Улсын Их Хурал — 30 April 2014

Хууль зүйн сайд Х.Тэмүүжин өнөөдөр УИХ-ын даргад Гэмт хэргийн тухай болон Зөрчлийн тухай хуулийн төслүүд өргөн барилаа. Өргөн барьсан хуулийн төсөл болон цаг үеийн асуудлаар Х.Тэмүүжин сайдаас зарим зүйлийг тодрууллаа.

-Таны өргөн барьсан хуулийн төслүүдийн гол үзэл санаа нь юу вэ?

-Гэмт хэргийн болон Зөрчлийн тухай хуулийн төслүүдийг өргөн барилаа. Гэр бүл, найз нөхөд, ажил, бизнесийн гээд нийгмийн бүхий л харилцааны хариуцлагын тогтолцоог энэ хуулиар зохицуулах юм. Өмнө нь Гэмт хэргийн, Зөрчлийн хууль гэж байгаагүй, Эрүүгийн болон Захиргааны хариуцлагын тухай хууль гэж байсан. Захиргааны хариуцлагын тухай хууль нь өмнөх социализмын үеийн захиргаагаар удирдаж, төрөөс иргэдийг хянахад зориулагдсан үзэл сурталтай хууль байсан. Мөн Эрүүгийн хууль нь маш их шүүмжлэл дагуулдаг. Энэ хуулиудын хамгийн чухал үзэл санаа нь хуучин Эрүүгийн хууль тогтоомжоор залуучуудыг жижиг алдаан дээрээс ч дөрөөлж, шорон руу явуулдаг байсан. Шинэ хуулиар шоронжсон нөхцөл байдал бидний тооцоолсноор 40 хувиар багасна. Одоогийн хууль тогтоомжоор баялаг бүтээгчдээ хорьдог, цагддаг, бизнесийн үйл ажиллагааг нь тасалдуулдаг байдал нь ажлын байрыг үгүй хийж, эдийн засгийн өсөлтөд нөлөөлдөг байсан бол шинэ хуулиар шинэ төрлийн албадлагын арга хэмжээ болон ялын шинэ төрөл орж ирж байгаа. Мөн хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотойгоор сэтгүүлчдийн хардах эрхийг эрүүдэн шүүдэг, гэмт хэрэг гэж үздэг байсан бол гүтгэлэг гэдэг заалт алга болж байгаа. Үүнээс гадна дээрх хуулиудтай холбоотойгоор иргэнийг нийгэмшүүлэх ялын бодлого эерэг болж өөрчлөгдөж байгаа. Ял эсвэл албадлагын арга хэмжээ илүү их хүнийг цээрлүүлдэг, харлуулдаг агуулга шинжтэй байсан бол аливаа албадлага, ялын бодлого илүү иргэншүүлэх чиглэл рүүгээ явж байгаа. Гэх мэт олон том шинэтгэлүүд хийгдэнэ. Хуулийн хэлэлцүүлгийн явцад иргэд дэлгэрэнгүй мэдээлэл авах болно.

-Шинэчлэлийн ажил үргэлжилж байгаа ч таныг огцруулах асуудлыг УИХ-ын гишүүн О.Баасанхүү өргөн барьсан. Энэ талаар та ямар байр суурьтай байгаа вэ?

-Мэдээж шинэчлэлийн үйл явц хялбар хийгдэх ажил биш. Тэр дундаа хууль, хүчний гэж яригддаг, хаалттай, тусгай хүчтэй арга хэрэгсэлтэй энэ байгууллагад шинэчлэл хийнэ гэдэг бол маш том сорилт, эсэргүүцэлтэй тулгарах нь гарцаагүй. Тиймээс би санаа зовохгүй байгаа. Энэ бол байдаг л үзэгдэл шүү дээ. Зүүн Европын орнуудад ийм үзэгдэл олноор гарч байсны адилаар Монголд ч тохиолдож байна. Энэ сорилтыг бид даваад гарах ёстой. Давж гарч байж шинэчлэлийн үйл явц амжилттай, тасралтгүй үргэлжилнэ.

-Хууль зүйн салбарын шинэчлэлээс гадна, хувийн асуудалтай холбоотой мэдээллийг огцруулах үндэслэлд оруулсан байсан. Энэ талаар та албан ёсоор байр сууриа илэрхийлээч?

-Би албан ёсоор тайлбар хийнэ. Одоогоор зарим зүйл хуулийн байгууллагад шалгагдаж байгаа, зарим нь шууд ил болгох бололцоогүй мэдээлэл байгаа учраас дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй байна. Тодорхой хугацааны дараа бодит үнэн төрх өөрөө ил болно. Нөгөөтэйгүүр хов живийн, эсвэл таамаг мэт зүйлээр хэн нэгнийг буруутган, гүтгэх боломж Монголд багасч байгаа. Хэвлэлийн эрх чөлөөтэй холбоотой нэг заалт орсон нь гүтгэлэг нь гэмт хэрэг биш болж байгаа гэж би өмнө нь хэлсэн. Үүний нөгөө талд сэтгүүлчид өөрсдөө захиалгат сэтгүүл зүйгээс ангид байх, мэргэжлийн ёс зүйд захирагдах өндөр хариуцлага ирж байгаа гэдгийг ойлгоно биз. Аливаа мэдээлэл баримттай, нотолгоотой, үнэнийг илэрхийлсэн байх нь зохистой байдаг. Өнгөрсөн 14 хоногийн хугацаанд маш олон залуус намайг дэмжсэн байна. Мөн маш олон сэтгүүлчид ямар ч захиалгагүйгээр итгэл үнэмшлээрээ дэмжсэн. Үг хэлэх эрх чөлөө нээлттэй байх нь яагаад ямар нэг дарангуйлал, хүчирхийллээс илүү үнэ цэнэтэй байдаг вэ гэдгийг өнгөрсөн хугацаанд харуулсан учраас миний итгэл үнэмшил хатуу, бат бэх байгаа. Намайг юу гэж хэлж, хардах, надад зориулж ямар үг хэлэх нь энэ нийгмийн асуудал. Гэхдээ үг хэлэх эрх чөлөөний төлөө хатуу зогсоно гэдэг бол Хууль зүйн сайдын хийх асуудал.

Ш.ЧИМЭГ

Эх сурвалж: http://www.news.mn

Холбоотой мэдээ

(1) Сэтгэгдэл

  1. TEMUU XUU CAIN BANA

Leave a Reply

Your email address will not be published.