НИЙГЭМ — 04 August 2020
Үйлчилгээний байгууллагууд халдвар хамгааллын дэглэмийг “халтуурдаж” байна
Түгээх

Монгол Улс урд хөршид халдвар тархаж эхлэхэд л хилээ хааж, дотооддоо хөл хорио тогтоосноор дэлхий нийтийг цочроогоод буй цар тахлыг дотооддоо алдаагүй цөөн улсын нэг болсон. Тийм ч учраас эдийн засгийн хүндрэлийг бууруулах, олон сарын хөл хорионд туйлдсан хувийн хэвшлийн үйл ажиллагааг дэмжих зорилгоор УОК үйлчилгээний байгууллагуудын үйл ажиллагааг үе шаттайгаар нээхээр шийдвэрлэсэн. Эрүүл мэндийн яам иргэд олон нийт, төрийн болон хувийн хэвшлийн аль ч байгууллагуудыг халдвар хамгааллын дэглэмийг хатуу мөрдөн ажиллахыг шаардаж байгаа. Гэтэл хамгийн их хүн цуглардаг, бөөгнөрөл үүсдэг кинотеатрууд халдвар хамгааллын дэглэмийг “халтуурдаж” байна. 
Кинотеатруудын үүдээр ороход халуун хэмжиж амны хаалт зүүхийг шаардаж зүүгээгүй иргэдэд нэг удаагийн амны хаалт өгч байгаа боловч орсон хойно иргэдэд тавих хяналт сул байлаа. Иргэд амны хаалтаа орсон даруйдаа авах, буруу зүүх, олноор бөөгнөрч суух, зай барихгүй байх зэргээр коронавирусын халдвараас сэргийлэх зөвлөмжийг мөрдөхгүй байв. Хүлээлгийн сандал дээр тухайн суудалд суухыг хориглосон наалт, тэмдэглэгээ байгаа ч үл тоон бие биедээ наалдан суусан харагдана. Үүнд шаардлага хяналтын ажилтан хэрэгтэй байгаа нь харагдаж байсан юм. 
Цаашлаад үзвэрийн билет захиалах, амттан худалдааны хэсэгт зай барих дүрэм үйлчилсэнгүй. Амны хаалт зүүхээс гадна хамгийн чухал үр дүнтэй дэглэм бол хүн хоорондын зайг барих гэдгийг хөл хорио тогтоосон цагаас онцолж ирсэн. Зай барих дэглэмийг заавал мөрдүүлэхийг эрүүл мэндийг сахин хамгаалагчид хэдэн сарын турш шаардаж байгаа боловч кинотеатр дотор дагаж мөрдөн байгаа хүн ховорхон байгаа нь харамсалтай. Эгнээ хоорондын зай аль аль талаасаа 1.5-2 метр байх ёстой боловч зай барих тэмдэглэгээг буруу наасан байв. Энэ мэтчилэн чанд мөрдөх ёстой дэглэмийг арай л сул биелүүлж байна. Кинотеатруудад эцэг эхтэйгээ хамт яваа хүүхдүүд олон байсан юм. Эцэг эхчүүд аюулт вирусээс хүүхдээ хамгаалан хүн ихээр цугласан газраар дагуулж явахгүй байхыг эрүүл мэндийн яамнаас зөвлөсөн ч дагаж мөрдөхгүй байгаа нь харагдлаа. Кинотеатрын үйлчилгээний ажилтан “Коронавирусын тархалтаас сэргийлэх, эрүүл мэндийн яамнаас өгсөн заавар зөвлөмжийн дагуу ариутгал халдваргүйжүүлэлт хийж ажиллаж байгаа. Гэхдээ зарим иргэд шаардлагыг дагаж мөрдөхгүй байна” гэсэн юм.
 Үзвэр эхлэхээс хэдхэн минутын өмнө хүмүүсийг нэгэн зэрэг оруулснаар тасалбар таслуулахад бөөгнөрөл үүсэв. Үйлчилгээний ажилтан хүнтэй 1.5-2 метрийн зайнаас харьцах ёстой боловч бужигнасан олон дунд тэр дүрэм мартагдлаа. Ороход ч, гарахад ч бөөгнөрсөн хүмүүс. Танхим дотор хоёр суудалд үйлчлүүлэгчид суугаад дараагийн хүмүүс хоёр суудлын зайтай байхаар зөв зохион байгуулан суулгажээ. Гэсэн хэдий ч дүрэм журмыг дагадаггүй хэсэг хүмүүс гурав дөрвөөрөө суусан харагдана. Үүнд шаардлага тавьж байгаа ажилтан алга. Кино дуусаад танхимаас гарах хэсэгт мөн л бөөгнөрөл үүсч байлаа. 
 Энэ талаар иргэн Б.Энх-Амгалан “Үүдээр ороход халуун шалгаж, маск зүүхийг шаардаж байсан хэрнээ дотроо бужигнасан, зай барьсан юм байхгүй байна. Гадаа зааланд бөөгнөрч сууж байснаа танхим дотор ороод зай барих нь ямар ч үр дүнгүй л санагдаж байна” гэв. 
Үзвэр үйлчилгээний газрууд эрх бүхий байгууллагаас баталсан шийдвэр, хорио цээр, хөдөлгөөний болон цагийн хязгаарлалтын дэглэм, заавар, журам, шаардлага, сэрэмжлүүлэг, анхааруулга, зөвлөмжийг сахин биелүүлэх үүрэгтэй гэж заасан. Энэ үүргийнхээ дагуу халдвар хамгааллын дэглэмийг дагаж мөрдөж байгаа бол “халтуурдахгүйгээр” дагасан шиг дагаж биелүүлсэн шиг биелүүлмээр байна.   

Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин


Түгээх

Холбоотой мэдээ

(0) Сэтгэгдэл

Leave a Reply

Your email address will not be published.