Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн ойг билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн 1-ний өдөр хэмээн тогтоож, Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” хэмээн нэрийдэж, бүх нийтээр ёслон тэмдэглэж байх болсон. Тулгар төрийнхөө 2222 жилийн ой, Их эзэн Чингис хаан мэндэлсний 851 жилийн ой, Монгол бахархлын өдрөө монголчууд өнөөдөр тэмдэглэж байна.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын Ерөнхий сайд асан Думаагийн Содномд  төрийн дээд шагнал, “Чингис хаан” одон гардуулах ёслолын ажиллагаа Төрийн Ордны Ёслол хүндэтгэлийн өргөөнд боллоо. Монгол Улсын Ерөнхий сайд Н.Алтанхуяг гэргий Х.Сэлэнгийн хамт энэхүү ёслолын ажиллагаанд оролцлоо.

Энэхүү ёслолын дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд, Ерөнхий сайд Н.Алтанхуяг болон УИХ, Засгийн газрын гишүүд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Монгол бахархлын өдрийн арга хэмжээг олон нийтэд нээлттэй зохион байгуулж байгаа бөгөөд ард иргэд Чингис хааны хөшөө болон Есөн хөлт цагаан тугандаа хүндэтгэл үзүүлж, дурсгалын зураг татуулж байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

 

 

 

 

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.