Засгийн газар — 30 April 2014

Шинэчлэлийн Засгийн газраас өргөн барьсан “Эдийн засгаа эрчимжүүлэх нийт 100 хоног” төлөвлөгөөний төслийг энэ өдрүүдэд УИХ-аар хэлэлцэж байна. Төлөвлөгөөнд таван чиглэлийн 50 гаруй ажлыг ирэх 100 хоногт эрчимтэй хэрэгжүүлэхээр тусгасны дотор гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, манай улсын экспортын гол бүтээгдэхүүн болох уул уурхай, ашигт малтмалын үйлдвэрлэлийг идэвхжүүлэх зэрэг олон улсын хамтын ажиллагаатай холбоотой томоохон ажлууд багтсан юм.

Монгол Улсад гадаад орнуудыг төлөөлөн суугаа элчин сайд, дипломат төлөөлөгчид болон гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагынхантай Ерөнхий сайд Н.Алтанхуяг ээлжит уулзалтаа хийж, эдийн засгаа эрчимжүүлэх 100 хоногийн төлөвлөгөөний төслийг танилцууллаа.

Гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэхийн тулд өрийн удирдлагын шинэ тогтолцоо нэвтрүүлэх, банкуудын гаднаас татах хөрөнгийг хүүгийн татвараас чөлөөлөх, 100 мянган ам.доллараас дээш хөрөнгө оруулалт татаж буй банк бус санхүүгийн байгууллагын ашгийн татварыг тэглэх, эдийн засгийн чөлөөт бүсэд хөрөнгө оруулалт татах, гадаадын хөрөнгө оруулагчдад визийн тааламжтай нөхцөл бий болгох, тэдэнтэй тусгайлсан уулзалтууд хийх гэх мэт тодорхой алхмуудыг энэ хугацаанд хийхээр төлөвлөж байна. Харин уул уурхайн салбарт Ашигт малтмалын хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, хайгуулын лиценз олгохыг зөвшөөрнө. Мөн маргаантай байгаа зарим лицензийн асуудлыг шийдвэрлэж, Асгатын мөнгөний ордын үйл ажиллагааг эхлүүлнэ. Нүүрсний экспортыг нэмэх, алтны олборлолтыг дэмжих, газрын тос боловсруулах үйлдвэрийн ажлыг эхлүүлэх, БНХАУ-тай хамтарсан нүүрс хийжүүлэх үйлдвэрийн бэлтгэл ажлыг хангах зэрэг цогц арга хэмжээ авна гэж Ерөнхий сайд хэллээ.

zasag3Дотоодын бүтээн байгуулалтын чанартай ажлуудаа ч энэ хугацаанд эрчимтэй явуулна. Татвар, зээл, лизингийн үйлчилгээгээр үндэсний үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчдээ дэмжинэ. Эдгээр бүх ажлын уялдаа, гүйцэтгэлийг байнга хянахын тулд Ерөнхий сайдын дэргэд Эдийн засгийг эрчимжүүлэх зөвлөл тогтмол ажиллана гэж Засгийн газрын тэргүүн танилцуулаад дипломат төлөөлөгчид болон гадаадын хэвлэл мэдээллийн байгууллагынхны асуултад хариуллаа.

“Эдийн засгаа эрчимжүүлэх нийт 100 хоног” төлөвлөгөөг ирэх долоо хоногт УИХ-аас эцэслэн батлах ба УИХ-ын тогтоол батлагдсан даруйд Засгийн газар эдгээр ажлаа хугацаа алдалгүй хэрэгжүүлж эхэлнэ гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.