Манай умард их хөрш ОХУ-ын алс дорнодын бүс нутагт байгалийн гамшиг нүүрлэж, хот тосгод, хүн ам нь үер усны гамшигт нирвэгдэн олон зуун айл өрх орох оронгүй болж, үйлдвэр, барилга, тариалангийн талбай үерийн усанд автаж өргөн хэрэглээний бараа болон хүнсний хомсдол бий болоход хүрээд байгааг  “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэгийн гишүүд, идэвхтнүүд, ОХУ-д сургууль төгсөгчид бид сэтгэл нэн зовнин хүлээн авч гамшигт нэрвэгдэж буй”Орос ах эгч дүү” нарынхаа зовлон зүдгүүрээс бага ч атугаа  хуваалцах үүднээс Монголын ард түмэнд хандаж энэхүү уриалгыг гаргаж байна.

 

Сайн хөршийн найрсаг харилцаатай Орос улс  эрт дээр үеэс Монголыг тал бүрээр дэмжиж ирсний нэг тод жишээ бол бүр 1911 онд Монгол улсын тусгаар тогтнолыг дэлхийн улс орнуудаас хамгийн түрүүнд хүлээн зөвшөөрч “Найрамдлын гэрээ” байгуулж, 1912 онд манай улстай дипломат харилцаа тогтоож байсан түүхтэй билээ.

 

Оросын домогт улаан армийн дайчид 1939 онд Халх голын орчимд манай улсын нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалан Монголын дайчидтай мөр зэрэгцэн халуун амь, бүлээн цусаа хайрлалгүй тулалдаж 90 гаруй дайчин эрсээ алдаж байсан түүхийг бид мартах ёсгүй.

 

1921 оны Ардын хувьсгалын ялалтын дараа Монгол орныг харанхуй бүдүүлэг байдлаас гаргаж  шинэ цагийн бүтээн байгуулалтыг эхлүүлэн үйлдвэр, барилга, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, боловсрол, соёл урлаг, эрүүл мэнд зэрэг улс орны амьдралын бүхий л салбарын үндэс суурийг тавилцан хөгжүүлэхэд нүдэнд үзэгдэхүйц, гарт баригдахуйц жинтэй хувь нэмэр оруулж ирснийг Монголын ард түмэн сайн мэддэг билээ.

 

Иймд “Зовох цагт нөхрийн чанар танигдана” гэсэн Монголын онч мэргэн сайхан үгийг хэрэгжүүлж гамшигт нэрвэгдсэн ОХУ-ын алс Дорнодын бүс нутгийн ард иргэдэд сайн санааны гараа сунгаж сэтгэл болон эд материалын тусламж дэмжлэг үзүүлэхийг Монголын нийт ард түмэнд уриалж байна.

 

Монголчуудын өгөөмөр нинжин сэтгэлийн үр шимийг Орос ах, дүү нар маань мэдэрч гүнээ талархах нь дамжиггүй.

 

Сэтгэл санааны болон эд материалын дэмжлэг үзүүлэх хүмүүс ОХУ-аас Монгол улсад суугаа элчин сайдын яамны embossy_ru@mongol.net хаягаар хандаж болох бөгөөд “Монгол-Орос” найрамдлын нийгэмлэг Голомт банкны 6-р салбарт 1601188566 тоот хандивын данс нээсэн болно.

 

Холбогдох утас: 321465, 91113931                        И-мэйл: undral_u@yahoo.com

 

“МОНГОЛ-ОРОС” НАЙРАМДЛЫН ОХУ-Д СУРГУУЛЬ ТӨГСӨГЧДИЙН

НИЙГЭМЛЭГ      ХОЛБОО

 

2013 оны 9-р сарын 11-ний  өдөр

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.