Шар мэдээ — 30 April 2014

“Биологийн зэвсгийг хориглох тухай конвенц” болон “Химийн зэвсгийг хориглох тухай конвенц”-ийн хэрэгжилтийг хангах асуудлаар 2014 оны 4 дүгээр сарын 28-29-ний өдрүүдэд Гадаад харилцааны яаманд хоёр өдрийн сургалт болов. Сургалтад манай улсын яамд, засгийн газрын хэрэгжүүлэгч агентлагууд, Шинжлэх ухааны академи, иргэний нийгмийн байгууллагын төлөөлөл оролцов.

ГХЯ-ны Олон улсын байгууллагын газар (ОУБГ) НҮБ-ын Зэвсэг хураах албатай хамтран зохиосон энэхүү сургалтад Европын Холбооны Төлөөлөгчийн газар дахь Хамтын ажиллагааны албаны дарга Ларс Гроинвалд, Женев дэх НҮБ-ын Зэвсэг хураах албаны улс төрийн ажилтан Карин Хжалмарссон, Химийн зэвсгийг хориглох конвенцийн байгууллагын Олон улсын хамтын ажиллагаа, тусламжийн хэлтсийн ажилтан Мина Сэниор Фарэсс, Бельгийн Вант Улсын Гадаад харилцаа, гадаад худалдаа, хөгжлийн хамтын ажиллагааны яам (ГХГХХХАЯ)-ны Зэвсэг хураах, үл дэлгэрүүлэх, Зэвсгийн хяналтын газрын атташе Франк Мээуссэн, НҮБ-ын Энх тайван, зэвсэг хураах асуудлаарх Ази номхон далайн бүсийн төвийн улс төрийн ажилтан Харука Катарао, Британийн Хяналт, баталгаа, сургалт, мэдээллийн “VERTIC” төвийн судлаач Давид Клифф нараас гадна манай улсын их дээд сургуулиуд, биологи, химийн салбарт судалгаа шинжилгээ явуулдаг шинжилгээний хүрээлэнгүүдийн эрдэмтэн судлаач нар мөн ажиглагчаар оролцов

Сургалтаар Химийн болон биологийн зэвсгүүдийн түүх, Химийн болон биологийн зэвсгүүдийг хориглох конвенцуудын үүсэл хөгжилт, зорилго чиглэл, бүтэц, үндсэн зарчим, зохион байгуулалт, тэдгээр конвенцид нэгдэн оролцогч талуудын үндэсний албадын үйл ажиллагаа, хууль эрх зүйн үндэс, тэдэнд үзүүлдэг дэмжлэг, туслалцаа, хамтын ажиллагаа асуудлуудаар 10 гаруй илтгэл хэлэлцэн ажил хэрэгч хэлэлцүүлэг өрнүүлэв.

Сургалтын үр дүнд дээр дурдсан хоёр конвенцийг хэрэгжүүлэх зорилгын хүрээнд үндэсний боловсон хүчнийг сургаж бэлтгэх, шаардлагатай тоног, төхөөрөмж нийлүүлэх, конвенцуудын хэрэгжилтийг үндэсний хэмжээнд уялдуулан зохион байгуулах албыг шинэчлэн зохион байгуулах, үйл ажиллагааны хөтөлбөр боловсруулах ялангуяа, хил гаалийн хяналтыг сайжруулж, лаборториудын чадавхийг дээшлүүлэх, уялдаа холбоог нь сайжруулах, хоёрдмол зориулалт бүхий бараа бүтээгдэхүүнд тавих хяналт шалгалтыг боловсронгуй болгох, шаардлагатай тохиолдолд НҮБ, олон улсын бусад байгууллагын зүгээс техникийн туслалцаа авах, хамтарч ажиллах боломжуудыг ярилцав.

Түүнчлэн хими, биологийн гаралтай хортой, аюултай бараа бүтээгдэхүүнд тавих хяналтыг сайжруулах чиглэлээр одоо үйлчилж байгаа хуулиудад үнэлгээ хийх, Хяналт, баталгаа, сургалт, мэдээллийн “VERTIC” төвтэй хамтарч ажиллахаар болов.

 

http://www.mfa.gov.mn

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.