Ерөнхийлөгч — 30 April 2014

Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн шагналын тухай хуулийн төслийн үзэл баримтлалын талаар Ерөнхийлөгчийн дэргэдэх Иргэний танхимд олон нийтийн төлөөллийг оролцуулан нээлттэй хэлэлцүүлэг хийв. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2013 оны арванхоёрдугаар сарын 4-ний 15 тоот захирамжаар уг хуулийн төслийг боловсруулах ажлын хэсгийг хуульч, өмгөөлөгч, бусад салбарын төлөөлөл бүхий 15 хүний бүрэлдэхүүнтэй баталжээ. Хэлэлцүүлгийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Олон нийтийн харилцааны бодлогын зөвлөх, ажлын хэсгийн ахлагч А.Ганбаатар удирдан явууллаа.

Төрийн шагналын тухай хуулийн төслийг боловсруулахын тулд ажлын хэсгээс судалгааны хэсэг гаргаж ОХУ, Украин, Беларусь, Казахстан, Герман зэрэг арваад орны холбогдох хуулийг судалж үзсэн байна.Мөн УИХ-ын Тамгын газрын Судалгааны төвөөс уг асуудлаар улсын хэмжээнд судалгаа явуулж, Ерөнхийлөгчийн Тамгын газрын Бодлогын зөвлөлийн хурлаар хуулийн төслийг хэлэлцсэнээс гадна нийгмийн толь болсон манлайлах хүмүүстэй зөвлөлдөж санал бодлыг нь сонсчээ.

Төрийн шагналын тухай хуулийн төслийг боловсруулах хэд хэдэн шалтгаан байсныг Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар онцлов. Монгол оронд 1990 онд ардчилсан хөдөлгөөн ялж, 1992 онд шинэ Үндсэн хууль батлагдсанаар нийгэм солигдож, социализм, коммунизм байгуулах өмнөх нийгмийн зарчим үндсээрээ өөрчлөгдсөн боловч Төрийн шагнал олгох систем, хэлбэр хуучнаараа үлдсэн нь хуулийг шинэчлэх гол шалтгаан болсон байна. Өмнөх тогтолцоогоор хөдөлмөрийн үнэлгээ, он удаан жил ажилласан байдлыг харгалзан шагнал хүртээж байсан бол шинэ Үндсэн хуулиар гавьяа байгуулсан, нийгэмдээ сайн үйлс бүтээж, үлгэр дуурайлал үзүүлснийг нь үнэлж шагнал олгодог байх зарчим үйлчлэх болсон юм.

2014-04-30heleltsuuleg_big4Шинээр хуулийн төсөл боловсруулах дараагийн нэг үндэслэл нь цол, төрийн одон, медаль олгох шалгуур үзүүлэлт өнөөгийн нийгмийн шаардлагад нийцэхгүй болсон байна. Тухайлбал, “Ардын” гэсэн цолыг таван төрөл мэргэжлээр,“Гавьяат” цолыг 30 төрлөөр олгож ирсэн. Гэтэл өнөөдөр Монгол Улсад 7000 орчим төрлийн ажил, мэргэжил байгаа тул нийгмийн бүх салбарын ажил мэргэжлийг хамарч чадахгүй болсон гэж үзжээ. Одоо олгож байгаа Хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одон зэрэг нь хуучин сүлдтэй, БНМАУ гэсэн бичээстэй хэвээр байгаа тул загварыг өөрчлөх шаардлага үүсчээ.

Төрийн дээд одон, медалийн нэр нь улс төрийн намын болон ТББ, аймаг, орон нутгийн ИТХ-аас шийдвэр гарган олгож буй бусад одон, медалийн нэртэй давхцах болсон байна. Тухайлбал, төрөөс олгодог хамгийн нэр хүндтэй шагнал болох “Чингис хааны одон”-той АН-ын Чингисийн одон, П.Даваанямын тэргүүлдэг Чингис хааны академийн шагналын нэр давхацдаг нь олон нийтийг төөрөгдүүлж, шагнал хавтгайрсан мэт ойлголтод хүргэх болжээ. Төрийн дээд одон, медаль, шагналын нэр хүндийг өргөхийн тулд давхацсан нэртэй шагналыг цэгцлэх зарчмыг мөн хуулийн төсөлд тусгасныг дурдав.

2014-04-30heleltsuuleg_big5Посткоммунист бусад орнууд шагналынхаа сисмемийг шинэчлээд олон жил өнгөрсөн байна. Польш улс 1992 онд, Казахстан 1995 онд, Украин 2000 онд, Беларусь 2004 онд тус тус Төрийн шагналын тухай хуулиа шинэчлэн баталжээ. Эдгээр шалтгаанаар Төрийн шагналын тухай хуулийн төслийг шинэчлэн боловсруулах шаардлагатай болсныг Ерөнхийлөгчийн зөвлөх А.Ганбаатар тайлбарлав. “Шударга ёсны хэмжүүр бол шагнал” гэсэн Францын нэрт сэтгэгч Монтеськегийн үгийг тэрээр дурдаж, “Шагнал нэр хүндтэй, товч тодорхой, олонд нээлттэй, нүдээ олсон байх ёстой тул хуулийн зарчмыг энэ чиглэл рүү хандуулж байна. Шагналын системийг Үндсэн хуулийнхаа санаа, зарчимтай нийцүүлэх ёстой болжээ” хэмээн тэрээр үгээ өндөрлөлөө.

Үүний дараа хуульч Болорцэцэг хуулийн төслийн үзэл баримтлалаас танилцуулсан юм. Хуулийн төсөлд Төрийн дээд шагналын төрөл, эрэмбийг дараах байдлаар ангилахаар тусгажээ.

Монгол Улсын цол:

-Монгол Улсын баатар цол

-Гавьяат зүтгэлтэн цол

Монгол Улсын одон:

-Чингис хаан одон

-Эрдэнийн очир одон

-Алтан гадас одон

-Цэргийн гавьяаны одон

-Эхийн алдар одон

Монгол Улсын медаль:

-Цэргийн хүндэт медаль

-Хөдөлмөрийн хүндэт медаль

-Шударга журам медаль

-Найрамдал медаль гэсэн төрөл, эрэмбэтэй байхаар төсөлд оруулсан байна.

Хэлэлцүүлэгт оролцогчид Үндсэн хуулийн зарчим болон нийгмийн өнөөгийн нөхцөл, байдалд нийцүүлэн Төрийн шагнал олгох журам, зарчмыг шинэчлэх нь зүйтэй. Шагналын нэр хүндийг өргөж урамшуулал дагалдуулах, дээд эрэмбийн шагналыг мөнгөн шагнал дагалдах нь зөв гэсэн байр суурь илэрхийлж байлаа. Уг хуулийн төслөөр иргэдээс төрөл бүрийн хэлбэрээр санал авах, хэлэлцүүлэг хийх зэрэг ажил цаашид ч үргэлжлэх юм.

http://www.president.mn/

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.