Түгээх

Цоохор цэрэг хэмээх марзан тодотгол улс төрийн хүрээнд сонсогдох болсон. Гурав дахь хүчин гэгддэг намууд Н.Энхбаярын МАХН-ыг бараадан хаяа хатгасан нь энэхүү цоохор цэргийн үндэс болсон гэх.

Н.Энхбаярын МАХН, М.Энх­сайханы МҮАН, Л.Эрдэнэ­туулын МоАХН зэрэг таван нам дээвэр нэгтгэн, улс төрийн холбоог байгуулсан нь Монголын улс төрийн амьдралд гарсан бас нэгэн өөрчлөлт байлаа. Хэдийгээр эвсэн нэгдэхийг чухалчилсан нь сайн хэрэг боловч уг холбоонд голдуу дуураймал нэртэй улс төрийн хүчнүүд нэгдсэн нь тийм ч таатай сэтгэгдлийг олон нийтэд төрүүлээгүй.

Тиймээс ч цоохор цэрэг хэмээн цоллосон удаатай. Гэтэл экс Ерөнхийлөгч буюу улс төрийн хүрээнийхний “хочилсноор” цоохор цэргийн жанжин Н.Энхбаяр хоригдсон явдал Улс төрийн холбооныхны хэврэг нэгдэлд “хээ хуар” авчрав.

Сонгуульд оролцохдоо УИХ-ын 76 мандатыг, тэр дундаа гардан байлдааны 50 суудлыг хэрхэн хуваах тал дээр Улс төрийн холбоонд багтсан намууд анхнаасаа санал нэгдэж чадаагүй. БНН-ын Б.Жаргалсайханаас эхлээд оногдсон тойргоо голж, орой өглөөгүй заргалдсан түүхтэй. Тэдний энэ ашиг сонирхлын зөрчил дээр давс үрсэн бас нэгэн асуудал босч ирсэн нь цоохор цэргийн жанжны суудал эзгүйрсэн явдал юм.

УИХ-ын сонгуульд туг өргөх жанжингүй орох нь утгагүй. Тиймээс ч Н.Энхбаярын орны хүн буюу үүрэг гүйцэтгэгчийг цаг алдалгүй томилох нь зөв гэж таван намын төлөөлөл санал нэгдсэн тухай мэдээ бий. Үнэн хэрэгтээ эрээн цоохор багтай энэхүү таван намыг хураан зангидаж байсан хүн нь Н.Энхбаяр. Улс төрийн холбоонд нэгдсэн М.Энхсайхан, Б.Жаргалсайхан, Л.Эрдэнэтуул, Б.Цогтгэрэл нарын хэн нь ч Н.Энхбаярын өөдөөс үг хэлж өрвөлзөхгүйгээ мэднэ. Харин Н.Энхбаярын эзгүйд тэдний хэн хэн нь өөр өөрийн намдаа “том гарууд”. “Буян” Жагаа өөрийн гэсэн цөөн боловч шүтэн бишрэгчтэй. М.Энхсайхан байр суурийг нь үнэлдэг басаж болохгүй дагалдан баясагчидтай. Л.Эрдэнэтуул ч бас эмэгтэйчүүд голдуу дэмжлэг өндөртэй. Б.Цогтгэрэл хаана ч гандан буурдаггүй, гараа өргөдөггүй цочмог нэгэн. Энэ мэтээр шинжээд байвал дарга нь захирч, цэрэг нь дагадаг зарчим эл таван намын таван Богдод хамаагүй мэт.

Одоогийн байдлаар ерөнхий зохион байгуулалтыг Н.Удвал хатагтай атгаж байгаа гэсэн сураг бий. МАХН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын хувьд түүний хүлээх ёстой үүрэг. Гэвч М.Энхсайхан, Б.Жаргалсайхан нарын улс төрд долоо шархадсан хашир чононууд байтугай онолч Л.Эрдэнэтуул ч хатагтай Н.Удвалыг толгой дээрээ алхуулахгүй нь мэдээж. Ийнхүү сүүлийн хэд хоногт цоохор цэргийн эв нэгдэл сарних тийшээ хандаж, Н.Энхбаярыг өөр өөрийнхөөрөө улс төрийн бөмбөг болгон ашиглах хандлага цухалзах болжээ. Бузгай сайн сургуулилалт хийж, будаалганы гол дүрд тоглох гэсэн тэдний оролдлого цоохор цэргийн жанжны цол хэргэм рүү чиглэх болов. Улс төрийн холбоог цаашдаа хэн удирдах вэ гэсэн асуулт Э.Батшугарыг ч тойрсонгүй. О.Цолмонгийн илэрхий санаачилгаар Э.Батшугар аавыхаа байгуулсан холбоог үе залгамжлан удирдах магадлал өндөр байгаа гэнэ. Америкт сургууль төгссөн, Монголын улс төрийн талаар ямар ч ойлголтгүй, нас залуу түүний удирдлагад ажиллахыг Б.Цогтгэрэлээс эхлээд амбицтай, архирах дуутай зарим нөхөд сэмхэн эсэргүүцэж байгаа сурагтай. Эл таван  намыг нэгтгэн удирдах  боломжтой хүн бол М.Энхсайхан. Гэвч түүнд Б.Жаргалсайхан удирдуулах уу.

Э.Батшугар аавынхаа суудлыг залгамжилбал Л.Эрдэнэтуулаас эхлээд “салаавч өгч”, санаснаараа хашгирах энүүхэнд. Н.Удвал ч бас хол давхихгүй цуцаж, бяртай, ааштай эрчүүдийнхээ сүрд дарагдах болжээ.

Засгийн газар удирдаж, УИХ-д хууль баталж явсан М.Энхсайхан цоохор цэргийн жанжин болоход тохирох хэдий ч одоохондоо нуувчнаасаа цухуйхыг хүсэхгүй байгаа сурагтай. Ийнхүү таван намын таван Богд санаа чилээрхүү, сэтгэл чимхлүүр байна. Н.Энхбаярын баримталж ирсэн бас нэгэн байр суурь тэднийг толгой гэдгэр, том загнахад хүргэж буй бололтой.

МАН-аас далласан газар нь гүйгээд гараад ирэх хэдэн гишүүн авчирч, бусдынхаа хандыг хага даруулах хандлага үе үе цухуйлган сүрдүүлж, баашилж байгаад унаган намтайгаа жолоо нэгтгэх хоёрдмол горьдлого агуулж явсныг нь гадарлахын хувьд Улс төрийн холбооныхон Н.Энхбаярын эзгүйд уяа нь суларсан мэт аашлах болсон гэх. Үнэхээр Н.Энхбаяр Улс төрийн холбоогоор дуртай цагтаа сор залахаас буцахааргүй алхмуудыг МАН-ын барьцааны хэдэн гишүүнээрээ дамжуулан хийсэн байдаг. Лам олдохгүй бол буцахдаа зална гэгчээр арга ядсан үед ард урдаа бараатай байхын тулд тэрбээр уг холбоог санаачлан байгуулсан. Улс төрийн том хүчнүүдийн аль нэг нь МАХН-ыг тоож “нүд ирмэх” төдийд холбоогоо золиосолж орхиод хол зугтахад бэлэн байсан билээ.  Харамсалтай нь иймэрхүү дурлал түүнд тохиосонгүй. Н.Энхбаярын холыг хараачилж, алсыг мөрөөдөн суусныг мэдэхийн хувьд О.Цолмон цоохор цэргийн өнөөгийн командад тийм ч сэтгэл хангалуун байдаггүй. Энэ мэтээр цоохор цэргийн дунд цоохор толбо үүсч эхлэв. Сонгууль дөхөж байхад жанжингүй Улс төрийн холбоог орхиод амь амиа бодож, бор гэртээ богд, хар гэртээ хаан явахыг илүүд үзэх байдал Б.Жаргалсайхан, Л.Эрдэнэтуул нараас цухалзах болжээ.

Энэ бүхнээс харахад цоохор цэрэг тарж ч магадгүй нь. Монголын улс төрийн нэгэн цагийн завсрын өнгө, задарсан жанжныхаа золиос ч болж мэдэх цоохор цэрэг тарлаа гээд юу өөрчлөгдөх вэ. Бэлийн чулуу өнхрөхөд уулсын оргилд чимээ ч үгүй, чичиргээ ч үгүй гэдэг сэн. Гэвч эвсэн нэгдэх гэсэн сэтгэл нь сайхан юм даа.

Р.ЭМҮЖИН
Эх сурвалж: “ӨДРИЙН ШУУДАН” сонин


Түгээх

Холбоотой мэдээ

(1) Сэтгэгдэл

  1. ene Emujin gedeg hudaldagdsan bool man iin nohoi xa xa chamaig mednee

Leave a Reply

Your email address will not be published.