардчилсан Ерөнхийлөгчөө дахин сонгохоо илэрхийлэн амжилт ерөөснөөр энэ удаагийн уулзалт өндөрлөлөө.

 

Холбоотой мэдээ

(2) Сэтгэгдэл

  1. Надад ч гэсэн ганцхан дэмждэг хүн бий тэр нь ерөнхийлөгч юм шүү.

  2. Таныг Монголын ирээдүйн төлөө их зүйл хийнэ гэдэгт итгэдэг шүү. амжилт хүсэе!!!

Leave a Reply

Your email address will not be published.