Шар мэдээ — 30 April 2014

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурал (ЮНКТАД)-ын Хөрөнгө оруулалт, үйлдвэрийн хөгжлийн хорооны 2014 оны 4 дүгээр сарын 29-ний өдрийн хуралдаанаар “Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлогод тус байгууллагаас хийсэн дүн шинжилгээний тайлан”-тай танилцаж хэлэлцэв. НҮБ-ын Женев дэх төвд болсон энэхүү хуралдаанд Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат тэргүүтэй Монгол Улсын Засгийн газрын төлөөлөгчид оролцов.

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын Ерөнхий нарийн бичгийн дарга Мукиса Китуи болон Эдийн засгийн хөгжлийн дэд сайд О.Чулуунбат нар хуралдааныг нээж үг хэлэв. “Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлогод 2013 онд НҮБ-ын ХХБХ-аас хийсэн дүн шинжилгээний тайлан”-д манай улсын хөрөнгө оруулалтын өнөөгийн нөхцөл байдал, хөрөнгө оруулалтыг дэмжих бодлого, зохицуулалт болон эрх зүйн орчинд дүн шинжилгээ хийж, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах замаар эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад чиглэгдсэн тодорхой зөвлөмжүүдийг тусгасан бөгөөд тэдгээр зөвлөмжийн талаар НҮБ-ын ХХБХ-ын Хөрөнгө оруулалт, үйлдвэрийн хэлтсийн дарга Ж.Жан хуралдаанд танилцуулав. Түүнчлэн Монгол Улсын ЭЗХЯ-ны Хөрөнгө оруулалтын газрын дарга С.Жавхланбаатар Монгол Улсын Засгийн Газраас уг тайланд тусгагдсан зөвлөмжүүдийг хэрэгжүүлэх талаар болон хөрөнгө оруулалтын орчинг сайжруулах чиглэлээр сүүлийн үед авч хэрэгжүүлсэн тоймтой арга хэмжээ болон цаашид хийхээр төлөвлөгдөж буй ажлуудын талаар илтгэл хэлэлцүүлэв.

НҮБ-ын Худалдаа, хөгжлийн бага хурлын энэхүү хуралдаанд гишүүн орнуудын төлөөлөгчид, НҮБ-ын холбогдох агентлагууд, олон улсын бусад байгууллагын төлөөлөл болон гадаадын хөрөнгө оруулагчид, бизнес эрхлэгчид оролцож, манай улсын хөрөнгө оруулалтын бодлого, нөхцөл байдал, эрх зүйн орчин болон нөөц бололцооны талаар санал бодлоо солилцов. Нээлттэй хэлэлцүүлгийн үеэр Америкийн Нэгдсэн Улс, Бүгд Найрамдах Хятад Ард Улс, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант Улс, Канад, Холбооны Бүгд Найрамдах Герман Улс, Бүгд Найрамдах Парагвай Улс, Бүгд Найрамдах Франц Улс, Бүгд Найрамдах Итали Улсын төлөөлөгчид, Швейцарь-Азийн Худалдааны танхим болон Монголд үйл ажиллагаа явуулж буй гадаадын зарим компани, аж ахуйн нэгжийн төлөөлөгчид үг хэлж оролцов.

Хуралдаанд оролцогчид Монгол Улсын хөрөнгө оруулалтын бодлогод дүн шинжилгээ хийсэн тайлангийн зөвлөмжүүдийн дагуу Монгол Улсын Засгийн Газраас хөрөнгө оруулалтын орчныг сайжруулахад чиглэгдсэн дорвитой, чухал арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлж буйг сайшаан тэмдэглэв. Түүнчлэн Монгол Улсын зүгээс цаашид хөрөнгө оруулалтын орчныг улам боловсронгуй болгож, түүний тогтвортой байдлыг хангах, хөрөнгө оруулагчдад бэрхшээл учруулдаг хүнд суртлыг арилгах, чөлөөт өрсөлдөөнийг дэмжих зэрэгт чиглэсэн арга хэмжээнүүдийг тууштай авч хэрэгжүүлэхийн чухлыг онцолж, Монгол Улсад хөрөнгө оруулах, өргөн хүрээнд хамтран ажиллах сонирхлоо илэрхийлж байв.

Хуралдааны төгсгөлд НҮБ-ын Женев дэх төвийн дэргэд суугаа Монгол Улсын Байнгын төлөөлөгчийн газраас НҮБ-ын ХХБХ-тай хамтран Монгол орны тухай сурталчилгаа, соёл урлагийн арга хэмжээ зохион байгуулж Байнгын төлөөлөгч, Элчин сайд В.Пүрэвдорж болон НҮБ-ын ХХБХ-ын Хөрөнгө оруулалтын бодлогын асуудал хариуцсан захирал Ж.Вебер нар үг хэлэв.

http://www.mfa.gov.mn/

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.