Улсын Их Хурал — 30 April 2014
Түгээх

УИХ-ын дарга З.Энхболдод өнөөдөр  УИХ-ын гишүүн, Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөр Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого батлах тухай УИХ-ын тогтоолын төсөл өргөн барив.

“Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого”-ын шинэчлэн найруулсан төсөлд боловсролын салбарт урт хугацаанд тогтвортой баримтлах бодлого, стратегийг тодорхойлон бүх нийтэд тэгш, хүртээмжтэй, чанартай, олон хувилбартай, чөлөөтэй, нээлттэй байх, боловсролын салбарт сайн засаглал, боловсролын салбарын удирдлагын мэдээллийн нэгдсэн системийг хөгжүүлэх, мэдээллийн аюулгүй байдлыг хангах, иргэн бүрт боловсролын үйлчилгээг хүргэх, насан туршдаа боловсрол эзэмших орчин, нөхцөл, боломжийг бүрдүүлэх, боловсролд мэдээллийн технологийг ашиглах, сургалтын нээлттэй эхийг дэмжих, эх хэл, түүх уламжлал, гадаад хэлний сургалтын үндэсний бодлого, хөтөлбөр хэрэгжүүлэх зэрэг асуудлуудыг тусгасан байна.

Төрөөс боловсролын талаар баримтлах бодлого шинэчлэн батлагдсанаар боловсролын чанарын баталгааг хангах, олон улсын түвшинд өрсөлдөх чадвар бүхий боловсролын үйлчилгээг бий болгох эрх зүйн орчныг бүрдүүлэх үүднээс боловсролын салбарын /Боловсролын тухай хууль, Дээд боловсролын тухай хууль, Дээд боловсролын санхүүжилт, суралцагчдын нийгмийн баталгааны тухай хууль, Бага, дунд боловсролын тухай хууль, Сургуулийн өмнөх боловсролын тухай хууль гэх мэт/ хууль тогтоомжид зохих өөрчлөлтүүд орно гэдгийг төсөл санаачлагч хэллээ хэмээн УИХ-ын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс мэдээлэв.


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.