Шар мэдээ — 23 July 2013
МАХН БА ЗАСГИЙН ГАЗАР БАС АН

4f381e65f09d537foriginalМАХН Засгийн газраас гарахаар шийдсэн талаарх тун сонирхолтой хэрнээ бүрхэг мэдээлэл долдугаар сарын гол сенсааци болоод байна. “Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-тай нэгдэх нь бүү хэл, харин ч бие даан оролцох замаар санал хувааж АН-ын талд үйлчилбэл Н. Энхбаярыг  суллана гэдэг улстөрийн тохироо талаар болсон учраас тэр” гэдэг гаргалгаа хэвлэл мэдээллээр давамгайлж байна. Өөрөөр хэлбэл, АН “Засгийн газарт байгаа цагт та нар бидний эрх ашгийн үүднээс л асуудалд хандах ёстой” гэдэг шантааж ч гэмээр, тулгалт ч гэмээр “зарчмын” шаардлага тавьж нөхцөл байдлыг тодорхойлчихоод үр дүн санаснаар нь болсны дараа ам тангаргаасаа ухарч эхэлсэн бололтой юм.

 

Хэрэв АН үнэхээр МАХН-ыг ашиглачихаад эцэст нь хөсөр хаяхаар шийдсэн бол МАХН сайд нараа танхимаас татахаас буцахгүй. Түүгээр ч барахгүй эрх баригчдын байр суурийг ганхуулахын тулд МАН-тай хамтран ажиллах гэрээ байгуулах алхам хийж, тодорхой санал гаргаж ч мэднэ. Гэхдээ улстөрийн ийм уур амьсгал дэгдэх сонирхол бүрдлээ гэхэд байдал тийм ч амархан тэдний талд шийдэгдэхгүй. Учир нь МАН, МАХН хоёр салсан цагаасаа л нэгдэх, хамтран ажиллах талаар удирдлагын хүрээнд нааштай алхам хийгээгүй. Хэдийгээр хоёр намын зарим ахмад гишүүн Ерөнхийлөгчийн сонгуулиас өмнө удам угшилаа бодож эв зүйгээ ололцох хэрэгтэй гэдэг уриалга гаргасан, бас МАН-ын дарга Ө. Энхтүвшин хоригдож буй Н. Энхбаярыг эргэж очсон, өлсгөлөн зарласан “ээжүүдтэй” нь уулзсан  зэрэг ганц хоёр нааштай гэмээр хандлага гарсан ч энэ нь дэмжлэг авахгүй байсаар Ерөнхийлөгчийн сонгуультай золгосон. Бүх зүйл АН-ын сценарийн дагуу болж тун амжилттай өрнөж, тэрхүү улстөрийн тоглолт ямар ч байсан эрх баригчдын ялалтаар өндөрлөлөө.

 

Ажиглагчдын харж байгаагаар бол МАХН засгаас, тэр ч бүү хэл УИХ-аас төлөөллөө татах нь АН-д тийм ч хохиролтой биш. Учир нь ингэлээ гээд АН хохирохгүй бөгөөд, харин ч “Шударга ёс” эвсэл задарч, МҮАН гарал үүсэл нэгт АН-аа бараадах гэнэ. Нэг  ёсондоо МАХН гэрээнээс татгалзах нь АН-ын хувьд нэн таатай алхам ч байж тун магадгүй аж.

 

Эрх баригчдын тухайд хэдийгээр дангаар засаглах сонирхолтой байгаа ч хамтарч засаг байгуулах хүсэлт тавьж, гэрээ байгуулчихаад замын дунд бярандаа эрдсэн хүүхэд шиг хөөгөөд гаргах аргыг зөв одоохондоо гэж үзэхгүй  болов уу. Хэрэв нөгөө субьект нь харилцаагаа таслах хүсэлт гаргавал мэдээж татгалзахгүй л дээ.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.