УИХ-ын дарга З.Энхболд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.12 дахь хэсэг, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 531 дүгээр зүйлийг үндэслэн 2013 оны 9 дүгээр сарын 18-ны өдөр 165 дугаар захирамж гаргалаа.

Уг захирамжаар Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх журмыг хавсралтаар баталж, энэхүү журмыг Төрийн ордны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журам, сэтгүүлчийн баримтлах ёс зүй, хэм хэмжээнд нийцүүлэн зохицуулж, хяналт тавьж ажиллахыг Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс /Д.Энхтуяа/-т үүрэг болгосон байна.

Мөн энэ захирамж гарсантай холбогдуулан Улсын Их Хурлын даргын 2008 оны 5 дугаар сарын 30-ны өдрийн 62 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцжээ.

УИХ-ын даргын 165 дугаар захирамжийн хавсралтаар баталсан “Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах, мэдээлэх журам”-ыг дор бүрэн эрхээр нь нийтэллээ.

 

УЛСЫН ИХ ХУРЛЫН ҮЙЛ АЖИЛЛАГААГ СУРВАЛЖЛАХ,

МЭДЭЭЛЭХ ЖУРАМ

Нэг. Нийтлэг үндэслэл

1.1.Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах эрхтэй хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтан /цаашид “Хэвлэл мэдээллийн ажилтан” гэх/ нь Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлахдаа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хууль, Төрийн ордны тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомж, дүрэм, журам, сэтгүүлчийн баримтлах ёс зүй, хэм хэмжээг чанд мөрдөж ажиллана.

Хоёр. Сурвалжлах эрх олгох

2.1. Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай хуулийн 531 дүгээр зүйлийн 531.2-т заасны дагуу Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс нь /цаашид “Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс” гэх/ Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах эрхийн үнэмлэхийг хэвлэл, мэдээллийн байгууллагын ажилтанд нэр зааж олгоно.

2.2. Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах эрхийн үнэмлэхийг Төрийн ордны хамгаалалтын алба тусгай тэмдэг дарж баталгаажуулна. Сурвалжлах эрхийн үнэмлэх нь тухайн ажилтны ажлын газрын үнэмлэхний хамт хүчинтэйд тооцогдоно.

2.3. Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах эрхийн үнэмлэхийг өдөр тутмын сонинд 3, өргөн нэвтрүүлгийн телевизэд 4, кабелийн телевизэд 2, өргөн нэвтрүүлгийн радиод 2, FM радиод 1, редакци бүхий, өдөр тутам 5000-аас доошгүй хандалттай /энэ хандалт нь давхардаагүй/ цахим сайтад 2, бусад сонин, сэтгүүл, гэрэл зургийн агентлагт тус бүр 1 хүнд олгоно.

2.4. Хэвлэл, мэдээллийн байгууллага нь Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах эрхийг авах саналаа Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст тухайн ажилтны ажлын ур чадвар, мэргэшсэн байдлыг нь харгалзан энэхүү журмын 2.3-т заасан тооны хязгаарт багтааж ирүүлнэ.

2.5. Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс олгосон үнэмлэх бүхий хэвлэл, мэдээллийн ажилтан нь Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдаан, Байнгын, дэд, түр хорооны хуралдааныг сурвалжилна.

2.6. Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан нь Төрийн ордонд ажиллах үедээ сурвалжлах эрхийн үнэмлэхийг заавал зүүнэ.

2.7. Хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан нь ажлаасаа халагдах, өөр ажилд шилжих зэрэг тохиолдолд хэвлэл, мэдээллийн байгууллага нь үнэмлэхийг хураан авч Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст буцааж хүлээлгэн өгнө. Хэвлэл мэдээллийн байгууллага нь тухайн ажилтны оронд өөр хүн томилох бол энэ журамд заасны дагуу хүсэлтээ гаргана.

Гурав. Хэвлэл мэдээллийн ажилтнуудын ажиллах нөхцөл

3.1. Хэвлэл мэдээллийн ажилтан нь Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хуралдааны танхим дахь тусгайлан зааж өгсөн байранд үйл ажиллагаагаа явуулна.

3.2. Хэвлэл мэдээллийн ажилтан нь Төрийн ордонд мэдээ, сурвалжлагаа бэлтгэх, дамжуулах, чуулганы үйл ажиллагааг ажиглах зориулалт бүхий ажлын өрөөг Улсын Их Хурлын Тамгын газар гаргаж өгнө.

Дөрөв. Хэвлэл мэдээллийн ажилтны эрх, үүрэг

4.1. Хэвлэл мэдээллийн ажилтан нь Улсын Их Хурлын үйл ажиллагааг олон нийтэд үнэн зөв, шуурхай мэдээлэх үүргийг хүлээнэ.

4.2. Улсын Их Хурлын бодлого, үйл ажиллагааны талаар Улсын Их Хурлын удирдлага, гишүүд, Улсын Их Хурлын Тамгын газраас өгсөн мэдээллийг илтэд гуйвуулж, ташаа мэдээлэл нийтэлж, нэвтрүүлсэн тохиолдолд залруулга гаргах үүрэгтэй.

4.3. Хэвлэл мэдээллийн ажилтан нь Төрийн ордны тухай хуульд заасан журмыг баримтлан үйл ажиллагаа явуулна.

4.4. Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хуралдааны танхимд телевизийн зураглаач, гэрэл зурагчид зөвхөн зөвшөөрөгдсөн цэг, зааг хязгаараас зураг авах бөгөөд Улсын Их Хурлын гишүүдийн анхаарлыг сарниулах, тэдэнтэй уулзах, ярилцлага авах, гар утсаар ярих, сонин хэвлэл, сурталчилгааны материал тараах зэргээр Улсын Их Хурлын чуулганы үйл ажиллагаанд саад болох аливаа үйлдэл гаргахыг хориглоно.

4.5. Хэвлэл мэдээллийн байгууллагын сурвалжлагч, зураглаач, гэрэл зурагчид нь чуулганы нэгдсэн болон Байнгын, дэд, түр хорооны хуралдааны танхимд Хуралдаан зохион байгуулах хэлтсийн ажилтнаас хуралдааныг хэвийн явуулах талаар тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэгтэй.

Тав. Улсын Их хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл,

олон нийттэй харилцах хэлтсийн эрх, үүрэг

5.1. Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс нь парламентын цахим хуудсаар дамжуулан хэвлэл мэдээллийн ажилтнуудыг мэдээллээр хангах арга хэмжээ авна.

5.2. Хэвлэл, мэдээллийн байгууллага нь Улсын Их Хурлын дарга, дэд дарга нараас ярилцлага, тодруулга авах, нэвтрүүлэг, түүнчлэн хэвлэл, мэдээллийн байгууллагаас зохион байгуулж байгаа бусад арга хэмжээнд оролцуулах хүсэлтээ Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээр дамжуулан шийдвэрлүүлнэ. Улсын Их Хурлын Байнгын, дэд, түр хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүдээс ярилцлага авах, нэвтрүүлэгт оролцуулах хүсэлтээ Байнгын хорооны ажлын алба болон туслахаар нь дамжуулан шийдвэрлүүлнэ.

5.3. Улсын Их Хурлын онцгой, анхдугаар чуулган, хүндэтгэлийн хуралдаан болон Монгол Улсын Ерөнхийлөгч, Улсын Их Хурлын гишүүдийн тангараг өргөх ёслол, Улсын Их Хурлын ээлжит болон ээлжит бус чуулганы нээлтийн ажиллагаа, Байнгын хороодын нээлттэй сонсгол, хэлэлцүүлэгт парламентын сурвалжлагчдыг Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс болон Хуралдаан зохион байгуулах хэлтсээс олгосон зөвшөөрлийн дагуу оролцуулна.

5.4. Улсын Их Хурлын чуулган, Байнгын, дэд, түр хороодын хуралдааны ажиллагааг радио, телевизээр шууд дамжуулах тохиолдолд тухайн хэвлэл, мэдээллийн байгууллага нь Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст урьдчилан мэдэгдэж зөвшөөрөл авна.

5.5. Гадаадын парламентын өндөр дээд хэмжээний төлөөлөгчдийн айлчлалыг сурвалжлахад Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс тусгай үнэмлэх олгоно. Мөн хэвлэл, мэдээллийн байгууллагууд нь Улсын Их Хурлын даргын дотоод, гадаад томилолт, айлчлалыг дагалдан сурвалжлах тухай хүсэлтээ Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэст урьдчилан мэдэгдэж шийдвэрлүүлнэ.

5.6. Гадаадын хэвлэл, мэдээллийн байгууллагын сурвалжлагчдад Улсын Их Хурлын чуулганы нэгдсэн хуралдааныг сурвалжлах түр зөвшөөрлийг гадаад харилцааны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын Хэвлэл, мэдээллийн хэлтсийн хүсэлтийг харгалзан олгоно.

                                                                 Зургаа. Бусад

6.1. Улсын Их Хуралд суудалтай нам, эвслийн бүлгийн хуралдааны талаарх мэдээ, мэдээллийг тэдгээрийнажлын алба дамжуулна.

Долоо. Хариуцлага

7.1. Улсын Их Хурлын үйл ажиллагааг сурвалжлах эрхийн үнэмлэхийг гэмтээсэн буюу гээж үрэгдүүлсэн тохиолдолд зөвхөн нэг удаа нөхөн олгоно.

7.2. Энэ журам болон холбогдох хууль тогтоомжийг зөрчсөн тохиолдолд тухайн сурвалжлагчид анхааруулах, Улсын ИХ Хурлын үйл ажиллагааг сурвалжлах эрхийг тодорхой хугацаагаар, эсхүл бүрмөсөн хасах арга хэмжээ авна.

7.3. Төрийн ордны хамгаалалтын алба нь Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсийн шийдвэрийг үндэслэн сурвалжлах эрхийн үнэмлэхийг хураан авах, хүчингүй болгох арга хэмжээ авна.
ххх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.