Ардчилсан намаас Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч Ц.Элбэгдорж Баянзүрх дүүргийн иргэдтэй уулзлаа. Батлан хамгаалахын их сургуулийн 600 гаруй суудалтай заал хөл гишгэх зайгүй дүүрч нэр дэвшигчээ нижигнүүлсэн алга ташилтаар угтан авсан юм. Мөн танхимд нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат-Үүл, Уул уурхайн сайд Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Д.Арвин, Баянзүрх дүүргийн засаг дарга Д.Пүрэвдаваа нар хүрэлцэн ирээд байлаа.

Уулзалтын салхийг хагалж Э.Бат-Үүл хэлсэн үгэндээ “Та бүхний амар амгаланг эрэн мэндчилье. Нэр дэвшигчээ ийнхүү халуун дотноор угтан авсанд баярлалаа. Нэр дэвшигчтэйгээ хамт ард иргэдтэйгээ уулзах бүрт надад нэгэн сайхан завшаан тохиогоод байгаа билээ. Юу гэвэл би ард иргэддээ хийсэн ажлаа тайлагнахын дашрамд Ерөнхийлөгчөөс өгч байсан үүрэг даалгаврыг давхар тайлагнах завшаан тохиож буйд баяртай байгаа” гэв.

Э.Бат-Үүл цааш нь хэлсэн үгэндээ хотын дарга болсныхоо дараа Ерөнхийлөгчийн захиас, үүрэг даалгаврын дагуу иргэдийн оролцоо, ил тод байдлыг дэмжих, хүнд суртал, авлигыг бууруулах тал дээр идэвхтэй ажиллаж буйгаа илэрхийллээ. Хотын асуудлыг шийдэхэд иргэдийн оролцоог нэмэгдүүлэх, иргэдээсээ асууж байж аливаа зүйлд хандаж байх тогтолцоонд шилжсэнийг тэрбээр онцлов.

Э.Бат-Үүл хэлэхдээ “Ц.Элбэгдорж бид хоёр 24 жил нөхөрлөлөө. Түүний хэлсэн үгээ заавал биелүүлдэг занг би хамгаас сайн мэднэ. Энэ хүн хэлсэн үгээ биелүүлж, монголын ард түмэнд малыг нь хувьчилж, орон сууцыг нь үнэгүй олгосон гэдгийг бид бэлхнээ санаж байгаа байх” гэв.

Дараа нь Уул уурхайн сайд Д.Ганхуяг, УИХ-ын гишүүн Ж.Батзандан, УИХ-ын гишүүн Д.Арвин нар үгээ хэлсний дараа иргэдийн саналыг сонслоо. Иргэд нэр дэвшигчид өөрсдийн санал бодлоо уламжилж, сонгуулийн ажилд нь өндөр амжилт хүсэн ерөөсөн юм.

Дараа нь нэр дэвшигч Ц.Элбэгдорж хэлсэн үгэндээ “Та бүхэнд энэ өдрийн түмэн амгаланг айлтгаж, хамгийн сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Манай Баянзүрх дүүрэг их онцлогтой. Монгол Улсын хамгийн томоохон засаг захиргааны нэгж бол Баянзүрх дүүрэг юм. Энэ дүүрэг нийт 300 мянган хүн амтай. Өөрөөр хэлбэл Дундговь аймгийн нийт иргэдээс зургаа дахин их гэсэн үг. Монголын арван хүний нэг нь энэ дүүрэгт амьдарч байна. Иймээс энэ дүүргийн тулгамдсан асуудлыг шийдэх нь нэн тэргүүний ажил юм.

Өнөөдөр бид хүмүүсийн амьдралд ойр зүйлийг ярья. Цэцэрлэгт явж чадахгүй байгаа балчир хүүхдүүдийнхээ тухай ярилцъя. Монголд өнөөдөр 2-5 насны 240 мянган хүүхэд байна. Эдгээр хүүхдийн 130 мянга нь цэцэрлэгийн хүрэлцээ байхгүй улмаас гэртээ цойжлуулан үлдэхээс аргагүйд хүрч байна. Харин Баянзүрх дүүрэгт 11 мянган хүүхэд цэцэрлэгт явж чадахгүй байна. Энэ бүх асуудлыг шинээр цэцэрлэг барьж байгуулах, хүүхэд харах үйлчилгээг хуульчлах арга замаар шийдвэрлэх боломжтой” гэв.

Мөн нэр дэвшигч Ц.Элбэгдорж олон хүүхэдтэй эхчүүдийг дэмжих, цэцэрлэг, сургууль шинээр барьж байгуулах талаар ярив. Дунд сургуулийн хичээлийн байрны асуудал Баянзүрх дүүргийн хамгийн тулгамдсан асуудал болоод байгаа. Энэ асуудлыг нэн даруй шийдэхэд гол анхаарлаа хандуулахаа нэр дэвшигч амлалаа. Үүний дагуу Улаанбаатар хотод ойрын хугацаанд 80 гаруй бага сургууль барихаар төлөвлөөд буйг дуулгалаа.

Төсөв мөнгөө зарцуулах эрхийг иргэдэд өгөх, энэ зарцуулалтыг хянах ажлыг иргэдэд өөрт нь өгөх тогтолцоонд шилжиж, захиргааны нэгжийн хүн амын тооноос хамаарч төсөв мөнгийг тодорхойлдог байхаар зорьж байгааг дурдсан нь иргэдийн дэмжлэгийг хүлээв.

Нэр дэвшигч Ц.Элбэгдорж эцэст нь хэлэхдээ “Ийм учраас энэ сайхан ард түмнийхээ төлөө хөтөлж гарсан ачаагаа бүтнээр нь хүргэнэ ээ. Зургадугаар сарын 26-нд та бүхэн саналаа өгнө, дараа нь би та бүхний төлөө зүтгэх болно оо. Миний нэг онцлог бол надад төрийн тэргүүний ажилд шинээр суралцаад байх зүйлгүй. Би зургадугаар сарын 27-нд шууд ажилдаа орно” хэмээв.

Дараа нь нэр дэвшигч Ц.Элбэгдорж уулзалтад оролцсон хүн бүртэй гар барьж, үдэж өгөв. Иргэд түүнд сонгуульд амжилттай оролцохыг хүсэн ерөөлөө.

 

Холбоотой мэдээ

(2) Сэтгэгдэл

  1. ЛИЦЕНЗНИЙ НАЙМААЧИН ХЯТАД НӨХД v vДИЙН ГАР ХӨЛ БОЛСОН, ХӨШӨӨТИЙГ ХУУЛЬ БУСААР АВСАН “МОНЭКО” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙСАН, ОДОО ТӨВ АЙМГИЙН БАЯНЖАРГАЛАН СУМЫН НУТАГТ ОРШИХ ХӨМӨӨЛТ, БАЯНЖАРГАЛАНГИЙН ШАТДАГ ЗАНАРЫН- 4.5 ТЭРБУМ ТОННЫ, Х vРЭН Н v vРСНИЙ 2.0 ТЭРБУМ ТОННЫ НӨӨЦТЭЙ ОРДУУДЫН ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ЭЗЭМШИЖ БАЙГАА “КОММОНМАКС” КОМПАНИЙ ЗАХИРЛААР АЖИЛЛАЖ БАЙГАА ӨВӨР МОНГОЛ НАЦАГДОРЖ ГЭГЧ ХУЛГАЙЧ ЭТГЭЭДИЙГ ШАЛГАХ ХЭРЭГТЭЙ. ОРГОН ЗАЙЛДАГ АВЬЯАСТАЙ ГАР ДАА.

  2. уг нь таныг их ачаа хөтлөж гарлаа даа гэж бодож байлаа гэтэл бас худлаа байсан юм байналээ шүү дээ тэр ачаа ачсан хөсөг чинь хов хоосон байсан юм байналээш дээ

Leave a Reply

Your email address will not be published.