Түгээх

Улс төрд эргэн ирснээ тунхаглаж, МАХН хэмээх нэрийг эзэмшилдээ авч чадсан Н.Энхбаяр хуулийн байгууллагад шалгагдаж, төмөр торны цаана саатуулагдах боллоо.

Одоогоор түүнийг хэдий болтол цагдан сэргийлэх нь тодорхойгүй. Гагцхүү экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр мэдүүлэг өгөхөөс татгалзсанаас харвал асуудал нэлээд сунжрах нь тодорхой болоод байна. Хэрвээ асуудал сунжирвал МАХН-ыг хэн жолоодож сонгуульд оролцох вэ гэх марафон тус намд цухалзаад эхэлжээ.

Сонгуулийн сурталчилгаа эхлэхэд хэдхэн хоног үлдээд байна. Энэ үед тус намын нэгдсэн зохион байгуулалтад оруулж, удирдан чиглүүлэх хүн зайлшгүй шаардлагатай. Хэрэв МАХН-ынхны мэдэгдэлдээ дурьдсанчлан “Н.Энхбаярыг 2012 оны УИХ-ын сонгуульд, улмаар 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуульд оруулахгүйн тулд эрх баригч намууд, 2013 онд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших хүмүүс хүчтэй өрсөлдөгчөө хэлмэгдүүлэн зайлуулах зорилгоор хийсэн улс төрийн сэдэлтэй хэлмэгдүүлэлт” хэмээн үзвэл Н.Энхбаярыг сонгуулиас өмнө “суллахгүй” нь тодорхой. Иймээс дараагийн арга замаа эрэлхийлэхээс өөр сонголт тус намынханд үлдсэнгүй.

Хамгийн боломжит хувилбараар намын Ерөнхий нарийн бичгийн дарга Н.Удвалыг тодруулах хүн цөөнгүй. Үнэхээр ч өнөөгийн МАХН-д үзээд өгье гэсэн ч Н.Удвалаас өөр энэ намыг хөтлөөд явах хүн алга.

Нэгэн үе Монголын гэр бүлүүдийн сайн сайхны төлөө дуугарч явсан эл бүсгүй хуучнаар МАХН-д Ёс зүйн дэд хорооны даргаар ажиллаж байсан билээ. Хэл ам хэрүүл шуугиан дүүрэн болсон XXV их хурлаас нам шинэчлэгдэж байгаагийн илрэл хэмээн Ёс зүйн хороо байгуулан нууц санал хураалтаар долоон хүнийг гишүүн болгон батламжилж, даргаар нь “Жигүүрийн” Н.Удвалыг сонгож байлаа.

Харамсалтай нь Н.Энхбаяр сонгуульд ялагдаж, тухайн үед түүнийг Н.Удвалаас өөр аргадаж, тайтгаруулах хүн байсангүй. Эр хүний 13 мэхний нэгээ ашиглан байж өрөвч, зөөлөн сэтгэлтэй эмэгтэйг өөрөөсөө салгахгүй байхаа Намбарын хүү яахан мэдэхгүй байх билээ. Ингэж л элдвээрээ хэлүүлэн байж, Н.Энхбаярыг дагасан жамтай. Өнөөдөр ч эксд гэргийгээс нь ч илүү үнэнч гэдгээ харуулан тэмцэлдэж буй зоригтон.

Бүсгүй хүн, цагаан зээр хоёр нутаггүй гэгчээр энэ намаас гарч нөгөө намд орохыг алийг тэр гэх вэ. Гагцхүү энэ бол урвалт биш гэдгийг тэрбээр алхам тутамдаа сануулж явсан. Үнэндээ ч хуучин намдаа байсан бол генсек болох хувь тохиол түүнийг тойрох байлаа. Түүгээрээ ч бахархдаг тухайгаа нууж байсан удаагүй.

Өөрийн гэсэн өвөрмөц онцлогтой улстөрч бүсгүйн өнөөгийн МАХН-д байгуулсан гавьяа их бий. Харамсалтай нь, энэ бүхэн нь түүнийг намын дарга болоход хангалттай биш хэмээн М.Энхсайхан, Б.Жаргалсайхан нар үзэж байгаа аж. Тэд генсек хатагтайд найр тавин вино задалсан хэдий ч өөрсдөө хөнтөрчихөөд лонхыг нь дурсгачихаад гараад явчихаж мэдэхээр болоод байгаа гэнэ.

Н.Энхбаяр тойргийн гаднах жижиг намууд, иргэний хөдөлгөөнийхний өөртөө нэгтгэн, зангидаж чадсан. Үүнд нь Н.Удвал авхайн гавьяа ч чамгүй бийг тодотгох хэрэгтэй биз. Тэр дундаа М.Энхсайхантай гар барин, хуурай ах дүүсийн тангараг өргөсөн ч гэж хэлж болно. Тэд сонгуульд хамтдаа оролцож, бялуугаа ч тэнцүү хуваана. Ийм тохироо хийсэн атал нөхцөл байдал өөрчлөгдөж, бүсгүй хүн тэднийг чиглүүлж мэдэхээр болоод байгаа тул ихэд бухимдах болсон гэнэ. Гэхдээ тэдэнд энэ намын дарга болох эрх бий гэж үү. Бас л бодууштай асуудлын нэг.

Ц.Шинэбаяр, Л.Молор-Эрдэнэ, Ю.Атар нарыг гарахад “Манайх ганц, хоёр хүнээр хотойхгүй” хэмээн хэлээд сууж байсан шигээ авхай тэдэнд ч муухай зан гаргаж мэдэх л талтай. Гэхдээ хуулийн байгууллагаас Н.Удвалыг ойр ойрхон дуудаж мэдүүлэг авах болсон нь учиртай талаар бор шувуу жиргэх боллоо.


Түгээх

Холбоотой мэдээ

(1) Сэтгэгдэл

  1. uihyihijuijhuiuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuuu

Leave a Reply

Your email address will not be published.