Аливаа улс үндэстэнд өөр өөрийн бахархах зүйлс, нэрийн хуудас болсон билэг тэмдэг байдаг.  АНУ-ыг Нью-Йорк хотын Эрх чөлөөний хөшөөгүйгээр, Францыг Парис хотын Эйфелийн цамхаггүйгээр, Японыг Токио хотын Тэнгэрийн мод цамхаггүйгээр төсөөлөхийн аргагүй. Тун удахгүй Төв азийн цээжнээ, Монголын Улсын нийслэл Улаанбаатар хотноо Морин Хуур Цогцолбор сүндэрлэн босох гэж байна. Энэхүү өндөр цамхагийг цогцлоон барих төслийг ажил хэрэг болгохоор зорьж буй “Морин Хуур Цогцолбор” төслийн хэрэгжүүлэгч,“Морин Хуур Тауэр”ХХК-ийн ерөнхий захирал Рэнцэндоржийн Ганхуягтай ярилцлаа.

 

-Сайн байна уу, Та? “Морин хуур цогцолбор төслийнхөө талаар товч танилцуулна уу?

Уртын дуу, хөөмий, морин хуур гурав бол монголчуудын эртнээс уламжлагдаж ирсэн соёлын гайхамшигт өв их эрдэнэ юм. Иймээс үндэсний өлзий билэг, өрнөн дэгжихүйн хийморь болсон морин хуур хөгжмийг монгол үндэсний бахархал болгон мөнхжүүлэх, дэлхий нийтэд сурталчлан таниулах зорилгоор морин хуур хөгжмийн зэмсэгийн хэлбэртэй, 300 гаруй метр өндөр цогцолбор барих төслийг “Морин хуур тауэр” ХХК хэрэгжүүлж байна. Монгол соёлын молор эрдэнэ Морин хуур цогцолбор сүндэрлэн боссоноор дэлхийн орчин үеийн өндөр барилгуудын тоонд багтаж, Монгол орны нэрийн хуудас, бахархал болох төдийгүй, үндэсний өв соёлоо хүндэтгэн дээдлэх соёлын их өргөө болох юм.

Морин хуурын хэлбэртэй өндөр барилга гэхээр их сонирхолтой санагдаж байна. Барилгын онцлог болоод билэгдлийн талаар ярьж өгнө үү?

Хэлбэр дүрс, утга агуулга, түүх соёлын хувьд морин хуур хөгжим үнэхээр хосгүй, дахин давтагдашгүй оюуны бүтээл. Морин хуур цогцолбор орчин үеийн шинжлэх ухааны ололт амжилтыг түүх соёлын өв уламжлалтай хослуулсан, дэлхийн барилгын түүхэнд шинэ өнгө аяс нэмсэн уран цамхаг байгаасай гэж билэгдэж байна. Морин хуур цогцолбор өндрийн хэмжээгээрээ Эрх чөлөөний хөшөөнөөс гурав дахин том, Эйфелийн цамхагтай эн зэрэгцэх гэдгээрээ бас онцлогтой.

-Морин хуур цогцолборын бүтэц, байгууламжийн талаар сонирхуулна уу?

Товчхон тайлбарлахад цогцолбор маань 90 гаруй мянган м.кв талбайтай бөгөөд Морин хуурын толгойн хэсэг, дээд доод чих, иш, цар, суурь, гадаад талбай гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэнэ. Хуурын толгойн хэсэгтээ шүншигтэй, чихний хэсэгт алсыг харах битүү шилэн тавцан, ишний хэсэгт мөнгөн аяга хэлбэртэй ресторан байхаар зураг төслөө баталсан. Харин царын хэсэг 30 давхар бөгөөд гадна ханыг төгсгөлгүй үргэлжлэх түмэн наст хээгээр чимэх юм. Суурь хэсэгт автомашины битүү зогсоолыг бий болгоно. Гадаад талбайд амарч зугаалах таатай орчинг бүрдүүлж, түүх соёлын дурсгалын олон сайхан дурсгал бүтээлээр чимэх төлөвлөгөөтэй ажиллаж байна. Энэ мэтээр монгол уламжлал, соёл, зан заншил дээр тулгуурлан Монголын онцлогийг илэрхийлсэн бүтээн байгуулалтыг хийхээр зорьж байна.

-Дотоод тохижилт, үйлчилгээний тухай дэлгэрэнгүй ярьж өгнө үү?

Цар буюу морин хуурын их биеийн үндсэн хэсэг 30 давхар. Дээд гурван давхарт Ёслол хүндэтгэлийн өргөө, Төрт ёсны музей, Их хаадын болон Ерөнхийлөгчийн номын сан, Дэлхийн музей, Уран зургийн галерей, Монгол туургатны генетикийн төв, Одон орон судлалын төв, Археологи, антропологийн төв, Монгол гэрийн музей, Монгол бичгийн өргөө, Монголын их хөлгөн туульс, хөгжмийн зэмсгийн өргөө, Хурим ёслолын өргөө зэрэг олон танхимуудтай байхаар төлөвлөж байна. Бусад давхаруудад олон улсын өндөр зэрэглэлийн хүлээн авалтын танхим, албан байгууллага, компани, орчин үеийн үйлчилгээний төв, зочид буудал, ресторан, үзэсгэлэн, бэлэг дурсгалын дэлгүүр байршина. Сонирхуулж хэлэхэд, нэгдүгээр давхарт Молор эрдэнийн морин хуур шүтээн хөшөөг босгохоос гадна Морин хуур чуулгын орчин үеийн концертийн танхим, Морин хуурын түүхийн музей байгуулах юм.

pic2

-Морин хуур цогцолбор хэзээ, хаанабаригдах вэ?

Морин хуур цогцолбор Хан-Уул дүүргийн 15-р хорооны нутаг дэвсгэрт баригдана. Төсөл маань 2013 оноос 2017 оны хооронд хэрэгжинэ.

Төсөл ямар шатандаа явж байгааг манай уншигчдад мэдээлнэ үү?

Батлагдсан төлөвлөгөөний дагуу энэ онд эхлүүлсэн төслийн эхний бэлтгэл ажил дуусч байна. Одоо барилгын зургийн олон улсын тендер шалгаруулах ажлыг эхлүүлэхээр холбогдох бичиг баримтын бүрдлийг боловсруулж байна.

-Энэ төслийг санаачлагч болон хэрэгжүүлэгч компанийн тухайасуумаар байна?

Энэ төслийг Цонжинболдог дахь Чингис хааны морьт хөшөөний эх загвар, Их Майдар цогцолборын зураг төслийг зохиосон Монгол Улсын урлагийн гавъяат зүтгэлтэн, зураач Д.Эрдэмбилэг гуай санаачилсан. Одоо төслийн хэрэгжүүлэгчээр “Морин Хуур Тауэр” ХХК ажиллаж байна.

Ийм том бүтээн байгуулалтыг хийхэд нарийн тооцоо, цаг хугацаа, хөрөнгө мөнгө хэрэгтэй байх. Нийт хэр хэмжээний төсөв хөрөнгө шаардагдах вэ?

Мэдээж тэгэлгүй яахав. Бид төслөө олон улсын жишгийн дагуу судалгаа шинжилгээ, техник эдийн засгийн үндэслэл, архитектор зураг төслийг нарийн боловсруулж, шат дараалсан байдлаар хэрэгжүүлнэ. Урьдчилсан тооцоогоор нийт 300 сая орчим ам.долларын санхүүжилт шаардагдаж байна. Гарааны хөрөнгө оруулалтыг бид өөрсдөө гаргана. Цаашдаа санхүүгийн байгууллагууд болон хөрөнгө оруулагчидтай хамтарч ажиллах болно.

-Төр, засгийн зүгээс хэрхэн дэмжин ажиллаж байгаа вэ?

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар морин хуур хөгжмийг төрийн ивээлд авч, монгол түмнийг морин хуураа дээдлэн хайрлаж явах зарлиг болгосон байдаг. Бид Морин хуур цогцолбор төслийг Монгол Улсын Ерөнхийлөгчид уламжлан танилцуулсан. Ерөнхийлөгчийн зүгээс тааламжтай хүлээн авч, дэмжинэ гэдгээ илэрхийлсэн. Мөн Монгол Улсын Засгийн газар болон Улаанбаатар хотын захиргаатай хамтран ажиллах санал солилцож байна.

-Энэ цогцолбор ашиглалтанд орсноор Монголын эдийн засаг, аялал жуулчлалд ямар хувь нэмэртэй вэ?

Юмны эхлэлийг тавих хамгийн чухал байдаг. Мэдээж хувь нэмэртэй. Монгол үндэсний өв уламжлалыг үзэж сонирхох гадаадын жуулчдын тоо нэмэгдсэнээр Монголын эдийн засагт зохих хувь нэмэр оруулж, аялал жуулчлалын салбарт томоохон хөрөнгө оруулалт бий болно гэж тооцоолсон. Урьдчилсан тооцоогоор 500 гаруй ажлын байр шинээр бий болно. Хамгийн гол нь олон улсын барилгын стандартын шаардлага хангасан томоохон бүтээн байгуулалтыг байгуулж чадсанаар монголын залуу үеийнхэн бахархах нэгэн өргөөтэй болж, Монгол орны содон дүр төрх гадаад улс орны сонорт хүрнэ.

-Монголд баригдаж байгаагүй томоохон бүтээн байгуулалт хийж байгаа учраас гадаад дотоодын мэргэжлийн байгууллагуудтай хэрхэн хамтран ажиллаж байна вэ?

Морин хуур цогцолбор нь Монголын өв соёл, бахархалын томоохон байгууламжуудыг нэг дор нэгтгэсэн цогцолбор болох тул төр засгийн дэмжлэг, гадаад дотоодын хөрөнгө оруулалт, олон улсын мэргэшсэн байгууллагууд, Монголын туршлагатай зөвлөх мэргэжилтнүүд, түүх соёлын чиглэлийн эрдэмтэн мэргэд, ард түмний хамтын оролцоо, дэмжлэг ихээхэн чухал юм. Бид гадаад дотоодын олон байгууллага, хамт олонтой хамтран ажиллаж, туршлага солилцдог. “Өндөр барилга, хотын байгууламжийн зөвлөл” (CTBUH) хэмээх олон улсын мэргэжлийн байгууллагад “Морин Хуур Тауэр” ХХК албан ёсны гишүүнээр элсээд хоёр жил болсон. Тус байгууллагын албан ёсны төлөөлөгч Улаанбаатар хотноо энэ оны 10-р сарын 18-нд болох “Construction Mongolia” олон улсын үзэсгэлэнд манай урилгаар ирж оролцох гэж байгаа бөгөөд цаашид Морин хуур цогцолбортой хэрхэн хамтран ажиллах талаар хэлэлцээр хийнэ.

-Ярилцлага маань өндөрлөж байна. Та уншигчдад хандан үг хэлнэ үү. 

Зон олон хуран чуулсан Морин хуурын сайхан орд өргөө босноо. Ирээдүйн төлөө хамтдаан бүтээн байгуулагч байж, хамтдаан түүхээн бүтээцгээе.

Баярлалаа. Та бүхний ажилд ч мөн амжилт хүсье.

pic3

Холбоотой мэдээ

(2) Сэтгэгдэл

  1. ЗӨВ ШҮҮ

  2. zaas 9 veree yarih baih daa

Leave a Reply

Your email address will not be published.