Засгийн газар — 30 April 2014

Төрийн байгууллагуудаас олгодог зөвшөөрөл, лицензийн тоог эрс цөөлж, шат дамжлагыг нь хялбарчлахаар Ерөнхий сайдын захирамжаар хоёр түвшний ажлын хэсэг байгуулагдсан юм. ЗГХЭГ-ын Хууль эрх зүйн газрын дарга Н.Энхтуяагаар ахлуулсан анализын баг өнөөдөр дүнгийн хурлаа хийж, санал дүгнэлтээ нэгтгэлээ. Тус багийнхан төрийн 54 байгууллагуудаас олгож байгаа нийт 914 тусгай зөвшөөрөл, лицензэд нэг бүрчлэн анализ шинжилгээ хийгээд 436-г хэвээр үлдээж, 478-г нь хүчингүй болгох нь зүйтэй гэж үзжээ. Хуулийн үндэслэлтэй, тухайн салбарын бизнес эрхлэлтэд ээлтэй эсэх,төрийн бодлого зорилгод нийцсэн, хүний амь нас, эрүүл мэнд, аюулгүй байдал, байгаль орчныг хамгаалж байгаа эсэх гэсэн үндсэн шалгуур үзүүлэлтээр зөвшөөрөл, лиценз бүрийг дүгнэсэн байна.

Энэ санал дүгнэлтийг Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Ч.Сайханбилэгээр ахлуулсан УИХ-ын ажлын хэсэгт танилцуулж, улмаар Засгийн газрын хуралдаанаар хэлэлцээд эцэслэн шийдвэрлэнэ.

Шинэчлэлийн Засгийн газраас бизнесийн орчинд хийж буй шинэтгэлийн нэг томоохон чиглэл нь дээрх ажил юм. Зөвшөөрөл, лицензийг цөөлж, шат дамжлагыг нь хялбарчлахын тулд дараагийн ээлжинд одоо мөрдөж байгаа 59 хууль, 45 журамд өөрчлөлт оруулах буюу хүчингүй болгох шаардлагатай. Мөн “Зөвшөөрлийн тухай” шинэ хууль гарган энэ төрлийн үйл ажиллагааг нэг шүхэр дор оруулж цэгцлэхийг зорьж байна. Одоогоор шинэ хуулийн үзэл баримтлалыг боловсруулж дуусаад байна гэж Засгийн газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах албанаас мэдээллээ.

 

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.