Улсын Их Хурал — 30 May 2014
Төсвийн төсөөлөл гэрлийн хурдаар батлагдав

Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төсөл хуулийн хугацаандаа буюу зургадугаар сарын 1-нээс өмнө батлагдах учиртай.

Засгийн газраас оруулж ирсэн төсвийн төсөөлөлд өрийн хэмжээг ДНБ-ий 70 хувьд хүргэх зэрэг учир дутагдалтай заалтууд орсон байсан учраас өчигдөр чуулганаар хэлэлцээд хууль санаачлагчид буцаасан. Тэгвэл уг асуудлаар өчигдөр орой Засгийн газар хуралдаж дахин боловсруулсан бөгөөд үргэлжлүүлэн Төсвийн байнгын хороог хуралдуулж хэлэлцэх эсэхийг дэмжин өнөөдөр өглөө УИХ-ын чуулганд оруулж ирсэн.

Ингэхдээ өмнөх төсөөллийн суурь заалтуудыг өөрчлөөгүй инфляцийг энэ онд 11 хувьд, ирэх оноос долоон хувь байхаар тооцсон бөгөөд өрийн хэмжээг одоо байгаа хуульдаа нийцүүлэн ДНБ-ий 40 хувь байхаар оруулжээ. Энэ нь гишүүдийн шүүмжлэлийг багагүй хүртсэн ч МАН-ын бүлгээс тавьсан эсэргүүцэл үр дүнгээ оллоо хэмээн уг тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийгээд үдээс өмнөх чуулган завсарласан.

Тэгвэл үдээс өмнөх чуулган түр завсарлах хугацаанд тогтоолын төслийг Төсвийн байнгын хороо хэлэлцэж, эцсийн хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр оруулж ирсэн юм. Ингэснээр үдээс хойшхи чуулган хуралдаж Монгол Улсын нэгдсэн төсвийн 2015 оны төсвийн хүрээний мэдэгдэл, 2016-2017 оны төсвийн төсөөллийн тухай хуулийн болон Монгол Улсын Засгийн газарт чиглэл өгөх тухай УИХ-ын тогтоолын төслийг  78.8 хувийн саналаар баталлаа. Уг тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах санал гаргасныг чуулганы хуралдаанд оролцсон гишүүд дэмжиж, баталлаа.

Ийн нэгхэн өдрийн дотор нэг том тогтоолын төслийг баталж гаргалаа. УИХ-ын Үдээс хойшхи чуулган үргэлжилж байна. Чуулганаар Цагаан суваргын ордын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох тухай УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцэж эхлээд байна. Засгийн газраас оруулж төслөөр тус ордод төр 34 хувь эзэмшихээр заагаад байгаа юм.

Эх сурвалж: www.mminfo.mn

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.