Хараат бус бие даасан “Сантмарал” сан Монгол орны нийгэм эдийн засгийн байдлын талаар ээлжит судалгаагаа хийжээ. Энэ удаагийн судалгаа нь 2012 оны 3 сарын 16-наас 4-р сарын 14-ний өдрийн хоорондох үеийг хамарч байна. Харин түүврийн хувьд Улаанбаатар хот болон 21 аймгийн 5020 иргэнийг хамруулжээ. Ингээд тайлбараа орхиж, судалгааны дүнд анализ хийе.
“Сантмарал” сангийн судалгааны хамгийн амттай бөгөөд сонирхолтой асуулт нь шилдэг улс төрчдийг нэрлэхэд чиглэгддэг. Энэ удаагийн улс эх орны хэмжээний шилдэг улс төрчдийн жагсаалтыг МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар 25.8 хувиар тэргүүлжээ. Түүний араас “аавынд” морилсон Н.Энхбаяр 17.3 хувь, ерөнхийлөгч Ц.Элбэгдорж 14.7 хувь, ерөнхий сайд С.Батболд 12.4 хувь, УИХ-ын гишүүн С.Оюун 8.5 хувь, ерөнхийлөгч асан Н.Багабанди 7.6 хувь, УИХ-ын гишүүн Х.Баттулга 7.3 хувь, З.Алтай 6.9 хувь, С.Баяр 6.8 хувь, БНН-ын дарга Б.Жаргалсайхан 5.3 хувиар эхний арван байрыг эзэлжээ. Энэхүү судалгааг хийх үед МҮЭХ-ны ерөнхийлөгч С.Ганбаатар багш нарын цалин хөлсийг нэмэгдүүлэх, гурван талтын хэлэлцээр хийлгэх зэргээр манаргаж явсан учраас ард түмний нүдэн дээр ил байжээ. Түүнээс биш Монголын шилдэг улс төрчдийг С.Ганбаатар тасарч тэргүүлнэ гэдэг инээдэмтэй хэрэг болно. Харин Н.Энхбаяр хоёрдугаарт жагсах шалтгаан бий. Учир нь түүнийг 4-р сарын 13-ны өдөр Төв аймгийн урьдчилан хориход саатуулсан. Судалгаа дуусахаас нэг хоногийн өмнө гэсэн үг. Өөрөөр хэлбэл судалгааны сүүлийн өдрийн оролцогчид гарцаагүй түүнийг дугуйлсан учир хоёрдугаарт жагсах үндэслэл болсон байж мэднэ.
Харин УИХ-ын гишүүн Х.Баттулга анх удаа эхний 10-т багтсанаараа анхаарал татаж байна. Тэр шилдэгүүдийн 7 дугаарт бичигджээ. УИХ-ын гишүүн Х.Баттулга яг энэ судалгаа хийх хугацаанд Засгийн газрын дөрвөн сайдыг АТГ, болон прокурорт өгч “гэрэлд гарч” шударга улс төрчийн дүрээр гялтайж байсан юм. Энэхүү “гэрэлд гарах” үе нь судалгаа хийх хугацаатай давхцсан учраас ингэж дээгүүр цахилсан байх үндэслэлтэй. Бусад улс төрчдийн хувьд эргэлзэж гайхаад байх юм алга. Жижүүрийн гэдэг шиг судалгаа бүрт л эхний аравт эргэлддэг хүмүүс байна.
Магадгүй сонгуулийн өмнө хийгдэж байгаа энэхүү томоохон судалгаанаас нэг онцгой зүйл харагдаж байна. Энэ нь АН-аас Х.Баттулгаас өөр хүн шилдэг 10-т багтаагүй явдал юм. АН-ын дарга Н.Алтанхуягийг сураг ч алга. Гэтэл МАН-ын дарга С.Батболд дөрөвт эрэмбэлэгджээ. Тэр ч бүү хэл энэ намаас Н.Багабанди, С.Баяр гээд ах нар шилдэгүүдэд орж. АН-аас байдаггүй. Сонирхолтой нь шилдэгүүдэд С.Ганбаатар, Н.Энхбаяр, С.Оюун, З.Алтай, Б.Жаргалсайхан гээд гуравдахь хүчний орон зайг төлөөлж байгаа таван эрхэм шилдэг аравын 50 хувийг эзэлж байна. Ирэх сонгуульд гурав дахь хүчний орон зай байгааг өгүүлсэн хэрэг юм. Манай сонгуулийн хууль ч тэдэнд боломж олгож байгааг бас дурдъя.
“Сантмарал” сангийн уламжлалт асуулт болох “Хэрвээ маргааш УИХ-ын сонгууль болвол та аль намын төлөө саналаа өгөх вэ?” гэдэгт судалгаанд оролцогчдын 33.4 хувь нь АН-ын төлөө, 31.9 хувь нь МАН-ын төлөө, 12.1 хувь нь МАХН-МҮАН-ын холбоонд, 3.7 хувь нь ИЗ-НН-д, 1.0 хувь нь БНН-д, 15.4 хувь нь бие даагчидад өгнө гэжээ. МАН болон АН-ын хувьд рейтинг бараг л ойролцоо, аваатай өгөөтэй гэсэн үг. 1.5 хувийн зөрөө гэдэг бол зөрөөгүйтэй адилхан. Хөдөөгийн сонгогчдын олонхи нь МАН-д итгэлээ өгч уламжлалаа хадгална гэдгээ ч илэрхийлжээ. Тэгэхээр хөдөөд МАН бас л олонхи болох дүр зураг харагдаж байна. Харин МАХН-МҮАН-ын эвсэл 12.1 хувьтай байна гэдэг бол өндөр үзүүлэлт билээ. Тэгэхээр сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар ойлгомжтой гэж уншигдаж байна.
Мөн судалгаагаар “Таны бодлоор сонгуулийн өмнө хамтарсан Засгийн газрыг тараах нь зөв байсан уу, буруу байсан уу?” гэдэг асуултанд 44.0 хувь нь буруу гэсэн бол дөнгөж 23.6 хувь нь зөв гэжээ. Энэ нь АН-ын алдаатай шийдвэрийг харууллаа. Мөн МАН-д нэмэх оноо нээгдсэнийг улс төр гадарладаг хүмүүс яриад байгаа нь батлагдлаа.
Өөр нэг сонирхолтой асуудал байгаа нь УИХ-ын сонгуульд эрэгтэй, эмэгтэй хоёр нэр дэвшигчийн алийг нь дэмжих вэ гэхэд олон нийт 50.5 хувь нь эмэгтэйг нь гэжээ. Мөн одоогийн УИХ-ын гишүүдийн олонхийг нь солих ёстой гэдэг дээр судалгаанд оролцогчид санал нэгджээ. Эндээс авч үзвэл эмэгтэйчүүдэд олон нийт итгэл өгөх магдалтайгаас гадна шинэ залууст боломж байгааг харууллаа.
Судалгаанд оролцогчдын дийлэнхи нь буюу 69.4 хувь нь сонгуулийн хувьсгал хийх цаг болсныг сануулжээ. Тэгсэн мөртлөө шинээр батлагдсан УИХ-ын сонгуулийн хуулийг эрхэм гишүүд ашиг сонирхолдоо нийцүүлсэн гэж 44.3 хувь нь үзсэн бол дөнгөж 5.4 хувь нь ард түмний эрх ашигт тааруулсан гэжээ. Энэ мэт ойлгомжгүй, зөрчилтэй зүйлүүд ч “Сантмарал”-ын судалгаанаас ажиглагдаж байна.
Уг судалгаагаар өнөөгийн улс төрийн байдалд олгархийн бүлэглэлүүдэд дэндүү их эрх мэдлийг оногдуулж байна, хүнд суртал, авлигал хээл хахууль жирийн иргэдэд дийлдэгдэхгүй болсон, УИХ-ын гишүүд намуудын удирдлагууд сонгогчидоосоо дэндүү их хөндийрсөн, баян хоосны ялгарал нь үймээний эх үүсвэр болно зэрэг анхаарал татсан асуудлууд ч уншигдаж байна.