Шар мэдээ — 30 April 2014

Тус газрын дарга Б.Пүрэвдорж Засгийн газрын 11-11 төвд ажиллахдаа энэ салбарт хийгдэж байгаа шинэчлэл болон үйл ажиллагааныхаа талаар танилцууллаа. Хилийн боомтын тухай хууль хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан Гадаадын иргэн харьяатын асуудал эрхлэх газрын нэр, бодлого, үйл ажиллагаа өөрчлөгдсөн юм. Шинээр зохион байгуулагдсан ИХШХЕГ улсын хилээр нэвтэрч байгаа зорчигч болон тээврийн хэрэгслийг шалган, нэвтрүүлж, бүртгэлийн нэгдсэн сан байгуулах, Монгол Улсаас гадаад улсад суугаа дипломат төлөөлөгчийн газартай хамтран гадаадад зорчиж байгаа Монгол Улсын иргэдийн эрх, эрх чөлөө зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх үүрэг хүлээж байгаа. Мөн манай улсад зорчиж буй гадаадын иргэдийг улсын хилээр нэвтэрснээс эхлэн буцаж гарах хүртэл хяналт тавин ажиллаж байна гэж ИХШХЕГ-ын дарга хэллээ.

Гадаадын иргэд Монголд зорчиход Гадаад харилцааны яам, хилийн шалган нэвтрүүлэх алба, гааль, мэргэжлийн хяналт зэрэг 4-5 төрийн байгууллага дамжиж үйлчилгээ авдаг байсныг хөнгөвчилж төрийн нэг л байгууллагаар үйлчлүүлээд буцдаг тогтолцоонд шилжүүлж байна. Монгол Улсын иргэд өнөөдөр дэлхийн 200 гаруй оронд зорчиж байгаа. Хэрэв 30 хоногийн виз аваад гадаадыг зорьсон бол визний хугацаа дууссан ч иргэн эргэж ирээгүй гэдгийг бүртгэлийн сангаас шүүж гарган, Гадаад харилцааны яаманд хандаж, мэдээлэл өгнө. Ингэснээр төр засаг гадаад дахь монголчууддаа анхаардаг тогтолцоонд шилжиж байна гэлээ.

Энэ салбарын үйл ажиллагааг зохицуулах 4 гол хуулийг шинэчилж, 86 журмыг 44 болгож цөөлсөн нь олон шат дамжлагыг халсан зохицуулалт болжээ. Виз өгөх эрхийг боомтуудад ажиллаж буй байцаагчдад өгч, эргэж хариуцлага тооцох тогтолцоонд шилжсэнээр визийг богино хугацаанд шуурхай олгож байна. Цаашдаа Монгол Улсын визний хүсэлтийг цахим хэлбэрээр авч, хариу өгдөг болох зэрэг гадаадын иргэдэд хамгийн боловсронгуй түргэн шуурхай үйлчилгээг үзүүлэх зорилт тавьж байна гэлээ. Цахим уулзалтын үеэр 4500 гаруй иргэн хандаж мэдээлэл авлаа гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.